Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?
Сүүлийн жилүүдэд филлер буюу зөөлөн эдийн дүүргэгч тарилга нь нүүрний өө сэв арилгах, гоо сайхнаа хадгалж үлдэх, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн эсрэг авч болох хамгийн үр дүнтэй сонголт болж байна. Филлерын эрэлт нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим нэг эрсдэлийг харгалзаж үзэх нь зүйтэй.
Филлерын хамгийн түгээмэл ашиглагддаг төрлүүдийг задардаг болон задардаггүй гэж ангилна. Задардаг төрлийн филлерт гиалуроны хүчил, коллагентэй филлер, кальцийн гидроксиапатитын бэлдмэл багтана. Дэлгэрүүлбэл:
Гиалуроны хүчил агуулсан филлер. Энэ төрлийн филлерыг монофаз ба бифаз гэж ангилна. Монофаз нь ижил хэмжээтэй молекулаас бүрдэх бол бифаз нь өөр молекулын хэмжээтэй гиалуроны хүчлийн молекул агуулдаг. Гиалуроны хүчлийг тодорхой эзэлхүүнийг дүүргэх, үрчлээс тэнийлгэх, хэлбэр засах зэрэг үйлчилгээнд түгээмэл ашиглагдана.
Коллагентай филлер. Коллаген нь уургийн нэг төрөл ба хүний биеийн уургийн 30%-ийг эзэлдэг байна. Энэ нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгах, чийгшил болон эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Энэ төрлийн филлерыг үрчлээг засах, хэлбэр засах зэрэг үйлчилгээнд түлхүү ашигладаг.
Кальцийн гидроксиапатитын бэлдмэл. Гоо сайхны салбарт энэ төрлийн филлерыг нүүр өргөх, үрчлээс тэнийлгэх зэрэгт ашигладаг. Үйлчлэл нь хоёр жил хүртэлх хугацаанд хадгалагдана.
Харин задардаггүй буюу урт хугацааны үйлчлэлтэй филлер нь полиметилметакралит (PMMA) ба полиметилметакрилат (силикон) дээр суурилсан филлер юм. Синтетик нэгдлээс бүрдсэн энэ төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн нь биеэс гадагшилдаггүй ба хүндрэл гарах эрсдэл өндөртэй гэж үздэг тул олон оронд хэрэглэхийг хориглосон байдаг.
Болзошгүй хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд сайтар төлөвлөж, гоо сайхны ажиллагааны өмнө бэлтгэл хангах шаардлагатай. Хүний нүүрний анатомийн бүтэц болон дүүргэгч тус бүрийн онцлог шинж чанарыг мэдэх нь маш чухал. Үүний зэрэгцээ дараах бүлгийн хүмүүст филлер нь хориг заалттай байдаг. Тодруулбал:
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Тарилга хийлгэхээр төлөвлөж байгаа хэсэгт үрэвсэл, арьсны ямарваа нэгэн эмгэг үүссэн бол
- Херпес болон бусад вирусийн халдвар хүндэрсэн бол
- Аутоиммуны эмгэг (1-р хэлбэрийн чихрийн шижин, ревматоид артрит зэрэг нийтдээ 80 орчим төрлийн өвчин багтана)
- Цус бүлэгнэлтийн эмгэг
Дүүргэгчийг хийх зохих гүн нь сонгосон бүтээгдэхүүнээс хамаардаг бөгөөд эцсийн үр дүнд ч мөн нөлөөлдөг. Жишээлбэл, гиалуроны хүчил буюу дүүргэгчийн хамгийн түгээмэл төрлийг арьсны хэт өнгөн давхаргад тарих нь зангилаа, тэгш бус гадаргуу үүсгэх эрсдэлтэй.
Филлер буюу дүүргэгчийн дараах болзошгүй гаж нөлөө, хүндрэл:
Гаж нөлөө нь тухайн хүний эрүүл мэндэд шууд заналхийлэхгүй асуудлууд юм. Хамгийн нийтлэг гаж нөлөөгийн жишээ бол харшлын урвал юм. Энэ үед тухайн хэсгийн арьс улайх, хавдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Харин цөөн тохиолдолд тарилга нүүрний артерийн судсыг дайрсан тохиолдолд хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тодруулбал, ажилбарын улмаас хараа алдах, арьс зөөлөн эдийн үхжил, үрэвсэл халдвар зэрэг нь үүнд багтана.
Тарилгын дараа дараах шинж тэмдгүүд мөн ажиглагдах магадлалтай. Энэ нь хэсэг хугацааны хэвийн болох
- Хөхрөх. Тарилга хийсэн газарт бага зэрэг хөхрөх магадлалтай. Энэ нь зүүнээс үүдэж хялгасан судас гэмтсэн үед ажиглагдана.
- Арьсны өнгө өөрчлөгдөх (цайрах, улайх)
- Дүүргэгч хөдлөх, шилжих
- Зангилаа, бөөгнөрөл үүсэх
- Нүдний доорх дүүргэгчийн хүндрэл нь хөхрөх, хавдах, нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.
Филлер тариулсны дараа юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хөхрөх болон хавдар буулгах зорилгоор тарилгын дараа 10-15 минутын турш мөсөөр жин тавих, зориулалтын гель хэрэглэхийг зөвлөдөг. Харин дараах зүйлсийг хийхээс зайлсхийгээрэй:
- Хажуу тийш болон доошоо харж унтах
- Нарны гэрэлд удаан хугацаагаар байх
- Халуун усанд орох (банн, саунд орох)
- Нүүрээ будах, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
Хэдийгээр дүүргэгчийг зөв сонгосноор ихэнх жижиг хүндрэлүүдээс зайлсхийх боломжтой боловч хамгийн амжилттай тарилгын дараа ч хөхрөх, хавдах магадлалтай байдаг.
Филлер буюу дүүргэгчийг зүгээр нэг гоо сайхны хэрэгсэл гэж харахаасаа илүүтэйгээр өөрийн тань эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх чухал хүчин зүйл гэж авч үзэх нь зүйтэй. Иймд, тохирох мэргэжлийн эмч, өөрийн хүүссэн үр дүнд хүрэхэд тохиромжтой дүүргэгчийн материал зэргийг сайтар судалж, сонголтоо зөв хийхийг зөвлөж байна.
PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай зөвлөмж, үйлчилгээг авна уу.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: