Чихрийн шижин
Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотойгоор үүсдэг өвчин юм. Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задарна. Энэ нь биеийн бусад эсүүдэд хэрэгтэй энергийг бий болгодог. Харин цусан дахь глюкозын хэмжээг инсулин зохицуулдаг.
Чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулдаггүй эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй. Тиймээс цусанд агуулагдах глюкозын хэмжээ харьцангуй их байна. Цусан дахь глюкозын хэмжээ 1 децилитрт 126 мг болох, эсвэл огт юм идээгүй байхад нэг шөнийн дотор үүнээс ихэссэн байх тохиолдолд чихрийн шижин өвчтэй гэж таамаглана.
Хэлбэр
Чихрийн шижин өвчний хэлбэрүүд
1-р хэлбэрийн чихрийн шижин: Нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд (бета эсүүд) нь дархлааны системээс болж устсан тохиолдолд үүсдэг. Ийм эмгэгтэй хүмүүс инсулин ялгаруулдаггүй учир цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай. Энэ хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн 20-оос доош насанд эхэлдэг.
2-р хэлбэрийн чихрийн шижин: Уг хэлбэрийн чихрийн шижин нь маш элбэг тохиолддог. 2-р хэлбэрийн чихрийн шижин нь 1-р хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь инсулин ялгаруулдаг. Гэвч ялгарсан инсулин нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй эсвэл өвчтөний биед нөлөө үзүүлдэггүй. Энэ тохиолдолд глюкоз эсүүдэд хуваарилагдаж чадахгүйд хүрдэг. Илүүдэл жинтэй, 40 гаруй насны хүмүүс өвчлөх хандлагатай боловч хэвийн жинтэй хүмүүс тусах магадлал ч бий. Заримдаа “Насанд хүрэгсдийн чихрийн шижин” гэж нэрлэх бөгөөд сүүлийн үед хүүхдүүд хүртэл өвчилж байгаа нь хэт таргалалт залуужиж байгаагийн илрэл юм.
Шинж тэмдэг
Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажим хүндэрдэг. Тиймээс ихэнх хүмүүс хүндрэхээс нааш өөрийгөө чихрийн шижингээр өвчилснөө мэддэггүй. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай хандан цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.
- Ойр ойрхон шээх
- Ам цангах
- Амархан сульдах
- Уцаартай болох
- Хараа муудах
- Жин нэмэх эсвэл огцом жин хасах
- Гэмтэл шарх удаан эдгэрэх
- Арьс амархан үрэвсэх
- Бие загатнах
- Амны хөндий үрэвсэх
- Бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх, бэлгийн сулралд хүргэх
- Гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Хүндрэл
- Харааны гажиг: Нүдний даралт ихсэх, болор гэмтэх, хараа муудах, бүрсийж харагдах, харах чадвараа бүрэн алдах эрсдэлтэй
- Захын эрхтэн: Мэдрэлийн гаралтай өвдөлт, шалтгаангүй шархлаа үүсэх, эдгэрэлт удаашрах, үхжиж харлах
- Арьс: Арьс загатнах, арьсны үрэвсэл, арьсны идээт тууралт, арьсны харлалт
- Зүрх: Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал үүсэх, даралт ихсэх, зүрхний шигдээсболох, цус харвах аюултай
- Сэтгэл зүй: Сэтгэл гутралд орох, айдастай болох,
- Сонсголын гажиг: Сонсгол буурах
- Амны хөндий: Буйл өвчлөх, үрэвсэл үүсэх
- Ходоод: Ходоодны булчин ажиллахаа болих аюултай
- Мэдрэлийн өвчин: Мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, мэдрэлийн судасны үрэвсэл үүсэх
- Гиперосмоляр гипергликемийн байдал:Цусан дахь глюкозын хэмжээ хэт өссөн үед цус болон шээсэнд кетон огт байхгүй болдог. Энэ нь маш аюултай байдал юм. Мөн халдварт өвчинд өртөмтгий болох зэрэг маш олон хүрдэл үүсдэг тул чихрийн шинжин өвчнөөр оношлогдсон даруйдаа зохих эмчилгээ хийлгэж, гам барих шаардлагатай.
Оношилгоо
Чихрийн шижин өвчний өмнөх шинж тэмдэг эсвэл аль хэдийнээ хүндэрсэн эсэхийг оношлохын тулд хэд хэдэн шинжилгээний хариуг харгалзан авч үздэг. Цусан дахь сахарын хэмжээ энгийн хүнийхээс харьцангуй их, чихрийн шижин гэж оношлоход харьцангуй бага байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэг гэдэг.
- A1C тест өгч цусан дахь сахарын түвшинг тодорхойлох
- 5% хүрсэн байвал чихрийн шижин туссан
- 7 – 5.99% байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
- 7% болон түүнээс бага байвал хэвийн
- FPG буюу Сийвэнгийн глюкозын сорил өгөх
- 126 мг байвал чихрийн шижин туссан
- 100-125.99 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
- 100 мг-аас бага байвал хэвийн
- OGTT буюу Амьсгалын глюкозын сорил өгөх
- 200 мг хүрсэн байвал чихрийн шижин туссан
- 140 – 199.9 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
- 140 мг –аас бага байвал хэвийн.
Та тохиолдлоор болон өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхөд цусан дахь сахарын хэмжээ нь дээр дурдсан чихрийн шижингийн өмнөх ба чихрийн шижин туссан гэх тодорхойлолтод хамрагдаж байвал мэргэжлийн эмчид заавал хандаарай.
Урьдчилан сэргийлэх
- Эрүүл хооллож, жингээ барих: Биеийн жингээсээ 7 хувийг л хасахад цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг харьцангуй их хэмжээгээр буулгах боломжтой. Өөх тостой хүнсийг багасган жимс ногоо, үр тарианы хэлбэрийн хүнс түлхүү хэрэглэж эрүүл хооллох нь тустай.
- Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маяг болгож хэвшүүлэх хэрэгтэй. Байнгын дасгал хөдөлгөөн нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг багасгадаг. Мөн өвчилсөн хүмүүст сахарын хэмжээгээ тогтмол хэмжээнд байлгахад тусална.
- Жил бүр тогтмол нүдний эмчид үзүүлэх: Нүдний болор гэмтэх, нүдний даралт ихсэх аюултай байдаг тул нүдний мэргэжлийн эмчид тогтмол хандах нь зүйтэй.
- Дархлаагаа сайжруулах: Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь дархлааг сулруулах аюултай. Тиймээс дархлаагаа байнга сайжруулах хэрэгтэй.
- Хөлөө үргэлж анхаарч байх: Хөлөө өдөр бүр бүлээн усанд угааж, хөлийн хуруунуудаа зөөлөн арчиж хатааж, хөлийн улыг тогтмол тосолж байх нь үр дүнтэй. Хөл хавдсан, улайсан, гэмтсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
- Амны хөндийгөө хамгаалах: Шүдээ 2 болон түүнээс дээш удаа угааж хэвших. Шүд өвдөөгүй байсан ч шүдний эмчид 6 сар тутам үзүүлж, буйлны архаг үрэвсэлтэй болохоос сэргийлэх хэрэгтэй.
- Тамхи, тамхины хэлбэрийн зүйлс хэрэглэдэг бол болих хэрэгтэй: Тамхи хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөнүүд зүрх, судасны өвчнөөр нас барах магадлал өндөр байдаг.
- Архи, согтууруулах ундааны хэрэглээг зогсоох: Алкоголь нь хэр хэмжээгээр хэрэглэхээс шалтгаалаад цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх, багасгах нөлөө үзүүлдэг. Хэрэглэхээр бол бүх насны эмэгтэй хүмүүс өдөрт 1 хундага, 65-аас доош насны эрэгтэй хүн өдөрт 2 хундага, 65-аас дээш насны эрэгтэй хүн өдөрт 1 хундагыг зөвхөн хоол идсэний дараа ууж болно.
- Стрессд орохгүй байх: Энгийн үед стрессийг хүндээр тусгаж авах нь бага. Харин чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хувьд илүү хяналт тавих шаардлагатай байдаг. Тиймээс хангалттай унтаж амрах, сонирхдог спортоороо хичээллэх нь сайн эмчилгээ болно.
Эмчилгээ
Гол эмчилгээ нь хоолны дэглэм барих явдал юм. Нэгэнт чихрийн шижин өвчтэй болсон бол бүх насаараа эмчлүүлэх шаардлагатай болдог.
Одоогоор энэ өвчнийг бүрэн эмчлэх арга байхгүй бөгөөд эрүүл байлгахын тулд цусан дахь инсулиныг тогтвортой барих эмчилгээ хийгддэг.
Чихрийн шижин өвчтэй хүнд сургалт хийх, хоол, хөдөлгөөн, эмийн ба инсулин гэсэн таван цогц эмчилгээ хийнэ. Үүнээс зөв хооллолт, хөдлөгөөн нь өвчтөний зүгээс хийх хамгийн чухал эмчилгээний суурь болдог.