Сүрьеэ өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Сүрьеэ нь Кохын савханцар (Mycobacterium tuberculosis) бактериар үүсгэгдэж гол төлөв уушгинд голомтолдог амьсгалын замын халдварт өвчин юм. Энэхүү бактери нь удаан хугацаанд үүсэж хөгждөг бөгөөд биеийн бусад эд эрхтнүүдэд үсэрхийлэх, цусны урсгалд нэвтрэх чадвартай байна.
Хэн сүрьеэгээр өвчилдөг вэ?
Кохын савханцар бактерийн халдвар авсан ч тэр бүр өвчилдөггүй. Бактери агаар дуслын замаар халдварласан тохиолдолд уушгинд анхны жижиг үрэвсэл бий болно. Энэ үрэвслийн хөгжил нь тухайн хүний дархлаа тогтолцооноос шалтгаалдаг. Зарим тохиолдолд бактери уушгинд унтаа байдалд орж олон жилийн дараа тухайн хүний дархлаа сулрахад идэвхэждэг байна.
Эрсдэлт бүлэгт дараах хүмүүс багтана:
- Бага болон ахмад насны хүмүүс
- Хавсарсан өвчинтэй хүмүүс (ХДХВ, чихрийн шижин, уушгины архаг өвчин, сэтгэцийн эмгэг, ходоодны шарх)
- Дархлаа тогтолцоо суларсан тохиолдолд
- Хоол тэжээлийн дутагдалд орсон тохиолдолд өвчний эрсдэл нэмэгдэнэ
- Дааврын болон дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа тохиолдолд
Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Бактери биеийн аль хэсэгт голомтолсноос хамаарч илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байна. Мөн уушгинаас бусад эрхтэнд голомтолсон сүрьеэгийн явц удаан байдгийн дээр тодорхой шинж тэмдэггүй тул оношлоход төвөгтэй байдаг аж.
Нийтлэг илрэх шинж тэмдэг:
- Хуурай ханиалгах
- Сульдах
- Тунгалгийн булчирхай томрох, тэр дундаа хүзүүний тунгалгийн булчирхай томорно
Өвчин үүсгэгч бактери түрэмгий, явц хурдан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ:
- Байнга ханиалгах (ногоон, шар, хааяа цусны судалтай цэр гарч болно)
- Гүнзгий амьсгал авахад цээжээр өвдөх
- Амьсгаадах
- Халуурах
- Хоолны дуршил буурч, жин багасах
- Шөнөдөө хөлрөх
- Ядарч сульдах
Анхаарах:
Уушгины сүрьеэг эмчлээгүй удсан тохиолдолд зүрхний үнхэлцэг хальсанд үсэрхийлэх эрсдэлтэй. Халдвар цусаар зөөвөрлөгдөж тархи, яс, бөөр гэх мэт бусад эрхтнийг гэмтээнэ.
Сүрьеэ бүрэн эмчлэгддэг үү?
Сүрьеэ бүрэн эмчлэгддэг өвчин. Хүндрээгүй тохиолдолд гэрээр эмчлэх боломжтой. Өвчний эсрэг эмийн эмчилгээг наанадаж 6 сарын турш явуулах хэрэгтэй юм. Эмийг бактерийн мэдрэг чанар болон халдвар бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг харгалзаж сонгоно.
Сүрьеэгийн эсрэг эмийн курсийг яг дуустал нь уух нь эмэнд дасалтай сүрьеэ үүсэхээс сэргийлнэ. Гэрээр эмчилгээ хийх үед тасалдах, мартах эрсдэлтэй тул эрүүл мэндийн төв дээр очиж эмчийн хяналт дор хийлгэх нь илүү зөв сонголт байдаг.
Эмчилгээний явцад хэрэглэгдэх эмийн хослол нь бактерийг антибиотикт тэсвэртэй болохоос сэргийлнэ. Учир нь хоёр болон түүнээс дээш эмэнд дасалтай сүрьеэтэй тохиолдолд дархлаа суларч, тархалт өргөн болж өвчтөний амь насанд халтай.
Сүрьеэ дахих магадлалтай юу?
Харамсалтай нь хэдийгээр эдгэрсэн ч дахин өвчлөх магадлалтай. Урт хугацааны эмчилгээ дуусаж эдгэрсний дараагаар ойрын 3 жилдээ та хавар болон намрын улиралд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Ингэснээр өвчний хүндрэх эрсдэлийг багасгах юм.
Тамхи хувааж татах нь сүрьеэгээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг үү?
Тийм. Ялангуяа амны хөндийн салст бүрхэвч гэмтсэн бол энэ нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг. (шүд цоорох, буйлны үрэвсэл, жижиг шарх г.м.)
Сүрьеэгээр өвчилсөн хүний халдвар тараах чадвар ямар байдаг вэ?
Нээлттэй хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд халдвар тараах хамгийн өндөр эрсдэлтэй байдаг байна. Өвчтөнтэй удаан хугацаагаар харьцсан тохиолдолд 50% хүртэлх хувь нь халдвар авч, 10-15% нь өвчилдөг аж.
Өвчин үүсгэгч бактерийн ихэнх нь цэрэнд агуулагддаг. Хоол хүнсний үлдэгдэл болон хувцас нь халдвар дамжих хүчин зүйлс болдог. Ихэнх тохиолдолд халдвар амьсгалын зам, арьс, салст бүрхэвч, түүнчлэн өвчтөнтэй харьцах замаар биед нэвтэрнэ.
Яагаад сүрьеэгийн өвчлөл өндөр байдаг вэ?
Учир нь өвчлөл үүсгэгч бактери нь хүрээлэн буй орчинд амьдрах чадвар өндөртэй байдаг байна. Уг бактери нь хөрсөнд 2 ба түүнээс дээш жил, тоосонцорт 10 өдөр, байр байгууламжид хагас сар байдаг. Мөн 85° дуаан болон 20° хүйтэнд тэсвэртэй байдаг аж.
Сүрьеэтэй өвчтөний сахих ариун цэврийн зөвлөмж
- Амны хаалт хэрэглэх
- Найтаалгах, ханиах үед ам, хамраа дарах
- Гараа тогтмол угаах
- Хамрын алчуурыг тогтмол солих, ариутгах, цэвэрлэх
- Цэрээ ил задгай хаяхгүй байх
- Өөрийн гэсэн хоол, ундны хэрэгсэлтэй байх
Урьдчилан сэргийлэлт
- Өөрийн амьдарч буй өрөө, тасалгааг сайтар агааржуулах
- Өдөр тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх
- Тоос цэвэрлэхдээ амны хаалт хэрэглэх нь эрсдэл багатай
Өвчин үүсэх, хөгжихөд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол тухайн хүний эрүүл мэнд болон дархлаа тогтолцооны үйл ажиллагаа юм. Иймд биеийн ерөнхий эрүүл мэндийг тогтмол дэмжиж байх шаардлагатай.
- Чанартай хооллох. Өлсөх, хангалттай хэмжээнд хооллохгүй байх нь биеийн эсэргүүцлийг сулруулдаг гэдгийг нотолсон олон тооны судалгаа бий.
- Хорт зуршлаас татгалзах. Тамхи татах болон согтууруулах ундаа нь дархлаа тогтолцооны үйл ажиллагааг сулруулдаг. Үүний зэрэгцээ дааврын болон бусад эмийн хэрэглээ нь үүнд багтаж байгаа юм
- Стресс болон сэтгэл гутрал нь дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube