Ясны хугарал
Гадны нөлөөллөөс эсвэл ясны эмгэг бүтцийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагдаж гэмтэхийг ясны хугарал гэнэ.
Ясны хугарал нь ил болон далд гэсэн хэлбэртэй байна.
- Ил хугарал: Яс хугарч, хугарсан ясны үзүүрүүд нь арьсыг нэвт цоолон ил гарч харагдахыг хэлнэ
- Далд хугарал: Хүчтэй доргилт битүү гэмтлийн улмаас арьсанд шарх үүсэлгүйгээр яс хугарахыг хэлнэ. Энэ үед арьс улайж хавдсан, өвдөлт ихтэй байдаг.
Хугарсан байдлаар нь:
- Зөрөөтэй: Хугарсан ясны үзүүрүүд зөрсөн байх ба ихэвчлэн ил хугарлууд байдаг.
- Зөрөөгүй: Хугарлын үзүүрүүд зөрөлгүйгээр нэг түвшинд байхыг хэлнэ. Голдуу далд хугарал байдаг.
ШИНЖ ТЭМДЭГ
- Хугарсан хэсгээр өвдөнө
- Хугарсан ясны хэлбэр алдагдана
- Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө
- Тэр хэсгийн арьс халуу оргино
- Хөдөлгөөн хязгаарлагдана
- Барихад ясны хавирах мэдэгдэх эсвэл сонсогдоно
- Тухайн хэсгийн үйл ажиллагаа алдагдана
АНХНЫ ТУСЛАМЖ
Ямар ч хэлбэрийн хугарлын үед хугарсан ясанд чиг тавьж боох ёстой.
- Ил хугарлын үед
- Гараа угаа
- Цус гарч байвал цусыг тогтоо
- Шархан дээр цэвэр жийргэвч тавь
- Боолт хийх хэрэгтэй
- Хугарсан ясанд чиг тавьж боох хэрэгтэй
- Хугарсан ясны үеийг хөдөлгөөнгүй болгон, хатуу биет дээр хэвтүүлэн тээвэрлэхэд бэлдэнэ
- Далд хугарлын үед
- Биед ил шарх байгаа эсэхийг шалга
- Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгон чиг тавьж боох хэрэгтэй
Чиг тавих заавар
- Хугарсан хэсэг хувцастай бол хувцасных нь гадуур чиг тавина.
- Чигийг хугарсан яснаас дээш доош нэг үеийг хамруулж тавина.
- Чиг нь гулзайж мурийхааргүй хатуу бат бөх зүйл байна.
- Арьс зөөлөн эдийг холгуулахгүйн тулд дотор нь даавуун эсвэл хөвөн (байхгүй бол гар доорх материалаа ашигла. Жишээ нь:ноос ноолууран цамц, ороолт..,) жийргэвч хийнэ.
- Чигийг тавьж боох бөгөөд боолтны чанга сулыг тохируулан боох хэрэгтэй.