Буйлны үрэвсэл
Буйлны үрэвсэл нь элбэг тохиолддог хөнгөн явцтай шүдний ойролцоох эдийн үрэвсэлт өвчин юм. Өөрөөр хэлбэл шүдний суурь болон эргэн тойрны буйл улайж хавдан зовиур шаналгаа үүсгэхийг хэлнэ. Амны хөндийн ариун цэврийг муу сахисанаар буйлны үрэвсэл үүсэх ба цаг алдалгүй эмчилгээ хийлгэх нь маш чухал. Хэрэв буйлны үрэвсэл хүндэрвэл буйлны эдийн хнд явцтай эмгэгүүдэд шилжих эсвэл шүд унахад хүргэдэг.
Шалтгаан
Ихэнхдээ амны хөндийн ариун цэврийг муу сахисанаас бохирдлууд шүдэнд наалдан хүчлийг ихэсгэн буйлны эдийг үрэвсүүлдэг.
Мөн доорх шалтгаантай байж болдог. Үүнд:
- Шүдний өнгөр (Бактериуд хоолонд агуулагддаг сахраар хооллон үржиж, шүдэнд наалданн өнгөр үүсгэдэг)
- Шүдний чулуу (өнгөр нь шүдэнд удаан хугацаагаар байснаар зузаарч эхлэх бөгөөд ингэснээр бактерийн бөөгнөрөл буюу чулуу үүсгэдэг. Нэгэнт үүссэн чулуужилтыг арилгахад бэрх байдаг)
Өнгөр болон чулуужилт нь шүдэнд удаан хугацаанд байснаар шүдний эргэн тойрны эд, буйлыг үрэвсүүлнэ. Ингээд буйл улайж хавдан, амархан цус гарч эхэлдэг. Мөн шүд цооролтод хүргэнэ.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Амны хөндийн ариун цэвэр муу сахих
- Тамхи татах, тэр дундаа навчин амхи татах
- Насжилт
- Ам хуурай байх, шингэн бага уудаг байх
- Амин дэмийн дутагдал, ялангуяа витамин С-н дутагдал
- Дархлалын системийн хямрал (ДОХ, Лейкема, хавдрын эмчилгээ..,)
- Зарим эмийн бодисууд (Са-н суваг хориглогч эмүүд..,)
- Дааврын өөрчлөлт (Жирэмслэлт, сарын тэмдгийн мөчлөг..,)
- Генетик
- Зарим нэг эрүүл мэндийн асуудлууд (Вирус болон мөөгөнцрийн халдварууд..,)
Шинж тэмдэг
Эрүүл буйл нь цайвар ягаан өнгөтэй байх ба шүдийг эргэн тойрноос нь нягт чанга хүрээлсэн байдаг. Харин үрэвссэн бол:
- Буйл хавдаж хөвсийх
- Буйл хүрэн улаан, тод улаан өнгөтэй болох
- Шүдээ угаах эсвэл утсаар цэвэрлэх үед маш амархан цус гарах (сойзонд цус үзэгдэх)
- Амьсгалаас эвгүй үнэр ханхалах
- Буйл хумигдан шүдний суурь хэсэг ил гарах, шүд хооронд зай үүсэх
- Шүдэнд чулуужилт үүсэх
Хүндрэлүүд
Буйлны үрэвсэлийг эмчлэлгүй явснаар тархац нь улам нэмэгдэн, шүдний доод талын эд, мөн шүд бэхлэгдэн суудаг эрүүний ясыг үрэвсүүлдэг. Шүд унах ч тохиолдол гарна.
Архаг хэлбэрийн буйлны үрэвсэл нь системийн өвчин, амьсгалын замын өвчин, чихрийн шижин, титэм судасны өвчин, цус харвалт, үений үрэвсэл зэргээс үүдсэн байж болно.
Хэзээ эмчид хандах вэ?
Буйлны үрэвсэл үүсч байгаа ямарнэг шинж тэмдэг ажиглагдсан даруйд шүдний эмчид хандах, мөн товлолт урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдах.