Хөх томруулах суулгацын талаар таны мэдэх ёстой зүйлс
Өнөө цаг үед өөрийн биеийн болон нүүрний асуудалтай хэсгүүдээ пластик мэс заслын аргаар янзлуулах боломжтой болсон. Хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбаруудын нэг бол хөхний өө засах, томруулах юм. Энэ удаад бид хөх томруулах мэс ажилбарын талаар таны мэдэх хэрэгтэй баримтуудыг хүргэж байна.
Суулгацын төрөл
Хөх томруулах суулгацын чанар, эдэлгээ, түүнийг солих хугацаа зэрэг нь агуулагдах дүүргэгчээс хамаарна. Одоогийн байдлаар дараах 3 төрлийн суулгац байна. Эдгээрийн эдэлгээ н
- Давсны уусмал. Пластик мэс заслын хамгийн анхны ашиглагддаг байсан суулгацын нэг ба одоо ашиглагдах нь ховор. Бусад суулгацтай харьцуулахад үнийн хувьд бага, жижиг зүсэлт хийгддэг, гэмтэж хагарсан тохиолдол хүний биед хоргүй давсны уусмалаар дүүргэсэн зэрэг давуу талуудтай. Гэвч мэдэгдэхүйц жинтэй учир хөхний булчирхайг унжуулах, хөдөлгөөн хийхэд чимээ гарах, амархан гэмтэх, тогтмол солиулах шаардлагатай зэрэг сөрөг талуудтай байдаг байна.
- Силикон. Одоо ашиглагддаг силикон суулгацын гадаргуу илүү чанартай болж гэмтсэн тохиолдолд тархдаггүй өтгөн гельээр дүүргэгдсэн байдаг. Хүрэх үед төрөлхийн мэт мэдрэмж төрүүлэх, харшлын урвал үзүүлэх магадлал бага, санах эсийн тусламжтайгаар базсан үед ч буцаад хэвийн хэлбэртээ орц чаддаг зэрэг давуу талуудтай.
- Гидрогель. Энэхүү суулгацын онцлог нь байгалийн гаралтай карбоксиметил целлюлозоос бүтдэгээрээ онцлогтой юм. Үнийн хувьд бусад суулгацаас нэлээд зөрүүтэй ч хэд хэдэн давуу талууд бий. Харшлын урвал, үрэвсэл үүсгэх магадлал бага, суулгац задарсан ч биед аюулгүй глюкоз, ус, нүүрстөрөгчийн давхар эсэл зэргээс бүрдэнэ.
Суулгацын ашиглалтын хугацаа ба анхаарах зүйлс
Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хөх томруулах мэс ажилбарыг хийлгэснээр насан туршдаа асуудлаа шийдсэн гэх нийтлэг ташуу ойлголт ажиглагддаг. 1960-аад оноос хойш хөхний суулгац нь харьцангуй сайжирч аюулгүй болсон. Хэдий үйлдвэрлэгчид насан туршийн баталгаа өгдөг ч ашиглалтын хугацаанд нөлөөлөх олон хүчин зүйлс бий.
Дунджаар суулгацын ашиглалтын хугацааг 10-15 жил гэж үздэг. Тодорхой нэг хугацааг хамгийн туршлагатай мэс заслын эмч ч хэлэхэд хүндрэлтэй байдаг байна. Учир нь эмэгтэйн биеийн ерөнхий өөрлчлөлт, суулгац байрлуулсан хэсгийн өөрчлөлт, арьс унжих зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Тиймээс та мэс ажилбарын дараа тогтмол суулгацын байдлыг шалгуулж байх шаардлагатай гэдгийг анхаарна уу!
Суулгацын хэмжээний тухайд
Суулгацын хэмжээ тодорхойлох нь дүүргэгчийн эзлэхүүнээр тодорхойлогдоно. Загвар болон үйлдвэрлэгчээс хамааран тус тусын “хэмжээний хүснэгтүүд” бий. Дунджаар 150 мл дүүргэгч тутамд хөх нэг хэмжээгээр нэмэгддэг. Хэмжээг сонгоход цээжний өргөн, хөхний анхны хэмжээ ба түүний хэлбэр, арьсны уян хатан байдал, цээжний бүтцийн онцлог шинж чанарууд зэргийг анхаарна.
Мэс ажилбарын тухайд
Хөх томруулах мэс заслыг нийт 3 төрлийн байрлалд зүсэлт хийн суулгац буюу имплантыг байрлуулна. Эхний аргачлал нь суганы төрөлхийн үрчлээнд 2-3 см зүсэлт хийж хөхний доор байрлах цээжний булчингийн доогуур суулгацыг оруулах. Энэ төрлийн мэс ажилбар нь хөхний тэгш байдлыг хадгалах, мэдрэл гэмтэх эрсдэл бага зэрэг давуу талуудтай байна. Хоёр дахь аргачлал нь хөхний товчны хүрээний орчимд бага зэргийн зүсэлт хийж суулгацыг байрлуулах юм. Ихэвчлэн хурдан эдгэрэх хүсэлтэй, өвдөлтөд тэсвэргүй эмэгтэйчүүдэд тохиромжтой. Мөн сорив бага үлдэх, дахин мэс засал хийх тохиолдолд тохиромжтой зэрэг давуу талуудтай байна. Гурав дахь аргачлалын хувьд хөхний доод болон хэвлийн хөндийн дээд хэсгийн дундах үрчлээнд 3-4 см зүсэлт хийж суулгацыг байрлуулах юм. Энэ мэс ажилбар нь бага хугацаанд хийгдэж, хөхийг төрөлхийн мэт харагдуулах зэрэг давуу талуудтай байна.