Хоолны хордлого
Хоолны хордлого нь бие даасан өвчин бус тодорхой шалтгааны улмаас аль нэг эрхтэн /хоол боловсруулах тогтолцооны/ хямрах тохиолдолд бий болох түр хугацааны эмгэг юм. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Хоолны хордлого нь бактери, нян вирус, шимэгчийн шалтгаантай үүснэ. Ариутгаагүй хоол хүнс, бохир гар, хоолны хэрэглэл зэргээр халдварлагддаг. Энэхүү эмгэгийг үүсгэгч түгээмэл шалтгаан нь норовирус, Салмонелл ба E.coli бактери, мөн тодорхой төрлийн шимэгч хорхой тооцогдоно.
Шалтгаан
Хүнсний бохирдол нь үйлдвэрлэлийн аль ч үед тохиолдох боломжтой: ургах, хураах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, бэлтгэх. Мөн хөндлөнгийн бохирдлоос ч үүдэн халдвар үүсдэг, энэ нь нэг гадаргуугаас нөгөө гадаргуу руу халдварлах тохиолдол юм. Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн ариутгаагүй, боловсруулаагүй, зориулалтын дагуу хадгалаагүй тохиолдолд нян, бактери үржих таатай нөхцөл болж өгдөг байна.
Эрсдэлтэй бүлэг
Өндөр настан: Нас нэмэх хэрээр хүний дархлаа сулардаг ба аливаа нэг халдварын эсрэг хариу үйлдэл үзүүлэх нь багасдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүд: Бие давхар үед бодисын солилцоо, цусны эргэлт өөрчлөгдөх зэрэг нь хоолны хордлого авсан тохиолдолд үүсч болох хүндрэлүүдийн эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай. Мөн зарим тохиолдолд урагт сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Нярай, бага насны хүүхдүүд: Тэдний дархлааны тогтолцоо бүрэн тогтоогүй байдаг учир аливаа халдварын эсрэг хариу үйлдэл үзүүлэх, хамгаалах боломжгүй байдаг.
Архаг хууч өвчтэй хүмүүс: Чихрийн шижин, элэгний эмгэг, ДОХ зэрэг архаг хууч өвчтэй тохиолдолд мөн хорт хавдрын эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд таны дархлааны тогтолцоо суларсан байдаг тул эрсдэлтэйд тооцогддог.
Шинж тэмдэг
Хоолны хордлогын шинж тэмдэг нь хооллосны дараагаар шууд илрэх боломжтой ч, хэдэн өдөр мөн долоо хоногийн дараа ч илрэх боломжтой байдаг.
Нийтлэг илрэх шинж тэмдэгүүд:
- Дотор муухайрах, бөөлжих
- Гэдэс өвдөх
- Шингэн алдах, цусаар суулгах
- Халуурах
Мэдрэлийн системтэй холбоотой шинж тэмдгүүд/эдгээр нь төдийлөн нийтлэг илрээд байдаггүй/ :
- Нүд бүрэлзэх
- Толгой эргэх
Гэрээр авч болох арга хэмжээ:
- Хэт шингэн алдалтаас сэргийлж тогтмол бүлээн шингэн 1-2 литрийн хэмжээтэй уух
- Өөх тостой зүйлс бага хэрэглэх
- Ядарч, сульдах шинж тэмдэг илэрвэл амрах хэрэгтэй
Ямар тохиолдолд эмчид хандах шаардлагатай вэ?
- 24 цагийн дотор 6-аас дээш суулгах
- Өтгөн цустай гарсан тохиолдолд
- Өндөр халуурах
- Гэдэс хүчтэй өвдөж байгаа тохиолдолд
- Эдгээр шинж тэмдэг илэрсэн өндөр настан
Таны бие хэт их шингэн алдсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ:
- Ядарч, сульдах
- Цангах
- Ам, хэл хуурайших
- Шөрмөс/булчин/ татах
- 5аас дээшгүй цаг шээс гадагшлаагүй, гадагшилхад хэт шар өнгөтэй байх
Эдгээр шинж тэмдэг илэрсэн бага насны болон өндөр настай хүмүүс эмчид хандах зайлшгүй шаардлагатай, учир нь тэдний бие хурдаг хугацаанд шингэн алддаг.
Оношилгоо
Хоолны хордлого үүсгэгч шалтгааныг олохын тулд хоёр төрлийн шинжилгээг хийдэг.
- Цусны шинжилгээ
- Өтгөний шинжилгээ
Хүндрэл
Хүнсний хордлогын хамгийн түгээмэл учрах хүндрэл нь шингэн алдалт – ус, давс, эрдэс бодисын ихээхэн алдагдал юм. Хэрэв та насанд хүрсэн эрүүл мэндийн бусад асуудалгүй тохиолдолд хангалттай хэмжээний шингэн (1-2 литр ус) ууснаар алдагдсан ус, давс, эрдэс бодисоо нөхөх боломжтой. Харин нярай, бага насны хүүхэд, өндөр настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн тохиолдолд эмнэлэгт хандан судсаар шингэн нөхөх шаардлага бий болдог.Хэт их шингэн алдах, шингэнээ нөхөлгүй удах зэрэг нь амь насанд эрсдэл учруулдаг.
Зарим төрлийн хоолны хордлого дараах хүндрэлүүдийг учруулах эрсдэлтэй:
- Литсериа-ийн халдвар. Листериа гэх хоолны хордлого нь урагт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Жирэмсний эхэн үед листериа халдвар нь зулбалтад хүргэж болзошгүй. Харин жирэмсний хожуу үед эх хөнгөн өвчилсөн ч амьгүй төрөх, дутуу төрөх эсвэл үхэлд хүргэж болзошгүй халдварт тооцогддог юм. Харин уг халдвараас амьд үлдсэн нярайд удаан хугацааны мэдрэлийн гэмтэл, хөгжлийн хоцрогдол зэрэг үүсэх магадлалтай байдаг.
- E.coli нь цус задралын Uremic Syndrome гэж нэрлэгддэг ноцтой хүндрэлийг бий болгодог. Энэ синдром нь бөөрний жижиг судасны салст бүрхэвчийг гэмтээж, зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэдэг. Ахмад настан, 5-аас доош насны хүүхдүүд, дархлаа султай хүмүүс эдгээр хүндрэлүүдэд өртөх эрсдэл өндөр байдаг байна. Хэрэв та дээрх эрсдэлтэй бүлэгт хамаарч байвал мөн цусан суулгалт өвчний анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандана уу.
Эмчилгээ
Ихэнх тохиолдолд тусгай эмчилгээ шаардлагагүйгээр өвчтөний шинж тэмдгүүд арилдаг.
Гэвч хоолны хордлогын түвшнээс хамаарч дараах эмчилгээг эмч нар зөвлөж байна:
- Суулгалт, бөөлжилт ихтэй хүмүүст судсааар шингэн нөхөх. Энэ нь хэт их шингэн алдахаас сэргийлэх юм.
- Антибиотик эмчилгээ нь бактерийг устгах зориулалттай. Хоолны хордлого хөнгөн хүндээс хамааран зөвхөн шаардлагатай тохиолдолд л антибиотик эмчилгээг хийнэ
Урьдчилан сэргийлэх
- Гараа сайтар угааж, ариутгаж хэвших
- Биеийн дархлаа суларсан, тамир тэнхээгүй тохиолдолд гадагш гаралгүй амралтын дэглэмд байх
- Хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах.
Үүнд:
- Ариутгаагүй, бүрэн боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
- Жимс ногоог ариутгаж, угааж хэрэглэх
- Хөргөгчийг 4.4 хэмээс хүйтэн, хөлдөөгчийг -18 хэмээс бага байлгах
- Мах болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг угааж, бүрэн болгож хэрэглэх
- Өндгийг бүрэн болгож хэрэглэх
- Хоолны болон хоол бэлтгэх хэрэгслийг тогтмол угаах, ариутгах, зориулалтаар ашиглах
Жирэмсэн эмэгтэйчүүдийн бие махбод нь халдварын эсрэг тэмцэх чадвар сул байдаг тул урьдчилан сэргийлэхэд илүү их арга хэмжээ авах шаардлага бий болдог тул эмчтэй зөвлөх шаардлагатай.