Ханиад
Ханиад нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирусаар үүсгэгддэг ханиад элбэг тохиолддог.
Ханиадны вирус амьсгалын замаар дамждаг. Иймд ханиад хүрсэн хүний ойролцоо байх эсвэл вирусээр бохирдсон гадаргууд (хаалганы бариул, компьютерын гар гэх мэт) хүрсний дараа гараа шууд нүүр амандаа хүргэх үед ханиадны халдвар авах магадлал ихэснэ.
Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушигны хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй.
Шалтгаан
- Зургаа болон түүнээс доош насны хүүхдүүдийн ханиад хүрэх магадлал бусад насныхнаас өндөр
- Хэрэв тухайн хүн ямар нэгэн суурь өвчтэй бол дархлааны систем суларсан байх ба энэ нь ханиад хүрэх магадлалыг ихэсгэнэ
- Тамхи татдаг хүн бусад хүмүүсээс илүү ойр давтамжтай ханиад хүрэх ба байдал амархан хүндэрдэг
- Олон хүнтэй өрөөнд удаан суух, онгоц автобусанд явахад ханиад хүрэх магадлал ихэснэ
Шинж тэмдэг
Ханиад хүрч эхлэхэд дараах шинж тэмдгүүд илэрдэг.
- Хамар хоолой загатнах
- Найтаах
- Хамар битүүрэх
- Ханиах
- Үе үе нулимс гоожих
- Хамраас нус гоожих
- Толгой өвдөх
- Хоолойд цэр тээглэх
- Хоолой өвдөх
- Халуурах
Хүндрэл
- Чихний хэнгэрэгний хойд хэсэгт ханиадны вирус орсноор хүндрэл үүсч болно. Өндөр халуурч, чих өвдөн ногоон шар өнгийн шүүс хамар болон чихнээс гарах
- Энгийн ханиад эдгэрэхгүй удаан явахад астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин болж хүндэрнэ
- Хоолой үрэвсэн улайж идээлэх, уушги үрэвсэж хатгалгаа болох гэх мэт бусад хүндрэлүүд тохиолдоно.
Эмчилгээ
Шингэн зүйл уух
Ханиад хүрсэн үед хоолойгоо чийглэж ус уух нь ядарч сульдахаас сэргийлнэ. Өөрийн таашаадаг шингэн халуувтар зүйлсийг /цэвэр ус, цай, жимсний шүүс гэх мэт/ ууж болох бөгөөд өдөрт дор хаяж 10 аяга уухыг зөвлөнө.
Хамар хоолойг утах
Халуун уур хамрын бөглөөг гаргадаг. Ус буцалгаад уураар нь амьсгалж гэрийн нөхцөлд утлага хийх боломжтой ба салхи авахуулахгүй байх нь чухал.
Хамраа цэвэрлэх
Ханиадтай үед нусаа ойр ойрхон татсанаар вирус чихний сувагт цугларч чихний өвчин үүсгэх боломжтой. Тиймээс хамартаа нустай байхаас зайлсхий.
Хамрын хөндийг давстай усаар цэвэрлэх
Зориулалтын хамар угаах бэлдмэл, савыг ашиглаж хамраа угаах
Хоолойгоо зайлах
Ханиад хүрсэн үед чих хоолой маш ихээр загатнаж маажмаар санагдана. Энэ үед эмчийн зөвлөсөн зориулалтын хоолой зайлах шингэн эсвэл гэрийн нөхцөлд бэлдсэн шингэн ашиглан хоолоогой зайлж болно.