Уушгины хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлж буйгаар 2020 оны байдлаар дэлхий дахинд уушгины хорт хавдар 2.21 сая тохиолдлын тоогоор тархалтаараа хоёрдугаарт, 1.8 сая хүн амь насаа алдаж нэгдүгээрт бичигджээ.
Харин Монгол улсын хувьд 2019 оны байдлаар 490 хүн уушгины хорт хавдраар оношлогдсоны 451 нь энджээ.
Онцлон дурдахад сүүлийн 10 жилийн дунджаар хорт хавдраар өвчлөгчдийн 77.2 хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа бөгөөд энэ нь эмчилгээний явцыг улам хүндрүүлдэг байна. Тэр дундаа уушгины хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөв дэх шатандаа оношлогдож тухайн жилдээ нас бардаг аж. 2019 оны байдлаар уг өвчнөөр оношлогдсон хүмүүсийн 92% нь амь насаа алдсан харамсалтай үзүүлэлт байна.
Уушгины хорт хавдар үүсгэгч эсүүд нь маш түрэмгий, хурдан тархдаг бөгөөд эмийн эмчилгээнд мэдрэг бус байдаг. Хавдрын эхэн үед эмнэл зүйн шинж тэмдгүүд бараг илэрдэггүй, өвчлөх явц нь дүлий өвчин юм. Эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ нь өвчтөний амь насанд учрах эрсдэлийн хэмжээг багасгана. Иймд хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарч, шинж тэмдгийг жижиг гэлтгүй анхаарал хандуулж шаардлагатай үзлэг оношилгоонд хамрагдаж байх нь нэн чухал.
Уушгины хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:
- Тамхи (уушгины хавдраар өвчилсөн хүмүүсийн 90% тамхи татдаг байсан нь судалгаагаар батлагдсан)
- Асбест (нарийн утсархаг бүтэцтэй, бутрамтгай химийн чулуулаг эрдэс). Ихэвчлэн дулаан тусгаарлагч, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга зэрэг барилгын үндсэн болон туслах материал үйлдвэрлэлтэд ашиглагдана. Үүний зэрэгцээ гал унтраагчдад зориулсан галд тэсвэртэй хувцас хийхэд мөн хэрэглэгддэг.
- Радон (үнэр, өнгө, амтгүй хий). Ураны цацраг идэвхт задралын үед үүсдэг хий бөгөөд агаарт болон усанд агуулагдах боломжтой. Нийт уушгины хорт хавдрын тохиолдлын 3-14 хүртэлх хувь нь уг хийн улмаас үүдсэн байдаг талаар ДЭМБ тэмдэглэжээ.
- Удамшил (хэрэв гэр бүлд тань хэн нэгэн уушгины хавдраар өвчилж байсан бол удамших магадлалтай)
- 50-аас дээш насны хүмүүс өвчлөх магадлал өндөр байна
- Ажлын орчин (уул уурхай, барилга, химийн үйлдвэр гэх мэтчилэн)
- Уушгины архаг хууч өвчин (бүрэн эмчлэгдээгүй удсан)
- Агаарын бохирдол
Уушгины хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг:
Уг өвчний эхэн үед амьсгалын замын эд эрхтнүүдэд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд өвчтөн өөр эмчид хандаж, буруу эмчилгээ хийлгэж цаг хугацаа алдах тохиолдлууд бий. Иймд эхэн үеийн шинж тэмдгийг таньж, зөв эмчид хандаж оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай юм.
- Өндөр халуурах (халуун бууруулах эмийн үйлчилгээнд дарагдахгүй байна)
- Сульдах, тамир тэнхээгүй болох
- Арьсны гадаргуу дээр загтналт ихтэй толбо үүсэх
- Булчин хавагнах, сулрах
- Мэдрэлийн төв систем гэмтэх (толгой эргэх, ухаан алдах, орон зайн баримжаа алдах, мэдрэх чадамж буурах)
Уушгины хорт хавдрын үндсэн шинж тэмдэг:
- Амьсгалахад тогтмол зовуурь мэдрэгдэх
- Амьсгалахад бэрх болох
- Цээж хөндүүрлэх
- Тодорхой шалтгаангүйгээр жин буурах
- Хоолны дуршил буурах
- Цус өтгөрөх
- Хүчтэй ханиалгах (зарим үед цустай цэр ялгарна)
- Бие хүчтэй өвдөх
Уушгины хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдах
- Хорт зуршлаас татгалзах, тэр дундаа тамхинаас зайлсхийх
- Бронхит болон бусад амьсгалын тогтолцооны өвчлөлийг цаг тухайд нь эмчлэх, эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийж гүйцэтгэх
- Витамин, эрдэс бодисоор баялаг хүнс хэрэглэх
- Хөдөлгөөний идэвхтэй байх
- Өөрийн амьдарч буй орчны ариун цэврийг сайтар сахих, тогтмол агаар сэлгэх
- Химийн хүнд металлуудтай ажилладаг бол ажлын явцад хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглэж хэвших
Манай улсын хувьд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд удаж буй. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд их хэмжээний хохирол учруулдаг байна. Тэр дундаа жирэмсэн эхэд, ургийн хөгжилд, бага насны хүүхдүүдэд, архаг хууч өвчтэй хүмүүст илүү хүндээр нөлөөлөх тал бий. Иймд орчны нөхцөл байдлын улмаас бидний хэн ч уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл байгаа тул хэдий та тогтмол үзлэгт хамрагдаж өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.
Хорт хавдар бол олон хүний амьдралын авч одсон чимээгүй тахал. Хүний амьдралыг “өмнө” ба “дараа” гэсэн хоёр хэсэгт хувааж эрч хүч, баяр баясал бүхнийг өөртэйгөө авч оддог. Гэвч бидэнд урьдчилан сэргийлэх боломж үргэлж байгаа гэдгийг та битгий мартаарай. Өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж, хайртай бүхнийхээ төлөө хамтдаа хичээцгээе.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд мэргэжлийн байгууллагын үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах хэрэгтэйг сануулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube