Уушгины хатгалгаа
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг.
Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.
Шалтгаан
Вирус, бактериуд уушгины хатгалгаа үүсэхэд нөлөөлдөг. Ялангуяа ханиад, томуу хүрсний дараа хатгалгаа болж хүндрэх нь элбэг байдаг. Учир нь ханиад хүрсний дараа хүний бие нян, вирусын эсрэг тэмцэх чадвар суралдаг.
Дараах хүчин зүйлүүд хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:
- Антибиотик дур мэдэн хэрэглэх нь хатгалгаа болон бусад антибиотикоор эмчлэгддэг өвчнүүдэд антибиотик үйлчлэхгүй байх, үр дүнг нь сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс эмчийн заавраар хэрэглэж байхыг зөвлөе.
- Тамхи татах нь уушгины хатгалгаа төдийгүй бусад өвчинд өртөмтгий болгодог.
- Багтраа, уушги тэлэгдэх өвчин зэрэг бусад суурь өвчтэй байх нь хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
- 1-с доош настай нярай болон 65-с дээш насны хүмүүс илүү өртөмтгий байна.
- Дархлаа суларсан тохиолдолд
Шинж тэмдэг
- Цустай, ногоон цэртэй ханиалгах
- Халуурах
- Амьсгаадах
- Чичирч, шүд тачигнах
- Цээж хорсох, ханиалгаж амьсгалахад цээжээр өвдөх
- Зүрхний цохилт хурдсах
- Ядарч сульдах
- Толгой өвдөх
- Гүйлгэх
- Толгой эргэж, бөөлжих
1-с доош сартай нярайд хөхөндөө дургуй болох, яраглах, халуурах, сульдах шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнтэй ижил шинж тэмдэг илрэхээс гадна зүрхний хэм 1минутад 100-аас дээш удаа цохилж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.
- Цээж хорсож өвдөх, бусад зүрхний өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэх
- Амьсгал давхцаж толгой эргэх
- Цустай ханиалгах (2 хоногоос дээш)
- Босож зогсох, суух үед толгой эргэх
- Халуурах (38,2 хэмээс дээш)
- 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах
- Бөөлжих шинж тэмдгүүд долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл яаралтай эмчид хандана уу.
Урьдчилан сэргийлэлт
- Тамхи татдаг бол тамхинаас гарах
- Ханиад томуутай хүмүүсээс хол байх
- Ханиад томуу туссан бол хүндрүүлэхгүйгээр эмчлэх
- Гараа тогтмол угаах
- Амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх
- Даарахгүй байх
- Тэжээллэг халуун хоол идэх
- Томууны вакцин хийлгэх зэрэг нь хатгалгаа болж хүндрэхээс сэргийлнэ.
Оношилгоо
Хатгалгааны үед цээжний рентген зураг авахуулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэх бөгөөд инжилгээний хариугаар хатгалгаа мөн эсэхийг эмч оношилсны дараа эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ.
Эмчилгээ
Бактерийн гаралтай хатгалгааг бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд антибиотикийн курс эмчилгээ хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бусад өвчний эх үүсвэр болох аюултай.
Эмчилгээний хугацаанд унтаж амрах, шингэн зүйл ихээр уух, тамхи татахгүй байх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв шөнөдөө ихээр ханиалган унтаж чадахгүйд хүрвэл ханиалга намдаах эм ууна.
Харин вирусийн гаралтай хатгалгааг антибиотикоор эмчлэхгүй. Эмчийн заавраар бусад эмэн эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Ханиад томуу, улаан бурхан, салхин цэцэг туссан хүнтэй ойртохгүй байснаар хатгалгаанаас урьдчилан сэргийлж болно. Учир нь эдгээр өвчнүүдийг туссаны дараагаар хатгалгаагаар өвчлөх магадлал өндөр байдаг.
Мөн гараа тогтмол угааж, нян вирус тархахаас сэргийлээрэй.