Зун цагийн 8 “өвчин”
Зүрх судасны тогтолцооны эмгэг
Аагим халуунд агаарын хэм нэмэгдсэнээс үүдэж цус маш хурдтай шахагдаж, зүрхний цохилт түргэсэх, цусны даралт ихсэхэд хүргэдэг аж. Түүнчлэн цус хүчил төрөгчийн дутагдалд орох, өтгөрөх эрсдэлтэй бөгөөд ухаан алдах, цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй байдаг.
Авах арга хэмжээ: Хэрэв та зүрх судасны эмгэгтэй бол эмчийн заавраар хэрэглэдэг эмийг тогтмол биедээ авч явахаа мартуузай! Мөн шингэний дутагдалд орохоос сэргийлж тогтмол ус уух, өөх тостой хоол идэхээс зайлсхийж, малгай өмсөж нарнаас хамгаалах, зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлэхгүй тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгүй байх хэрэгтэй. Түүнчлэн, спазм буюу булчингийн цочмог агшилттай бол хүйтэн уснаас зайлсхийх шаардлагатай юм.
Гипертероз
Гипертероз нь цусан дахь бамбай булчирхайн дааврын илүүдлээс үүдэлтэй эрүүд мэндийн эмгэг юм. Бамбай булчирхайн даавар нь биеийн ихэнх бодисын солилцооны үйл явцыг хянадаг. Нарны цацраг, халуун хэм нь бамбай булчирхайн дааврын хэт ялгаралтад нөлөөлдөг байна. Ингэснээр хөлрөх, биеийн хэм нэмэгдэх, сэтгэл санааны огцом өөрчлөлт, зүрхний цохилт түргэсэх, нүд хөхрөх, тогтмол шингэн гадагшлуулах, үс унах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.
Авах арга хэмжээ: Халуунд удаан хугацаагаар байхаас зайлсхийх.
Аэроотит/Бароотит
Аэроотит нь агаарын даралтын өөрчлөлтөөс үүдэх дунд чихний эмгэг юм. Нислэгээр зорчих үед түр хугацаанд сонсгол муудах, хатгаж өвдөх, чих шуугих зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Учир нь агаарын даралт өөрчлөгдөхөд залгиур, дунд чихэнд халдвар орох өндөр магадлалтай байдаг аж. Харин бароотит нь усны даралтаас үүдэх дунд чихний эмгэг юм.
Авах арга хэмжээ: шумбах, усанд сэлэх үед залгиж буй мэт үйлдлийг хийх. Энэ нь сонсголын хоолойг нээж хамар залгиур дээр ирж буй даралт дунд чихний даралттай тэнцдэг байна. Мөн уснаас гарсны дараагаар сэгсрэх хөдөлгөөнөөр чихнээс усыг гаргана. Хэрэв та удамшлын, архаг дунд чихний үрэвсэлтэй бол нисэх, сэлэх үедээ чих бөглөгч, дуу намсгагч ашиглахыг зөвлөж байна.
Миозит
Миозит нь булчингийн эмгэг юм. Халууны улиралд та агааржуулагч (A/C)-тай ойр удаан байрлах үед бий болох магадлалтай. Булчин хөндүүрлэх, янгинах, өвдөх зэрэг шинж тэмдгээр илрэх бөгөөд цаг өнгөрөх тутам өвдөлт нэмэгдэж, булчин суларна.
Авах арга хэмжээ: Мэдээж хэрэг та агааржуулагчийг удаан хугацаагаар ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв шинж тэмдэг аль хэдийн илэрч эхэлсэн бол булчингаа бүрэн амраахын тулд хэвтэх, шинж тэмдэг даамжирсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандан бариа засалд орох, эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай юм.
Арьсны халдвар
Зуны улиралд биеийн хэсгүүд гарсан хувцас өмсөх нь олонтаа. Энэ үед задгай агаарт, олон нийтийн газар арьсны халдвараар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тухайлбал, мөөгөнцөр, хачиг, шавжаас авах халдвар.
Авах арга хэмжээ: Шавжны эсрэг цацлаг ашиглах, малгай, шаахай өмсөх, олон нийтийн газар биеийн шууд холбооноос зайлсхийх, ил шархыг боох шаардлагатай. Харин эхний шинж тэмдэг болох бие загатнах, арьсан дээр толбо үүсэх, хөлийн хурууны завсар улайж загатнах, цэврүүт тууралт гарсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж тохирсон эмчилгээ цаг алдалгүй хийлгэж эхлэхийг зөвлөе.
Шавжид хазуулах
Шумуул, зөгий, соно болон бусад хортой, халдвар тээгч шавжид хатгуулах нь эрсдэлтэй. Хатгуулсны дараагаар халдвар авсан тохиолдолд тухайн газар улайх, хавдах, загатнах, тунгалгийн булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин хортой шавжид хатгуулсны дараа хорт урвал илэрч дотор муухайрч, бөөлжин, үе мөч өвдөнө. Хүндэрсэн тохиолдолд цусны даралт нэмэгдэх, амьсгал боогдох, ухаан алдах магадлалтай.
Авах арга хэмжээ: Эдгэрэлтийн явц нь хатгуулсны дараа эхний цагт ямар арга хэмжээ авснаас шалтгаална. Хатгуулсны дараа хорыг гаргах нь хамгийн чухал, ингэснээр биеэр халдвар тархахаас сэргийлж байгаа юм. Үүний дараагаар тухайн газрыг зориулалтын ариутгалын бодисоор/усаар ариутгана. Урьдчилан сэргийлэхийн тулд шавжны цацлаг хэрэглэх, биеийн хэсгийг аль болох бага гаргах хэрэгтэй. Харин та хачигт хазуулсан бол цаг алдалгүй эмчид хандаж мэргэжлийн тусламж аваарай. Учир нь хачиг мэдрэл болон биеийн бусад эд эрхтний үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй халдвар тээж байх эрсдэлтэй юм.
Хоолойн үрэвсэл
Халуунд зайрмаг, хүйтэн уух юм, усанд сэлэх сайхан сэрүүцдэг дээ! Мөгөөрсөн хоолой, биеийн хэм хэт буурахад /өөрөөр хэлбэл халуун хүйтэн харшлахад/ хамар залгиурын хэсэгт байдаг вирус болон бактери идэвхэждэг байна. Үүний улмаас хоолой өвдөх, үрэвсэх магадлалтай байдаг аж.
Авах арга хэмжээ: Хэт хүйтэн зүйл хэрэглэхээс зайлсхийх. Оронд нь тасалгааны хэмтэй шингэн хэрэглэх нь шингэн нөхөх, хоолой өвтгөхгүй зэрэг талуудтай юм. Мөн толгой, хүзүү хэсэгт нимгэн ороолт, алчуур тавьж сэрүүцэх боломжтой. Харин хоолойн өвдөлт хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Учир нь хоолойн үрэвсэл даамжирсан тохиолдолд архаг эмгэг болох эрсдэлтэй.
Гэдэсний халдвар
Гэдэсний халдварт өвчин үүсгэгч 30 гаруй вирус, бактери байдаг бөгөөд халуун орчин тэдний үржих таатай нөхцөл болдог байна. Тэдгээр нь хоол хүнс, ус, бохир гараар дамжин хүний биед ордог бөгөөд халдварлах өндөр чадвартай тул хүний маш хурдан тархдаг аж. Сульдах, дотор муухайрах, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
Авах арга хэмжээ: Хөнгөн хэлбэрийн үед хордлого тайлах эмчилгээ хийж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, амарж тэнхрэх нь хангалттай байдаг. Шинж тэмдэг даамжирсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж вирус, бактерийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угаах, бохир ус хэрэглэхгүй байх, хоол хүнсний бүтээгдэхүүнийг ариутгаж, сайтар болгож хэрэглэх шаардлагатай юм.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгийг сайтар таньж, даамжирсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг сануулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube