Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?
Төмсөг нь зууван хэлбэртэй хос эрхтэн бөгөөд эр бэлгийн эс боловруулах, тестостерон даавар ялгаруулах үүрэгтэй. Хэвийн үед хүүхэд төрөхөөс өмнө төмсөг нь хэвлийгээс хуухнаг руу буусан байдаг. Харин төрөхөөс өмнө нэг эсвэл хоёр төмсөг хуухнагтаа буугаагуй байхыг буугаагүй төмсөг буюу крипторхизм гэнэ.
Ураг 5-6 долоо хоногтойд хүйсийн ялгаа гарч, 7-8 хоногтойд эрэгтэй ургийн хэвлийд төмсөг үүсэж эхэлдэг. Харин 28 дахь долоо хоногтойгоос хэвлийгээс цавины сувгаар дамжин аажмаар доошилж, 35-40 долоо хоногтойд хуухнагт буудаг байна.
Энэ удаагийн нийтлэлээр бид “Адам” эмнэлгийн урологийн эмч Цолмонтой буугаагүй төмсөг нь хүүхдэд ямар нөлөөтэй, хэрхэн зөв шалгах зэргийн талаар ярилцлаа.
– Сайн байна уу? Буугаагүй төмсөг гэдэг нь эмгэг үү?
– Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Буугаагүй төмсөг гэдэг нь шээс бэлгийн тогтолцооны гаж хөгжил юм. Тархалтын хувьд нийт эрэгтэй төрөлтийн 1.5%-ийг эзэлдэг буюу ойролцоогоор 100 төрөлт тутмын нэгд тохиолдох магадлалтай байна.
Хэрвээ байршлын хувьд ярих юм бол төмсөг буугаагүй хэвлийдээ байх тохиолдол 15%, цавины сувагт байх нь 25%, хуухнагийн дээд хэсэгт байрлах нь 60% байдаг. Хаана байрлалтайгаас хамаараад эмчилгээ болон оношилгооны асуудлууд харилцан адилгүй байна.
– Төмсөг буугаагүй байх нь юунаас болдог вэ?
– Зарим гаднын судалгаанд шалтгаан тодорхойгүй гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч үүнд нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс байдаг. Энгийн жишээ бол байгалийн хүчин зүйл. Өөрөөр хэлбэл эхийн хэвлийд ураг хөгжихөд саад болж буй асуудлууд буюу утаа, агаарын чанар, химийн бодисын нөлөөлөл гэх мэт. Эдгээр нь төмсөг буугаагүй байх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Хэрэв ургийн талаас ярих юм бол 7 сартайдаа төрөх буюу хугацаанаасаа өмнө төрөх тохиолдолд эрсдэл мөн адил нэмэгдэнэ. Хугацаанаасаа өмнө төрж байгаа ураг жингийн хувьд 900 граммаас доош байх, бусад гаж хөгжил буюу гипоспадиа (шээсний сүвний хэт наана эсвэл цаана барлах) зэрэг асуудлууд яригддаг.
Эхийн талаас бол дараах зүйлс эрсдэлийг нэмэгдүүлнэ. Үүнд:
- Хожуу төрөлт
- Эхийн таргалалт
- Ихсийн дутмагшил
- Ихэр жирэмслэлт
- Чихрийн шижин
- Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ
– Буугаагүй төмсгийг хэрхэн оношилдог вэ?
– Оношилгооны хувьд харьцангуй энгийн. Эмч асуумж асууна, төмсөг нь харагддаг уу, төрөх үед шалгасан уу, удамд нь ийм тохиолдол гарч байсан уу гэх мэтчилэн. Хэрэв үзлэг хийгээд магадгүй хуухнагт баригдахгүй бол ЭХО шинжилгээ хийх боломжтой. Энэ нь зардал болон сөрөг нөлөө багатай оношилгоонд тооцогдоно. Оношлохдоо аль болох эрт оношилсон тохиолдолд тавилан сайтай гэж ойлгож болно.
– Эцэг эхчүүд маань өөрсдөө хэрхэн шалгах боломжтой вэ?
– Эцэг эхчүүдийн хувьд гэрийн нөхцөлд шалгах бүрэн боломжтой бөгөөд аль болох тогтмол шалгаж байх нь зүйтэй. Хэдийгээр буугаагүй төмсөг нь хүүхдэд ямар нэгэн зовуурь өгөхгүй, шээс гадагшлуулахад асуудалгүй ч уртдаа сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй.
Хүүхдийн төмсгийг шалгахдаа маш сайн гэрэлтүүлэгтэй орчинд байх хэрэгтэй. Хоёрдугаарт өрөөний хэм хангалттай дулаан байх, шалгаж байгаа хүний гар мөн дулаан байх шаардлагатай юм. Мөн хүүхдийг усанд орж байх үед буюу арьс, булчин суларсан үед шалгаж болно. Шалгахдаа төмсөг хуухнагтаа байна уу гэдгийг зөөлөн тэмтэрч үзнэ. Хамгийн гол нь хүүхэд маань тайван байх нь чухал. Зарим тохиолдолд хүүхэд уйлахад төмсөг дээшээ орох магадлалтай байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
– Хэрэв хүүхдийн төмсөг буугаагүй байсныг эрт оношилж чадаагүй бол ямар эмчилгээний аргуудыг ашигладаг вэ?
– Хүүхдийн төмсөг буугаагүй гэдгийг амьдралын эхний жилүүдэд оношилж чадаагүй, магадгүй шилжилтын нас нь өнгөрчихсөн бол төмсөг өөрөө хөгжихгүй. Энэ нь удаан хугацаанд яваад ирэхээр хавдар үүсгэх эрсдэлтэй учраас ихэнх тохиолдолд мэс заслын аргаар авч таардаг. Гэхдээ энэ нь шилжилтийн нас буюу төмсөг хөгжих хугацаа дууссан үед гэсэн үг шүү дээ.
Ер нь бол оношилгоо маш чухал. Оношилгоо хийгдсэний дараа мэс заслын эмчилгээ хийх үү, ажиглах үү гэдгийг шийднэ. Хэрвээ мэс заслын аргаар авах шаардлагатай гэж үзвэл уг ажилбарыг 2 наснаас өмнө хийхийг зөвлөдөг.
PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай зөвлөмж, үйлчилгээг авна уу.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: