Дутуу нойрны улмаас эрүүл мэндэд үүсэх 9 асуудал
2017 онд хийгдсэн судалгаагаар ажил эрхэлдэг хүмүүсийн 80% нь нойрны асуудалтай болохыг тогтоосон байдаг. Харин цар тахлын үед эдгээр хүмүүсийн тоо улам бүр өссөн хандлага ажиглагджээ. Удаан хугацааны туршид дутуу нойртой байх нь эрүүл мэндийн хэд хэдэн асуудлын шалтгаан болдог байна.
Дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлнө
Та ойр ойрхон ханиад хүрдэг үү? Энэ нь дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд асуудал гарч байгаагийн шинж юм. Судалгаанаас үзэхэд өдрийн нойрны хугацаагаа 2 цагаар нэмсэн хүмүүсийн өвчинд өртөх магадлал 3 дахин багассан байна.
Ажлын бүтээмжийг бууруулна
Дутуу нойр нь ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ ой тогтоолт мууддаг тул ажил гэлтгүй хэвийн амьдралын хэмнэлийг ч мөн адил алдагдуулдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нойргүйгээс үүдэж ядарсан үедээ жолоо барих нь согтуугаар жолоо барьсны улмаас амь насаа алдсан хүмүүсээс 2 дахин их байдаг гэжээ. 6-аас бага цагийн нойр нь хүний цагийн болон орон зайн баримжаанд нөлөөлдөг аж.
Эрчимтэй таргална
Дутуу нойртой хүн түлхүү их идэх хандлага ажиглагддаг. Учир нь энэ үед хүний биед грелин даавар (хоолны дуршлыг зохицуулдаг даавар) их хэмжээгээр ялгарч, лептин даавар (энергийн солилцоо биеийн жин хариуцах даавар) багасдаг байна. Лептин дааврын ялгаралт багассанаар эрчимтэй жин нэмж эхэлдэг бөгөөд дасгал хийсэн ч жин хасагдахгүй байх талтай юм. Нэгэн судалгааны үр дүнд 4 цагийн нойртой хүний таргалах магадлал 7-9 цаг унтсан хүнийхээс 73%-иар их байсан байна.
Зүрхний шигдээсийн магадлалыг нэмэгдүүлдэг
Олон судалгааны үр дүнд дутуу нойр нь зүрх судасны тогтолцооны эмгэгт хүргэдэг гэдгийг баталсан байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хангалтгүй амралт нь бодисын солилцоог удаашруулж, цусны даралт болон үрэвслийг нэмэгдүүлдэг байна. Эдгээр нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эмгэг үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс болдог аж.
Толгойн өвдөлт болон стресс нэмэгддэг
Хангалттай хэмжээний нойр аваагүй үед кортизол дааврын ялгаралт нэмэгддэгээс үүдэн толгойн өвдөлт нэмэгдэж, стресст өртөмтгий байдаг аж. Кортизол даавар гэдэг нь бөөрний дээд булчирхайгаас ялгардаг бөгөөд нүүрс ус, цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлэх зэрэг үүрэгтэй байна. Харин стресст их автахад нойр муудах магадлал нэмэгддэг бөгөөд ингэснээр маш бөх гинжин хэлхээ үүсэх эрсдэлтэй юм. Иймд та дутуу нойртой олон өдөр явахаас зайлсхийгээрэй.
Дутуу нойр нь сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг
Олон өдрийн турш дутуу нойртой явах нь ядрахаас хүнд үр дагаварт хүргэдэг байна. Тухайлбал, депресс, түгшүүр гэх сэтгэцийн эмгэг бий болоход нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болно. Их Британи улсад BBC сувгийн “Trust me I’m a Doctor” нэвтрүүлгийн баг Оксфорд их сургуультай хамтран нэгэн судалгааг хийсэн байдаг. Энэхүү судалгаанд оролцсон хүмүүсийг эхний гурван өдөр найман цаг, дараагийн гурван өдрийн туршид дөрвөн цаг унтсан аж. Туршилтын хугацаа дууссаны дараа оролцогчид сүүлийн гурван өдрийн дараа стрессийн түвшин, түгшүүр, уур уцаар, итгэлгүй байдал нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрчээ.
Чихрийн шижингээр өвчлөх магадлал нэмэгддэг
Дутуу нойрноос үүдэх хамгийн аюултай үр дагавруудын нэг бол чихрийн шижин юм. “The Lancet diabetes Endorinology” эрүүл мэндийн сэтгүүлээс гаргасан судалгаанд 8-аас бага мөн түүнээс илүү цагийн нойртой байх нь бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг баталжээ. Ердөө хэдхэн өдөр 4 гаруй цагийн нойртой байсан хүмүүсийн цусан дах сахарын хэмжээ мэдэгдэхүйц удаан буурч байсан аж. Эдгээрийн үр дагаварт 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх магадлал нэмэгдэх эрсдэлтэй юм.
Тестостерон дааврын ялгаруулалт тасалдаж булчингийн масс нэмэх явцыг удаашруулна
Булчингийн масс нэмэхэд дасгал хөдөлгөөн, хооллолтоос гадна бүтэн нойр маш чухал юм. Учир нь дутуу нойр бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг тул таныг зорилгодоо хүрэхэд саад учруулна. Үүний зэрэгцээ тестостерон буюу эр дааврын ялгаралт тасалддаг байна. Энэхүү даавар нь бэлгийн үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд багасахад бухимдал, стресст өртөх нь ихэсдэг аж.
Нас баралтын эрсдэл нэмэгддэг
Эрчүүдийн амьдралын сүүлийн жилүүдэд нойрны үргэлжлэх хугацаа мэдэгдэхүйц багасдаг. Одоогоор мэргэжилтнүүд дутуу нойр нас баралтад хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлгэрэнгүй судалгааг хийж байна. Үүнээс гадна цусны даралт, чихрийн шижин зэрэг эмгэгт нойргүйдэл их хэмжээгээр нөлөөлдөг тул амьдрах хугацаанаас хороодог гэдгийг мартаж болохгүй!
Дүгнэлт
Дутуу нойрыг 6 болон түүнээс доош цаг, их унтах гэдгийг 9 ба түүнээс дээш цаг унтах гэж ойлгоно. Шилжилтийн нас өнгөрч буй хүүхдүүд 11 цаг, нярай хүүхэд 18 цаг, өсвөр насныхан 10 цаг унтах зохимжтой гэж үздэг байна.
Бүтэн нойр нь хүний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй аж. Хэдий хэдхэн өдрийн туршид л дутуу нойртой явсан ч энэ нь эрүүл мэндэд урт хугацааны сөрөг үр дагаврыг бий болгоно. Иймд та нойрны үргэлжлэх хугацааг 8 цагаас багагүй байлгахаар төлөвлөж сайн амарч байгаарай.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube