Нуруу бөгтийх
Нуруу дугуйрч хүзүү, толгой урагш болохыг нуруу бөгтийх гэнэ. Насны онцлогоос шалтгаалсан бөгтөр нь ясны сийрэгжилтийн нөлөөгөөр сээр нурууны хэлбэр өөрчлөгдөн , холбоос дарагдсанаас үүддэг. Бусад төрлийн бөгтөр нь өсвөр насны хүүхдүүдэд элбэг ажиглагддаг ба сээр нуруу бэхжих явцад удаан хугацаагаар бөгтийж суух, байнга бөгтийх зэрэг шалтгаанаар үүснэ.
Хүнд хэлбэрийн бөгтийлт нь ясны хэлбэрийг өөрчлөх аюултай.
Шалтгаан
Сээр нурууны яс нь олон цилиндр хэлбэртэй ясыг давхарласан мэт харагддаг. Харин нуруу бөгтийх өвчний үед сээр нурууны дээд хэсэг нь шаантаг хэлбэртэй болдог. Энэ өөрчлөлт нь дараах шалтгаануудын улмаас үүсэх боломжтой.
- Ясны сийрэгжилт
- Нурууны яс суулт өгөх (Диск суух)
- Төрөлхийн гажиг
- Байнга бөгтийж суух, бөгтийж явах
- Өсвөр насны охид хөхнөөсөө ичиж байнгын бөгтийж явах
- Хорт хавдар болон хорт хавдрын эмчилгээ хийлгэснээс нуруу бөгтөр болсон байж болно.
Шинж тэмдэг
Нуруу бөгтийх өвчнөөс дараах хүндрэлүүд үүсэх магадлалтай.
- Биеийн гоо зүй алдагдах
- Нуруу байнга өвддөг болох
- Нуруу бөгтөр болсноор хэвлий хэсэг дарагдаж, цатгалан мэт сэтгэгдэл төрнө.
Урьдчилан сэргийлэх
- Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийг бөгтийж суулгахгүй, зөв суулгаж сургах
- Өсвөр насны охидтой дотно ярилцаж, асуудлыг нь сонсон, цээжээ өргөж, нуруугаа эгцхэн байлгах талаас нь зөвлөгөө өгөх
- Шаардлагатай бол нурууны бөгтөр засах бүс зүүх
- Гар утсаа зөв барих
- Зөв амьсгалах нь биеийн харьцааг зөв болоход тусалдаг.
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Хүнсэндээ сүү, тараг, бяслаг зэрэг кальциар баялаг хүнс хэрэглэх нь нуруу бөгтийхөөс сэргийлэх ач тустгай.
Оношилгоо
Эмч үзлэг хийхдээ нуруугаа тэнийлгэж болж байгаа эсэхийг асууна. Мөн дараах шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай.
- Рентген зураг
- Компьютер томографи
- MRI зураг
Эмчилгээ
Шинж тэмдэг хэр хүндэрсэн байдлаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг.
Нуруу чилж өвдсөн тохиолдолд өвчин намдаах зорилгоор ибупрофен, ацетаминофен, тиленол зэрэг эм, үрэвслийн эсрэг эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй. Мөн физик эмчилгээ хийдэг.
Хэрэв нурууны бөгтийлт хүнд хэлбэртэй бол бөгтийх градусыг багасгах мэс засал хийнэ. Сээр нуруунд төмөр хийж нурууны бөгтрийг багасгах мэс засал нь хамгийн элбэг хийгддэг.
Хувь хүний зүгээс удаан сууж ажиллах үедээ хоёр цаг тутамд 15 минут амарч дасгал хөдөлгөөн хийж сурах нь нуруу бөгтийхөөс сэргийлэх ач холбогдолтой.