Цагаан сараар үүнийг бүү хий!
МЕНИНГОКОККИЙН ХАЛДВАР НАСАН ТУРШИЙН ЭМГЭГ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ
Менингококкийн халдвар нь Neisseria meningitidis бактериар үүсгэгддэг, амьсгалын замын шүлс, нусны дуслаар дамжин халдварладаг өвчин юм. Халдвар тээгчдийн 5–10% нь ямар ч шинж тэмдэггүй байдаг тул ойр хавьд байгаа хүмүүст тараах эрсдэл нэмэгддэг.
Яагаад бага насны хүүхдийг үнсэхгүй байх ёстой вэ?
Хүүхдийг үнсэх нь менингококкийн халдвар дамжих гол эрсдэлийн нэг. Харин хүүхдийн дархлаа бүрэн хөгжөөгүй байдаг тул аливаа нян, бактерийн халдварыг дарах чадвар сул, түргэн хугацаанд хүндрэх эрсдэлтэй.
Менингококк нь тархи нугасны бүрхүүл болон цусанд халдвар үүсгэдэг тул дараах хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй. Үүнд:
- Мэдрэлийн тогтолцооны гэмтэл
- Тархи, нугасны бүрхүүл үрэвсэх
- Булчингийн үйл ажиллагаа алдагдах
- Сонсгол алдах
Менингококкийн халдварын үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- Өндөр халуурах
- Бөөлжих
- Хүзүү хөших (Хүзүүгээ хөдөлгөхөөс татгалзах)
- Зан авирт өөрчлөлт (гэнэт хүчтэй уйлах, идэвхгүй болох)
- Дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байх
- Арьсан дээр тууралт гарах
Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?
- Хүүхдийг үнсэхгүй байх
- Гараа тогтмол угаах
- Амны хаалт хэрэглэх
- Агаар сэлгэлт тогтмол хийх
ХООЛНЫ ХОРДЛОГО НЯНГИЙН ГАРАЛТАЙ
Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Дархлаа бүрэн тогтоогүй байдаг тул хүүхэд, дааврын өөрчлөлтийн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд хордлогод өртөх магадлал өндөр байдаг.
Хорсоол яагаад эмчилгээ биш вэ?
Хорсоол нь антацид буюу хүчил саармагжуулагч юм. Иймд хоолны хордлогын үед түгээмэл илрэх шинж тэмдгүүд болох бөөлжих, гүйлгэх үед шинж тэмдгийг намжаах үүрэгтэй байдаг. Харин хоолны хордлого нь хүнсээр дамжих нян, вирус жижиг шимэгчийн шалтгаантай үүсдэг тул хорсоол нянгийн эсрэг эмчилгээ болохгүй.
Дийлэнх тохиолдолд хоолны хордлогын шинж тэмдэг намжмагц нянгийн эмчилгээ хийхгүй орхидог. Үүний улмаас архаг хууч эмгэгтэй болох эрсдэлтэй байдаг.
Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?
- Гараа тогтмол угааж, ариун цэвэр сахих
- Айлд зочлох үед шинээр бэлтгэсэн хоол хүнсийг хэрэглэх, удаан ил задгай байсан хүнс хэрэглэхээс зайлсхийх
- Хоолны хэрэгслийг арчиж хэрэглэх
НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ ҮХЭЛД ХҮРГЭХ ЭРСДЭЛТЭЙ
Нойр булчирхайн ферментүүд өөрийн эдийг гэмтээж, хүчтэй үрэвсэл, үхжил үүсгэхийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ. Дийлэнх тохиолдолд дараах шинж тэмдгээр илэрнэ:
- Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх
- Бөөлжих, дотор муухайрах
- Халуурах
- Гэдэс дүүрэх
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Хоолны дараа архи хэрэглэхгүй байх
- Хоол, хүнсийг зохистой хэмжээнд хэрэглэх
- Дээрх шинж тэмдэг илэрсэн үед ноцтой хүндрэл үүсэхээс сэргийлж мэргэжлийн байгууллагад шууд хандах 103
ДАРАЛТ ИХЭССЭН ҮЕД ОГЦОМ, ХҮЧТЭЙ ХӨДӨЛЖ БОЛОХГҮЙ
Баяр ёслолын үед олон хүн нэг дор цугларсан агаар сэлгэлт муутай газар удаан байх, согтууруулах ундааны хэрэглээ, хэт хөөрөх зэрэг сэтгэл хөдлөлийн улмаас даралт огцом ихсэх эрсдэлтэй. Даралт ихсэх үед зүрх судасны тогтолцоонд ирэх ачаалал нэмэгдэж хэвийн цусан хангамж алдагддаг.
Даралт ихсэх шинж тэмдэг илэрсэн бол дараах зүйлсээс зайлсхийж эрүүл мэндийн ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:
- Огцом, хүчтэй хөдөлгөөн хийх
- Кофе, каффейн ихтэй цай, согтууруулах ундаа зэргээс татгалзах
- Жолоо барих
- Дур мэдэж эм хэрэглэх
Даралт огцом ихсэх үед ямар арга хэмжээ авах вэ?
- Агаар сэлгэлт сайтай орчинд 5-10 минут тайван амрах
- Бүлээн ус уух
- Амьсгалын дасгал хийх
- Хэрэв 10-15 минутын дараа шинж тэмдэг намжихгүй бол мэргэжлийн байгууллагад шууд хандах 103





