logo

Жирэмслэлт болон ажил эрхлэлт

alt text

ЖИРЭМСЛЭЛТИЙН ХУГАЦААНД АЖЛАА ХИЙЖ БОЛОХ УУ?

Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа болон та хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаггүй бол жирэмсний амралтаа авах хүртлээ ажлаа хийх боломжтой. Төрөлт дөхөхийн хэрээр амархан ядардаг болдог учраас биеэ зовоогүй байх нь чухал гэдгийг санаарай.
Хүүхэд төрсний дараагаар та маш завгүй болох учраас жирэмсний амралтаа цагт нь авч, өөртөө цаг зарцуулах боломжийг олго.

ЖИРЭМСЛЭЛТИЙН ХУГАЦААНД МЭРГЭЖЛИЙН ДҮР ТӨРХӨӨ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Жирэмслэлт мэдээж таны ажлын бүтээмжид нөлөөлнө. Жирэмслэлтийн эхний гурван сар болон сүүлийн 3 сард ядрах, бие тавгүйрхэх, төвлөрөхөд хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдгүүд түгээмэл байдаг. Харин жирэмслэлтийн дунд үед төвлөрөх чадвар болон эрч хүч өндөр байдаг.

Жирэмслэлт бол таны хувийн асуудал гэдгийг санаарай. Ялангуяа удирдлагууд тань таны энэ байдалд төдийлөн сэтгэл ханамжгүй байгаа бол ажил дээрээ жирэмслэлтийн талаар хэт их ярих болон гомдоллох хэрэггүй.

АЖИЛ ДЭЭР ЖИРЭМСНИЙ ХОРДЛОГОО ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн аль нэг хугацаанд хордлогын шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ жирэмсний хордлогын шинж тэмдэг илэрвэл эмчээсээ эдгээр шинж тэмдгүүдийг бууруулах аргуудын талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрвээ ойр ойрхон бөөлжих гээд байвал ажлын ширээнийхээ ойролцоо гялгар уут, алчуур, ам зайлагч бэлдэж тавих хэрэгтэй. Мөн ариун цэврийн өрөө рүү явах хамгийн дөт замыг тодорхойлоорой. Жирэмслэлтийн талаар удирдлага болон ажлынхандаа хэлэх болоогүй байгаа бол урьдчилж бодитой тайлбар олоорой.

Жирэмсний хордлогын шинж тэмдэг нь хүнд, үргэлжлэх хугацаа нь урт байвал төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө удирдлагадаа мэдэгдэх шаардлагатай болно. Жирэмсний хордлого 3 дахь сараас буурдаг учраас цаашид амралт авах хүртэл хугацаанд хэвийн ажиллах боломжтой, ажлаа цалгардуулахгүй байж чадна гэдгээ удирдлагадаа тайлбарлаж ойлгуулах нь чухал. 

АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРХЭН ТУХТАЙ БАЙХ ВЭ?

  • Завсарлагаа ав. Хэрвээ зогсоо ажил хийдэг бол ажлын дундуур завсарлага авч хөлөө дээш өргөж амраах, нааш цааш алхаж цусны эргэлтийг нь сайжруулж байх хэрэгтэй.
  • Хөдөлгөөнтэй бай. Суугаа ажил хийдэг бол 2 цаг тутамд босч алхах хэрэгтэй. Ингэснээр хөл, тавхай хавагнахаас сэргийлж, ажлаа хийхэд илүү тухтай байх болно. Мөн алхаж байх үедээ хөнгөн сунгалтын дасгах хийж нуруугаа хамгаалж байгаарай.
  • Эвтэйхэн хувцас өмс. Хөлд эвтэйхэн гутал, чөлөөтэй хувцас өмсөх хэрэгтэй. Жирэмсний тирко өмсөж хөл хавагнах, судас бүдүүрэхээс сэргийлээрэй.
  • Ус сайн уух. Ширээн дээрээ усны сав байршуулж, тогтмол дүүргэж ууж байх хэрэгтэй. Мөнх усны саваа дүүргэх, ариун цэврийн өрөө рүү орох гэж босох зуураа хөлөө хөдөлгөж, биеийн чилээгээ гаргах боломжийг олгоно.
  • Цагтаа хооллох. Тогтмол цагт хооллосноор жирэмсний хордлогын шинж тэмдгийг бууруулах, цусан дахь чихрийн хэмжээг тогтмол барихад тусалдаг. Аль болох шим тэжээлтэй, эрүүл хоол идэж, жирэмсний үеийн өтгөн хаталтыг багасгах зорилгоор эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн сайн хэрэглээрэй.
  • Олон давталтат үйлдлээс үүдэлтэй гэмтлээс урьдчилан сэргийлэх. Жирэмсэн эмэгтэйчүүдэд Бугуйн сувгийн хам шинж үүсэх эрсдэл өндөр байдаг. Дааврын нөлөөтэйгөөр биед шингэн хуримтлагдсанаас бугуйн сувагт үзүүлэх даралт нэмэгдэж, голчийн мэдрэлийг цочроох магадлал өндөр байдаг байна. Тиймээс компьютер дээр сууж байхдаа гараа тогтмол амрааж байх хэрэгтэй.
  • Ажлын байранд өөрчлөлт хийх хүсэлт гаргах. Таны суудаг хэсэг агааржуулалт муутай, суудал тань тухгүй байх зэрэг асуудал байвал ажил олгогчоосоо ширээний байрлал, сандал зэргийг солих хүсэлт гаргаарай.
  • Стрессийг бууруулах. Ажлаас үүдэлтэй стрессийг аль болох бага байлгах хэрэгтэй. Уурлаж бухимдсан үедээ цэвэрт агаар 5 минут алхах, дуртай дуугаа сонсох, амьсгалын дасгал хийх зэрэг байдлаар стрессээ удирдаж сураарай.
  • Боломж олдвол амар. Ажил дээрээ ачаалал ихтэй байдаг бол ажлын бус цагаар аль болох их амрах хэрэгтэй.
  • Хэт их ажиллах хэрэггүй. Жирэмсний хугацаанд аль болох илүү цагаар ажиллах хэрэггүй.

 

ЯМАР ТОХИОЛДОЛД АЖИЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Хэрвээ танд дараах жирэмсний хүндрэлүүд үүсвэл жирэмсний амралтаа хугацаанаас нь өмнө авах шаардлагатай.

  • Дутуу төрөх магадлалтай бол
  • Цусны даралт өндөртэй эсвэл манас таталтын урьтал үе тохиолдох эрсдэлтэй бол
  • Ихэс ховхролттой гэж оношлогдсон бол
  • Хүүхдийн хөгжил хэвийн бус явагдаж байгаа бол

 

ЖИРЭМСНИЙ АМРАЛТАА АВАХ ХУГАЦААНААС ӨМНӨ АЖЛАА ХИЙХ БОЛОМЖГҮЙ БОЛБОЛ ЯАХ ВЭ?

Таны биеийн байдлаас шалтгаалан 60 хоногоос эрт чөлөө авах шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэх бөгөөд хэрвээ нэг сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд ажил олгогч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таны жирэмсний эмнэлгийн хуудас авахаас өмнөх хугацааг таслахгүй байхаар зохицуулна.

Жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхийн тулд та жирэмсний амралт авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.

 
ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТУУД

  • Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. /Сахилга батын ноцтой зөрчил гаргаасан бол энэ заалтанд хамаарахгүй. Хэрэв жирэмсэн байх үед эсвэл хүүхдээ харж байх хугацаанд таныг ажлаас халсан бол шүүхэд нэхэмжлэх гаргах хэрэгтэй./
  • Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сар хүртэлх насны хүүхэдтэй эсвэл 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2 цагийн, 6 сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд 1 цагийн завсарлага нэмж олгоно. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.
  • Хүүхэд асрах чөлөө олгох. Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
  • Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах. Жирэмсэн эмэгтэй, 8 хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
  • Жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхийн ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх.Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Хэрэв өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.


Эх сурвалж: www.babycenter.mnwww.legalinfo.mn 

Дараа нь унших

news image
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдэд учирч болох хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байх хэрэгтэй. Бид танд жирэмсний үед түгээмэл тохиолддог 7 хүндрэлийн талаар мэдээлэл хүргэж байна. Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэ

news image
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал

БОДИТ ЭЭЖҮҮДИЙН БОДИТ ШИЙДЛҮҮД Жирэмсэн болсон гэдэг баярт мэдээг сонссоноос хойш нэг их удалгүй жирэмслэлттэй холбоотой асуудлууд нэг нэгээрээ таныг дагаж эхэлдэг. Ээжүүдийн бодит туршлага дээр суурилсан жирэмслэлтийн үеийн түгээмэл асуудлуудыг шийд

news image
Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай 8 зүйл

Кесар хагалгааны төрөлт сүүлийн 15 жилийн хугацаанд 60%-иар өссөн гэсэн тоо баримт бий. АНУ-д гэхэд нийт төрөлтийн 32,8% нь кесар хагалгааны төрөлт байдаг. Бид BeFitMom-ийн үүсгэн байгуулагч, жирэмсний өмнөх болон дараа үеийн фитнесийн мэргэжилтэн Хе