Таталт
Тархин дах мэдрэлийн эсийн үйл ажиллагаа доголдож таталт өгөн тодорхой хугацаанд хэвийн бус үйлдэл хийх, заримдаа ухаан алдан унах төв мэдрэлийн системийн өвчин юм . Таталтын шинж тэмдэг янз бүр байх бөгөөд зарим хүмүүс таталт өгсөн үед зүгээр л нэг зүйлрүү ширтдэг бол зарим тохиолдолд гар хөлөө хэмнэлтэйгээр хөдөлгөдөг.
Хөнгөн хэмжээний таталт өгдөг байсан ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь жолоо барих, усанд сэлэх гэх зэрэг эгзэгтэй үед таталт өгвөл аюултай нөхцөл үүснэ.
Шалтгаан
Дараах шалтгаануудын улмаас таталт үүссэн байж болно. Үүнд:
- Удамшлын шалтгаан
- Толгойн гэмтэл – Ямар нэгэн ослын шалтгаанаас толгойгоо гэмтээсэн бол таталт өгдөг болж болно.
- Тархины гэмтэл – Тархины цус харвалт, тархины хавдар зэрэг өвчний улмаас таталт өгч болно. Цус харвалт нь ихэвчлэн 35-с дээш насны хүнд ажиглагддаг.
- Халдварт өвчин – Менингит, ХДХВ болон бусад вирусийн гаралтай халдвар авсан байх
- Аутизм – Аутизмтай хүн таталт өгөх тохиолдол элбэг байдаг.
Дараах нөхцөлүүд нь таталт өгөх өвчин тусах магадлалыг нэмэгдүүлнэ.
- Нас – Бага насны хүүхэд эсвэл 60-с дээш насны хүмүүс таталт өгөх магадлал өндөр байна.
- Удамшил – Гэр бүлд тань татах өвчтэй хүн байдаг бол
- Толгойн гэмтэл авсан бол
- Цус харваж байсан эсвэл зүрх судасны өвчтэй бол
- Зөнөх өвчтэй бол
- Менингит зэрэг тархи, сээр нуруунд үрэвсэл үүсгэдэг өвчтэй бол татах магадлал нэмэгддэг.
Шинж тэмдэг
Тархины эсийн хэвийн бус ажиллагаанаас үүдэн таталт өгдөг тул зарим зан үйлийн хэвийн бус байдал ажиглагддаг. Үүнд:
- Хэсэг хугацааны оюуны саатал
- Нэг зүйлрүү удаан гөлрөх
- Гар хөл хэмнэлтэйгээр хөдлөх, зогсоож болохгүй байх
- Ухаан алдах
- Сэтгэцэд өөрчлөлт орох зэрэг орно.
Таталтын төрлөөс хамааран шинж тэмдгүүд өөр өөр байдаг бөгөөд хүн бүрт таталтын хугацаа өөр өөр байдаг. Тархины хэвийн бус байдлаас хамааран нэг цэгийн болон ерөнхий таталт гэж хоёр ангилна.
Нэг цэгийн таталт
Тархины зөвхөн нэг хэсэгт хэвийн бус үйл ажиллагаа үүссэнээс үүдэх таталтыг нэг цэгийн таталт гэдэг. Энэ төрлийн таталтыг мөн хоёр бүлэгт ангилна.
- Энгийн нэг цэгийн таталт буюу ухаан алдалтгүй таталт – Энэ төрлийн таталт нь ухаан алдахгүй боловч юмыг сонсох, харах, үнэрлэх чадварыг өөрчилдөг. Гар хөл татах нь энэ ангилалд багтана.
- Хүнд хэлбэрийн таталт буюу ухаан алдалттай таталт – Энэ төрлийн таталт нь оюун ухааны гэнэтийн сааталд орж нэг газраа тойрч эргэлдэх, өөрийн мэдэлгүй шүлсээ залгих зэрэг хөдөлгөөн хийхэд хүргэх ба эргэн тойрныг огт анхаарахгүй, хүний хэлснийг сонсох чадваргүй болдог. Мөн ухаан алдаж унах нь энэ ангилалд багтана.
Нэг цэгийн таталт нь бусад мэдрэлийн өвчинтэй төстэй шинж тэмдэгтэй тул андуурагдах магадлалтай байдаг.
Ерөнхий таталт
Тархийг нийтэд нь хамарч таталт өгөхөд хүргэсэн бол ерөнхий таталт гэнэ. Энэ төрлийн таталтыг зургаан хэсэгт ангилдаг.
- Хөдөлгөөнгүй таталт – Нэг зүйлрүү удаан ширтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
- Булчингийн таталт – Булчин хөших шинж тэмдэг илэрнэ. Ихэвчлэн нурууны булчин, хөл гарын булчин хөшиж газар унах зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
- Сульдах таталт – Гэнэт булчин хүчгүй болж ухаан алдахад хүргэнэ.
- Давтамжтай таталт – Гар, хөл, нүүрний булчин хэмнэлтэй татах үзэгдэл юм.
- Гэнэтийн таталт – Хөл, гар гэнэт хөдлөх таталт (давтамжгүй, гэнэт хөдлөх)
- Булчингийн давтамжтай таталт – Энэ төрлийн таталт нь хамгийн хүчтэй таталт юм. Гэнэт газар унаж, хөл гар нь таталдах шинж тэмдэг ажиглагдана.
Хэзээ эмчид хандах вэ?
Дараах тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөе.
- Таталт 5 минутаас дээш хугацаанд үргэлжлэх
- Таталт зогссон ч ухаан орохгүй байх, амьсгалахгүй байх
- Нэг таталтын дараа удалгүй дахин таталт өгөх
- Таталтын дараагаар өндөр халуурах
- Жирэмсэн бөгөөд таталт өгвөл
- Чихрийн шижинтэй бөгөөд таталт өгөх
- Таталтын үеэр өөрийгөө гэмтээх
Хүндрэл
Гэнэт татах өвчин хөдөлж бусдыг болон өөрийгөө гэмтээх үйлдэл хийх магадлалтай байдаг. Дараах хүндрэлүүд нь энэ мэтчилэн байдлаар үүсч болно.
- Гэмтэл авах – Таталт өгөх үеэр ухаан алдаж унаснаар толгойгоо болон биеийн бусад хэсгүүдээ гэмтээх аюултай.
- Живэх – Усанд сэлж байхдаа эсвэл ваннтай усанд хэвтэж байхдаа таталт өгвөл живж болно.
- Автомашины осол гаргах – Жолоо барих үедээ ухаан балартаж автомашины осол гаргах магадлал өндөр байдаг.
- Жирэмсний хүндрэлүүд – Жирэмслэлтийн үеэр таталт өгөх нь эх болон урагт сөрөг нөлөө үзүүлдэг.
- Сэтгэлзүйн тогтворгүй байдал – Таталт өгөх өвчтэй хүмүүс сэтгэл санааны хувьд айдастай, гутралд автах нь элбэг байна.
Зөвлөгөө
Хэрэв татах өвчтэй бол дараах байдлаар амьдралын хэв маягаа өөрчлөөрэй.
- Эмийн тунг хэтрүүлэлгүй, цаг хугацаанд нь уух
- Хангалттай унтах – Бага унтсанаас татаж эхлэх тохиолдол олон байдаг.
- Дасгал хийх – Дасгал хийх нь бие болон сэтгэлзүйн хувьд тогтвортой байхад тань тусална.
- Стрессд орохгүй байх – Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, сэтгэл зовоосон асуудлуудыг хурдан шийдвэрлэж байх
- Алкоголь хэрэглэхгүй байх зэрэг арга хэмжээг аваарай.
Хэн нэгэн татаж эхлэхэд авах яаралтай арга хэмжээ
- Өвчтөнийг нэг талруу нь харуулан хэвтүүлэх
- Толгой доор нь зөөлөн зүйл тавьж дэрлүүлэх
- Зангиа, цамцны товч зэрэг хоолой боосон зүйлсийг тайлах
- Аманд нь гараа хийхгүй байх, шингэн зүйл уулгах гэж оролдохгүй байх
- Татаж байгаа хүний хөдөлгөөнийг хүчээр хорихгүй байх
- Эргэн тойронд нь байгаа зүйлсийг холдуулах
- Эмнэлгийн тусламж ирэх хүртэл ажиглах зэрэг арга хэмжээг авна.
Оношилгоо
Таталтыг оношлоход цусны шинжилгээ, тархины үйл ажиллагаанд үзлэг хийх, компьютер томографийн шинжилгээ хийлгэх, MRI зураг авахуулах зэрэг арга хэмжээг авна.
Эмчилгээ
Энэ өвчинд ихэвчлэн эмэн эмчилгээ хийх бөгөөд хэрэв эмэн эмчилгээ үйлчлэхгүй эсвэл улам хүндэрсэн тохиолдолд хагалгаа хийх шийдвэр гаргаж болно.
Эмэн эмчилгээ
Таталтын эсрэг эм нь гаж нөлөө үзүүлэх тохиолдол элбэг байдаг. Үүнд:
- Ядарч сульдах
- Толгой эргэх
- Жин нэмэх
- Яс сийрэгжих
- Арьсанд тууралт гарах
- Тэнцвэргүй болох
- Мартаж санадаг болох зэрэг орно.
Эдгээр эмийн гаж нөлөө нь хөнгөн хэлбэртэй ажиглагдах боловч ховор тохиолдолд дараах хүнд хэлбэрийн гаж нөлөөнүүд илэрнэ. Үүнд:
- Сэтгэл санааны гүн хямралд орох
- Амиа хорлох сэдэл төрөх
- Арьсанд маш их хэмжээний тууралт гарах
- Дотор эрхтнүүдийг үрэвсүүлэх (Элэг г.м)
Хэрэв дээрх гаж нөлөө илэрч байвал эмэн эмчилгээг солих шаардлагатай гэж үздэг.