Тогтмол үзлэг оношилгоонд хамрагдах 5 шалтгаан
Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс
Бидний эрүүл мэнд дан ганц хувь хүний амьдралын хэв маягаас гадна хүрээлэн буй орчин, уур амьсгал болоод нийгмийн харилцаа зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаална. Аливаа нэг өвчнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь амьдралын чанар болоод насжилтад нөлөөлдөг. Энэ нь эмнэлгийн үйлчилгээ чухал ач холбогдолтойг харуулж байна. Зөвхөн зовуурь илэрсэн тохиолдолд бус, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж хэвших нь таны өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах 5 шалтгаан
Урьдчилан сэргийлэлт
Эмнэлгийн үйлчилгээ нь зөвхөн тодорхой өвчнийг эмчлэхэд зориулагдсан байдаггүй. Энэ нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, тэдний эрт илрүүлэгт ч мөн чиглэсэн байдаг гэдгийг мартаж болохгүй. Хэрэв та өвчилсөн тохиолдолд түүнийг эрт илрүүлэх нь эмчилгээний үр дүн, цаашид эрүүл мэндэд учрах аливаа эрсдэлээс хамгаалж, насжилтад эерэгээр нөлөөлөх юм.
Өвчний шалтгааныг тодорхойлох
Хүний биеийн эд эрхтэн бүр өөр хоорондоо маш нягт холбоотой байдаг. Энгийн жишээгээр тайлбарлавал та хоол хүнсээрээ хангалттай хэмжээний шим тэжээлийг авч чадахгүй үед дархлаа тогтолцоо муудаж, биеийн бусад эрхтний үйл ажиллагаа доголдоно.
Түүнчлэн, тодорхой өвчлөлүүд сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэй байдаг. Тодруулбал, стресс, түгшүүр, сэтгэл гутрал зэрэг мэдрэмжүүд нь бодит юм. Эдгээрийн үр дүнд тархинаас тодорхой дааврууд ялгарч байдаг гэж ойлгож болно. Тухайн дааврууд нь эрхтнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, урт хугацааны туршид үргэлжилсэн тохиолдолд эмгэг үүсэх эрсдэлтэй байдаг. Иймд тогтмол үзлэг оношилгоонд хамрагдах нь өвчний шалтгаан тодорхойлоход, эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулах юм.
Эрүүл мэндэд тулгарах магадлалтай эрсдэлийн талаар мэдэх
Удамшлын шалтгаантай цөөн тооны өвчлөлүүд бий. Удамшлаар дамждаг өвчлөлийн мэдээлэл нь тухайн хүний ДНК хромосомын нарийн хэсэгт кодлогдон байдаг. Хэдийгээр ямар нэгэн зовуурь илрэхгүй, эмгэг болтлоо хөгжихгүй байх боломжтой ч тодорхой үйлдлийн үр дүнд эмгэг болох магадлалтай байна. Иймд, та шаардагдах үзлэг, оношилгоонд хамрагдаж эрүүл мэндэд эрсдэл учруулах зан үйлээс зайлсхийх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цогц мэдээллийг авах боломжтой юм.
Эрүүл мэндийн талаарх ойлголтоо өргөжүүлэх
Хүн бүрийн мэдэх нийтлэг зонхилох өвчлөлүүдээс гадна эрүүл мэндэд учрах олон төрлийн эрсдэлүүд байдаг. Тэдгээрийн талаар зохих ёсны мэдээлэлтэй байх нь эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.
Хөрөнгө оруулалт ба санхүүгийн хэмнэлт
Эд хөрөнгө, эрдэм мэдлэгийг эзэмшсэн ч өвдөж, зовох үед аль нь ч эрүүл мэндийг тань эргүүлж авчрахгүй гэдгийг та санах хэрэгтэй. Хагас жилдээ, магадгүй жилдээ нэг удаа ч болтугай эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй юм. Дээр дурдагдсан давуу талуудаас гадна таны санхүүд учрах гэнэтийн зардлаас мөн урьдчилан сэргийлэх боломжийг танд олгоно. Тооцоолоод үзэхэд ямарваа нэг өвчлөлийн эмчилгээг эхэн шатанд илрүүлсэн тохиолдолд 100,000₮ гэж тооцвол дунд болон хожуу үед илрүүлсэн тохиолдолд энэхүү дүн нь 2-3 дахин, цаашлаад өвчлөлөөс хамаарч 10-20 дахин нэмэгдэх магадлалтай.
Монгол улсад зонхилох өвчлөлийн тухайд
Хүн амын дунд тархсан өвчлөлийг халдварт болон халдварт бус гэж ангилна. Халдварт өвчин нь эх үүсвэрээс шалтгаалан улирлын чанартай дэгддэг. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчлөлүүд нь хүйтэн, сэрүүний улиралд идэвхэждэг бол, хоол боловсруулах замын халдварт өвчлөлүүд нь гол төлөв халууны улиралд дэгддэг байна. Мөн эдгээр өвчлөлөөс үүдсэн нас баралт харьцангуй бага хувийг эзэлдэг.
Харин Монгол Улсын эрүүл мэндийн салбарын томоохон асуудал бол халдварт бус өвчлөл бөгөөд тэдгээрээс үүдэлтэй нас баралт өндөр хувийг эзэлдэг. Халдварт бус өвчлөлийн бүртгэгдсэн тохиолдлыг өвчний ангиллаар авч үзвэл улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар авч үзэхэд дараах өвчлөлүүд тэргүүлж байна.
Өвчин хийсэж биш хэлж ирдэг
Өвчнийг удамшлын гаралтай, амьдралын хэв маяг болон хүрээлэн буй орчноос хамааралтай гэж үзье. Тэгвэл бид эдгээрийг алийг нь ч эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Тогтмол үзлэг оношилогоонд хамрагдсанаар удамшлын гаралтай өвчлөлийн мэдээлэл байгаа эсэхийг илрүүлнэ. Ингэснээр эсийн мэдээллийг сэдрээх эрсдэлт зан үйлээс зайлсхийх, өөрт тохирсон амьдралын хэв маягийг бүрдүүлэх боломжтой.
Харин амьдралын хэв маягт бид ажил, амралт, хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршил зэргийг ойлгож болно. Ихэнх өвчлөлийн үүсэх шалтгаан болон үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсд амьдралын хэв маяг, өдөр тутмын дадал багтдаг. Иймд хэрэв та өөрийн амьдралын хэв маягийг эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлалтай гэж үзэж байгаа бол хамгийн багадаа жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах цагийг өөртөө зориулахыг зөвлөж байна. Тодруулбал, олон цагаар суугаа ажил эрхэлдэг, хангалттай унтаж амардаггүй, тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй, буруу хооллодог бол гэх мэтчилэн.
Хүрээлэн буй орчны жишээнд бидний ажиллаж амьдарч байгаа орчныг ойлгоно. Мэдээж амьдралын чанарт нөлөөлж буй орчныг өөрчлөх боломж тэр бүр байхгүй тул орчны учруулж болох эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгцээтэй болж байгаа юм. Тухайлбал, агаарын бохирдолтой орчинд амьдардаг бол та уушгины зураг тогтмол хугацаанд авахуулах, зохих нэмэлт витаминыг хэрэглэж уушгины үйл ажиллагааг дэмжих шаардлагатай.
Иргэд өөрийн эрүүл мэнддээ төдийлөн цаг гаргаж, зохих ёсны анхаарал хандуулж чаддаггүй. Ихэнх тохиолдолд үргэлжлэлтэй хугацаанд зовуурь санааг нь чилээх тохиолдолд л эмнэлгийн үйлчилгээ авах хандлага ажиглагддаг. Өвчин хийсэж ирдэггүй, хэлж ирдэг. Эрүүл мэнд тодорхойгүй шалтгааны улмаас гэнэт муудна гэдэг бараг л боломжгүй асуудал.
Тогтмол хамрагдах шаардлагатай халдварт бус өвчин илрүүлэх шинжилгээнүүд
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube