Хөхний хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс
Дэлхийн хэмжээнд 2018 оны байдлаар нас баралтын шалтгааны хоёрдугаарт хорт хавдар орсон бөгөөд 9.6 сая хүн буюу 6 хүн тутмын 1 нь хорт хавдрын улмаас нас барсан байна. Хорт хавдрын нас баралтын хамгийн түгээмэл шалтгааны дунд 627 мянгаар хөхний хорт хавдар багтсан байдаг.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 78 дугаар тушаалаар “Умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг, эргэн дуудах тогтолцоо” бүртгэл мэдээллийн удирдамж гарснаар эрт илрүүлэг, үзлэг хийгдэж эхэлсний хүрээнд 2019 онд хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 24.5% нь хамрагдсан. Үүнээс 272 эмэгтэй маммографи шинжилгээнд(хөхний рентген зураг авах шинжилгээ) хамрагджээ. Хөхний хорт хавдрын өндөр эрсдэлт бүлгийн 162 эмэгтэй бүртгэгдэж, 129 эмэгтэй хавдрын урьдал эмгэгийн эмчилгээнд хамрагдаж, 23 мэс ажилбар хийгдсэн байна. Үүний зэрэгцээ хавдрын 9 шинэ тохиолдол үзлэгээр илэрсэн тоон мэдээлэл байна.
Хэдий эдгээр тоо нь улсын хэмжээнд үзэхэд бага мэт санагдаж болох ч хөхний хавдар үүсэхэд нөлөөлөх өөрчлөгдөшгүй хүчин зүйлсэд хүйс багтдаг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бүр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл байдаг гэсэн үг. Гэтэл эрт илрүүлэг үзлэгт нийт эмэгтэйчүүдийн 30 ч хүрэхгүй хувь нь хамрагдсан байгаа юм. Иймд бид танд хөхний хавдрын талаар тодорхой ойлголт, үүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Хөхний хорт хавдар гэж юу вэ?
Хөхний эсэд, хэлтэнцэрт, сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүсдэг хорт хавдар бөгөөд хөхний гүнд аль эсвэл арьсан доор өвчингүй бэрсүү үүсэх, суганд зангилаа үүсэх, хөхний хэлбэр өөрчлөгдөх, хөхөн дээр тууралт үүсэх зэрэг нийтлэг шинж тэмдгүүдээр илэрнэ. Энэхүү хорт хавдар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолдож болох боловч эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байна. Ихэвчлэн 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдох ч сүүлийн үед залуужих хандлага ажиглагдаж буй.
Хөхний хавдар эсийг 3 зэрэгт ангилдаг. 1-р зэрэг гэдэг нь аажмаар томорч тэлэх ба идэвхжил сул, 2-р зэрэг нь дунд зэрэг, 3-р зэрэг нь хурдан томорч тэлэх ба идэвхэжсэн байна.
Хөхний хорт хавдар эдгэрэх, эсэн мэнд үлдэх түвшин нэмэгдэж, энэ өвчнөөр нас барах хүний тоо тогтмол буурах нь эрт илрүүлэх, эмчилгээний шинэ арга барил, хувийн хандлага, өвчний талаар ойлголттой байх зэргээс ихээхэн хамаарна.
Хөхний хорт хавдар яагаад үүсдэг вэ?
Хөхөн дэх эсүүдэд хэвийн бус өөрчлөлтүүд орсноор хөхний хавдар үүсэх шалтгааны үндэс болдог. Энэхүү эсүүд нь эрүүл эсүүдээс илүү хурдтайгаар хуваагдаж, цаашлаад хуримтлагдсанаар бөөгнөрөл үүснэ. Ингэснээр цээжээр дамжин тунгалгийн зангилаа үүсгэх, биеийн бусад хэсэгт тарж үсэрхийлэх болно.
Судлаачид хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй даавар, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийг тогтоосон байдаг. Эдгээр эрсдэлт хүчин зүйлсээс гадна тодорхойгүй шалтгааны улмаас хавдар үүсэх ч тохиолдол бий бөгөөд үүнийг генетикийн онцлогтой холбож үздэг байна.
Эмч нарын үзэж буйгаар хөхний хорт хавдрын 5-10% нь удамшлын шалтгаантай байдаг. Хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй удамшсан мутацийн BRCA1 буюу ген1 ба BRCA2 буюу ген2 гэх хавдрын генүүд байдаг байна.
Хөхний хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс
Хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг өөрчилж болох болон өөрчилж болохгүй гэж ангилж үздэг. Өөрчилж болохгүйд: хүйс, нас, удамшил. Өөрчилж болох хүчин зүйлсэд амьдралын хэв маяг буюу хорт зуршил, хоол хүнсний буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, туяаны нөлөөлөл/хэт ягаан туюу г.м./, химийн болон физикийн хүчин зүйлс багтана. Хөхний хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс:
- Хүйс. Хөхний хорт хавдраар гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг
- Нас. Хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нь нас нэмэгдэх тусам өндөрждөг бөгөөд 50-аас дээш насанд илүү тохиолдоно
- Амьдрах орчин. Газар зүйн байрлалаас хамаарч хөхний хорт хавдар үүсэх магадлал нэмэгдэх боломжтой
- Хөхний өвчний түүх. Хэрэв хөхний хэвийн бус гиперплази илэрсэн бол хөхний хорт хавдрын эрсдэл нэмэгддэг. Гиперплази гэдэг нь эд, эрхтний эсийн тоо нэмэгдэж, улмаар эрхтэн эвсэл шинэ формацийн хэмжээ нэмэгдэх үйл явцыг нэрлэх бөгөөд хөхний булчирхай, өндгөвч, бамбай булчирхай, ихэс, түрүү булчирхайд хөгжиж болно
- Хөхний хорт урьдал өвчтэй бол. Хэрэв та хөхний хорт хавдраар өвчилж байсан бол дахин сэдрэх, давтах магадлал байдаг байна
- Удамшил. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн хөхний хорт хавдраар өвчилж байсан тохиолдолд хавдрын магадлал мөн адил нэмэгддэг байна
- Цацраг туяа. Хэрэв та цацраг туяаны эмчилгээ хийлгэж байсан бол хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгдэнэ
- Таргалалт
- Сарын тэмдэг эрт эхлэх. Дэлхийн бүх улс оронд газар зүйн байрлал, цаг уурын онцлогоос үл хамаарч охидын анхны сарын тэмдэг 12-13 насанд эхэлдэг байна. Харин 12 наснаас эрт сарын тэмдэг эхлэх нь зарим тохиолдолд хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна
- Цэвэршилт орой явагдах. 55 наснаас хойшоо цэвэршилт явагдах нь хөхний хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ
- Орой төрөх. 30-аас дээш насанд анхны хүүхдээ төрүүлэх нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ
- Огт жирэмсэлж байгаагүй бол
- Хүүхдээ хөхөөрөө хооллодоггүй бол
- Дааврын эмчилгээ (эстроген ба прогестероныг хослуулан хэрэглэх) урт хугацааны туршид хийлгэж байсан тохиолдолд
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Дээр дурдсанчлан нас болон хүйс нь хорт хавдар үүсэхэд нөлөөлж болзошгүй өөрчлөгдөшгүй хүчин зүйл юм. Иймд хэрэв та эмэгтэй бол, эрсдэлт бүлэгт багтаж байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж хэвшээрэй.
- Өөрийн хөхийг ажиглах. Хэлбэр, хэмжээ, арьсан доорх бөөгнөрөл гэх мэт гарч буй бүх өөрчлөлтийг сайтар ажиглаж, таньж чаддаг байх
- Хэдий хөхний талаарх мэдлэг нь хорт хавдраас бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй ч өөрчлөлтийг илүү сайн таньж, хэвийн бус шинж тэмдгийг тодорхойлоход тусална
- Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж хэвших
- Дааврын эмчилгээг эмчийн хяналт доор явуулах. Холимог дааврын эмчилгээ нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тул дааврын эмчилгээний үр ашиг, сөрөг талын талаар мэргэжлийн эмчтэй зөвлөж, шаардлагагүй тохиолдолд бүрэн хязгаарлах
- Жингээ хэвийн хэмжээнд барих. Жингийн илүүдэл нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тул өдөр тутмын хооллолтод анхаарал тавьж, эрүүл хэв маягаар хооллох нь зүйтэй
- Эрүүл хооллолтыг сонгоорой. Чидун жимсний тос, холимог самар, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал зэргээр хооллодог эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг байна
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube