Витамины “Цагаан толгой”
Бие махбодын эд, эрхтэн бүрийн хэвийн үйл ажиллагааг дэмжих витамин, эрдэс бодис бий. Ихэвчлэн иргэдийн дунд нийтлэг илрэх шинж тэмдгүүд нь ямарваа нэгэн өвчин эмгэгийн гэхээсээ илүүтэйгээр эдгээр витамин, эрдэс бодисын дутагдал байх нь бий. Ингээд таны эрүүл мэндэд нэн шаардлагатай витамины “Цагаан толгой”-г танд хүргэж байна.
Дийлэнх витамин нь хүний бие махбодод үйлдвэрлэгддэггүй бөгөөд мөн үргэлжлэлтэй хугацааны туршид хуримтлагдаж үлддэггүй аж. Иймд, шаардлагатай хэмжээний витамин, эрдэс бодисыг тогтмол авч байх шаардлагатай. Витамины дутагдал болон илүүдэл нь ижил хэмжээний сөрөг нөлөөтэй байдаг тул өөрийн хэрэгцээнд тулгуурлан хэрэглэх нь зүйтэй.
Витаминыг усанд болон тосонд уусдаг гэж ангилна. Усанд уусдаг төрлийн витамин нь хүний биед хуримтлагддаггүй тул тэдгээрийг тогтмол авч байх нь чухал юм. Харин тосонд уусдаг төрлийн витамин нь хүний биед тодорхой хугацаанд хуримтлагддаг байна. Иймд, тосонд уусдаг витаминыг зохих хэмжээнд хэрэглэх нь чухал аж.
А витамин (Ретинол)
Ретинол нь бодисын солилцоо, яс, шүдний хөгжилд эерэгээр нөлөөлж, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг болон цусны улаан эсийн үйлдвэрлэлтийг дэмждэг байна. А витамины дутагдлын үед дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж халдварт өртөмтгий болох эрсдэлтэй. Түүнчлэн нүдний торлогт өөрчлөлт орох, элэгний үйл ажиллагаа алдагдах, арьс хуурайших зэрэг сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай байна.
Харин А витамины илүүдлийн үед шимэгдэлт нь саармагжиж, өөхөнд хуримтлагдсанаар арьс шар өнгөтэй болох, ясаар өвдөх, элэгний үйл ажиллагаа муудах зэрэг сөрөг талтай аж.
А витамин агуулдаг хүнс: лууван, хулуу, манжин, буурцаг, жүрж, чихэрлэг төмс болон өндөг, далайн гаралтай хүнс, тэр дундаа хулд болно туна загас, сам хорхой.
В1 витамин (Тиамин)
Энэхүү витамин нь эсүүдийг хөгшрөлтөөс хамгаалах, согтууруулах ундаа, тамхи зэргийн арьсанд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхой хэмжээнд саармагжуулж, уушгийг хамгаалдаг. Түүнчлэн далайн өвчний шинж тэмдгийг намжаадаг ба шүдний өвдөлтийг саармагжуулж, хоол боловсруулах эрхтний булчингийн үйл ажиллагааг дэмждэг зэрэг олон давуу талуудтай. Энэ нь усанд уусдаг төрлийн витамин тул биед хуримтлагддаггүй. Иймд, В1 витамин агуулсан хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь зохимжтой юм. Хэрэв танд амархан ядрах, ходоод гэдэс хямрах, доод мөч болон хэвлий хэсгээр хавагнах, айж цочих, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж илэрч байгаа бол энэ нь В1 витамин дутагдсаныг илэрхийлж буй.
В1 витамин агуулдаг хүнс: цагаан будаа, вандуй, өндөгний шар, үхрийн элэг, бөөр, зүрх, эсгэгч, хөрөнгө, гахайн мах, төрөл бүрийн шош, самар, буурцаг.
В2 витамин (Рибофлавин)
Рибофлавин нь усанд уусдаг В бүлгийн витамины нэг төрөл юм. Энэ нь нүүрс ус, өөх тосыг задлахад тустай. Түүнчлэн нүдний эрүүл мэнд, дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж бодисын нийлэгжилтийг дэмждэг. В2 витамин дутагдах үед амны салстууд шархлах, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч, хуурайших, толгой эргэх, үс унах, нойр муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Харин архаг дутагдлын үед цус багадалт, мэдрэлийн зарим эмгэг үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болох эрсдэлтэй.
В2 витаминыг агуулдаг хүнс: сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, үхрийн мах, элэг, тахианы цээж мах, хулд загас, бүйлс самар, бууцай.
В3 витамин (Ниацин)
В3 өөрөөр мөн РР витамин нь усанд уусдаг төрөлд багтана. Хоол хүнсийг энерги болгох, биед хэрэгтэй холестролыг нэмэгдүүлэх, дархлаа тогтолцоо болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй байна. Хэрэв таны арьс амархан шархлах, гүйлгэх, толгой эргэх, ядарч сульдах, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал энэ нь В3 витамин дутагдсаныг илтгэнэ.
В3 витамин агуулдаг хүнс: тахианы цээж мах, үхэр болон гахайн мах, брокколи, лууван, өндөг, загас, төмс, өргөст хэмх.
В5 витамин (Пантеноны хүчил)
Пантеноны хүчил нь дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих цусан дахь эсрэг биетийн үйлдвэрлэлтийг дэмжиж, тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Түүнчлэн арьсыг толигор, гялалзсан болгох, батга болон үрэвслийг эмчлэхэд тустай. В5 витамины дутагдлын үед дотор муухай оргих, ядрах, толгой болон хэвлий хэсгээр өвдөх, гар бадайрах, булчин зангирах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
В5 витамин агуулдаг хүнс: яргай загас, гахайн мах, үхрийн элэг, бөөр, ногоон навчит ногоо, амуу буудай, мөөг, хар талх, чихэрлэг төмс.
В6 витамин (Пиридоксин)
Пиридоксин нь тархи болон зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, уураг задлах, гемоглобин эсийг үйлдвэрлэлтийг дэмждэг зэрэг давуу талуудтай. Дутагдлын үед цус багадах, хэл шарлах, арьс хуурайших, уруул сэтрэх, толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нийтлэг шинжүүд илэрнэ.
В6 витамин агуулдаг хүнс: гадил, авакадо, тарвас, шош, загасны мах, үр болон хатаасан жимс, самар.
В7 витамин (Биотин)
Биотин нь булчингийн эсүүдийн хэвийн үйл ажиллагааг болон нөхөн сэргэх процессыг дэмждэг. Түүнчлэн цусан дахь сахарын түвшинг тогтворжуулах, бусад нэн шаардлагатай эрдэс бодис, витамины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг, зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжих, цусан дахь холестролын хэмжээг бууруулах, арьсны эрүүл мэндийг хангах, бодисын солилцоог сайжруулах зэрэг олон давуу талуудтай байна. В7 витамины дутагдлын үед үс унах, цус багадах, сэтгэл гутрах, булчин өвдөх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүд илрэх магадлалтай.
В7 витамин агуулдаг хүнс: загас, чихэрлэг төмс, бүйлс самар, лууван, гадил, амтат чинжүү, өндөгний шар, сүү, сүүн бүтээгдэхүүн.
В8 витамин (Инозитол)
Инозитол нь тайвшруулах, цусан дахь холестерины хэмжээг бууруулах, бодисын солилцоог сайжруулах, таргалалтаас урьдчилан сэргийлэхэд тустай ба бага болон өсвөр насанд нэн шаардлагатай байна. Мөн таныг шөнө бөх, тайван амрахад тустай юм. В8 витамины дутагдал нь ховор тохиолдох ба илрэх шинж тэмдгийн хувьд хүн бүрд харилцан адилгүй байна. Хамгийн түгээмэл ажиглагдах шинж бол нүүрний арьс үрэвсэх, үсний өнгө алдагдах.
В8 витамин агуулдаг хүнс: үхрийн мах, улаан лооль, лууван, байцаа, өндөг, сонгино, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, сүү, самар, цэцэгт байцаа.
В9 витамин (Фолат)
Фолат нь зүрхний шигдээс, цусны даралт ихсэхээс сэргийлнэ. Түүнчлэн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй ба жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай аж. В9 витамин нь урагт мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлдэг ба хүүхэд тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлийг бууруулдаг. Дутагдлын үед цус багадалт, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Харин жирэмсний хугацаанд В9 дутагдахад ядрах, амьсгал давчдах, зүрх дэлсэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
В9 витамин агуулдаг хүнс: газрын самар, жимс, жимсгэнэ, наран цэцгийн үр, бүхэл үр, далайн гаралтай хүнс, өндөг, хэрээний нүд (аспарагус), цэцэгт байцаа.
В12 витамин (Кобаламин)
Кобаламин нь бодисын солилцоо ба дааврын ялгаралтыг дэмжиж, уургийн нийлэгжилтэд чухал ач холбогдол үзүүлнэ. Түүнчлэн, зүрхний эмгэг, цус багадах, ой санамж алдах зэргээс сэргийлнэ. В12 витамины дутагдлын үед цус багадах, ходоодны салст бүрхэвч нимгэрэх, нарийн гэдэсний эмгэг үүсгэх эрсдэлтэй юм. Мөн дархлаа тогтолцоо алдагдсаны улмаас үүдэх эмгэгт өртөмтгий байна.
В12 витамин агуулдаг хүнс: өндөг, сам хорхой, сүү, бяслаг, үхэр, тахиа, хонь, гахайн мах.
С витамин
Энэ витамин нь дархлаа тогтолцоог дэмжиж, бодисын солилцоог идэвхжүүлж, уураг болон коллагений нийлэгжилтэд оролцох зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн шарх эдгэх явцыг түргэсгэж, цусны эргэлтийг сайжруулна. С витамины дутагдлын үед бие сульдах, амархан ядрах, халдварт өвчинд өртөмтгий болох, шарх удаан эдгэх, буйлнаас цус гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
С витамин агуулдаг хүнс: чацаргана, нохойн хошуу, хатаасан цагаан мөөг, нимбэг, жүрж, цэцэгт байцаа, чинжүү, төмс.
Д витамин
Энэ витамин нь хэвийн өсөлт ба дархлаа тогтолцоог дэмжих, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, булчингийн сулралаас сэргийлэх зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэдэг хүний биед нэн шаардлагатай. Түүнчлэн зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангаж, тархины үйл ажиллагааг дэмжинэ. Д витамины дутагдлын үед хоолны дуршил буурах, дотор муухай оргих, гүйлгэх, толгой, булчин, үе мөч өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана. Түүнчлэн зүрх судасны эмгэгийн эрсдэл нэмэгддэг байна. Д витаминыг хоол хүнсээр хангалттай хэмжээгээр авах боломжгүй байдаг тул эмчийн заавраар нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна.
Д витамин агуулдаг хүнс: хулд загас, үхрийн мах, элэг, өндөгний шар, мөөг, сүү, д витаминаар баяжуулсан өглөөний цай.
Е витамин (Токоферол)
Токоферол нь чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс эсийг хамгаалдаг антиоксидант юм. Энэ нь зүрх судасны болон элэгний үйл ажиллагааг дэмжиж, хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой үүргүүдийг гүйцэтгэдэг. Түүнчлэн булчингийн энергийн солилцоог зохицуулж, гликолений хуримтлалыг нэмэгдүүлэх, мэдрэл болон дархлаа тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах давуу талуудтай юм. Е витамины дутагдлын үед амархан сульдах, тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах, булчин өвдөх, арьсан дээр толбо үүсэх, нүүр орчмын арьс хуурайших, цян хатан байдлаа алдах зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай байна.
Е витамин агуулдаг хүнс: ургамлын тос, маргарин, самар, загасны тос, хэрээний нүд(аспарагус), бууцай, цэцэгт байцаа, хулд загас, бүхэл үрийн гурил, чихэрлэг төмс.
К витамин
К витамин нь тосонд уусдаг витамины нэг төрөл бөгөөд К1 ба К2 гэсэн хоёр төрөл байна. Энэ нь зүрх судасны тогтолцооны эмгэг үүсэх, шүд цоорох ба бусад гэмтлээс сэргийлдэг. Түүнчлэн ясыг бэхжүүлэх, хугарах эрсдэлийг бууруулна. Энэхүү витамины дутагдал нь тодорхой эмгэгийн үр дүнд үүссэн байх магадлалтай ба амархан хөхрөх, хумсны толины дотор цус хурах, салст бүрхэвч гэмтэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
К витамин агуулдаг хүнс: байцаа, бууцай, шар манжин, брюссель байцаа, брокколи, салат навч, хулуу, нарс модны самар, нэрс, эдамаме шош.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube
Trackbacks & Pingbacks
[…] өөрт тохирсон витамин, эрдэс бодисыг хэрэглэхдээ шинжилгээ өгч, эмчийн […]