Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Монгол улсад эрүүл мэндийн салбар 1920 – иод оноос хөгжиж эхэлсэн ч хорт хавдрын төрөлжсөн тусламж үйлчилгээг 1961 оноос үзүүлэх болсон. Өнөөдөр өвчний шалтгаант нас баралтын хоёр дахь том шалтгаан нь хавдар бөгөөд 21,000 Монгол хүн хорт хавдартай тэмцэж байна. Сүүлийн 10 жилд 54,600 хүн хорт хавдраар оношлогдсоны 37% нь элэгний хорт хавдар байсан. Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын төвшнөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд элэгний хорт хавдартай 5 Монгол хүн тутмын 1 нь л тав болон түүнээс дээш жил амьдардаг. Ингээд харахад элэгний хорт хавдар манай орны хувьд эрүүл мэндийн нийгмийн том асуудал юм.
Элэг нь өөртөө глюкоз, амин дэмүүд, холестерол, эрдэс бодисууд зэргийг хуримтлуулдаг тул бидний биеийг юм идээгүй үед тэжээдэг байна. Мөн элэг нь согтууруулах ундаа, эм болон хорт бодисуудыг задалдаг. Элэгний хорт хавдрын үед элэгний хэвийн үйл ажиллагаа алдагддаг.
Элэгний хорт хавдрыг ерөнхийд нь анхдагч болон хоёр дахьч гэж ангилдаг. Анхдагч элэгний хорт хавдар нь элэгний эсүүдэд анх үүсдэг бол хоёр дахьч элэгний хорт хавдар нь өөр эрхтнээс элгэнд тархдаг байна. Хорт хавдрын эс судас болон тунгалгийн системээр дамжин хүний биеэр тархан бусад эрхтэнд хавдар үүсгэх аюултай байдаг.
Хэн элэгний хорт хавдраар өвчилдөг вэ?
Монголчуудын элэгний хорт хавдрын шалтгааны 95% нь гепатит B болон C вирусийн халдвараас үүссэн байдаг байна. Гепатит B вирус нь голдуу эхээс нярайд төрөх үед халддаг бөгөөд мөн цус болон бусад биеийн шингэнээр дамжин, эсвэл бэлгийн замаар болон зүү тариураар дамжин халдах эрсдэлтэй байдаг. Харин гепатит C вирус нь цусаар дамжин халдварладаг тул зүү тариур, ариутгаагүй багажаар эмнэлгийн үзлэг үйлчилгээ авах, ариутгаагүй цус цусан бүтээгдэхүүн зэргээр болон бэлгийн замаар халдах эрсдэлтэй байдаг. Гепатит B вирусийн вакцинд байдаг бол гепатит C вирусийн вакцин хараахан гараагүй бөгөөд судлагдаж байгаа аж.
Мөн архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлж хэрэглэх, газрын самар, үр тариа, эрдэнэ шишид үүссэн хөгцөд агуулагддаг aflatoxin- оор хордох, чихрийн шижин, таргалалт зэрэг нь элэгний хорт хавдрын эрсдэлтэй хүчин зүйлс болдог. Нас ахих тусам хорт хавдрын эрсдэл нэмэгддэг бөгөөд Монголчуудын дунд хорт хавдартай хүмүүсийн 90% нь 40 ба түүнээс дээш насныхан байдаг.
Элэгний хорт хавдрын үед таны биед ямар өөрчлөлтүүд мэдрэгдэх вэ?
Хавдрын эхний үе шатанд тэр бүр шинж тэмдэг илрээд байдаггүй. Тийм ч учраас Монголчуудын элэгний хорт хавдрын 80% нь хавдрын III болон IV шатандаа оношлогддог. Элэгний хорт хавдрын үед дараах зовиур, шинж тэмдгүүд илэрч болзошгүй:
- Хэвлийн хэсгээр өвдөх, тавгүйтэх
- Арьс шарлаж, нүд цайрах буюу шар өвчний шинж тэмдгүүд
- Цайвар, шохойрхуй өтгөнөөр гүйлгэх
- Дотор муухайрах, бөөлжих
- Амархан шалбарах
- Бие сул дорой, хүчгүй болох, ядрах
- Хоолны дуршил муудах, багахан хоол идсэний дараа цадсан мэдрэмж төрөх
Элэгний хорт хавдар нь гэнэт үүсээд хүндэрчихдэггүй. Олон үе шат дамжин хүний биед нөлөөлж байдаг тул үзлэг шинжилгээнд тогмтол хамрагдаж, элгээ хамгаалах нь чухал.
Элгээ хэрхэн хамгаалах вэ?
-
Гепатит C вирусээс өөрийгөө хамгаалаарай
Уг вирусээс хамгаалах үр дүнтэй вакцин байхгүй тул вирусийн халдвар авах эрсдэлүүдийг сайн мэддэг, түүнээс өөрийгөө хамгаалж чаддаг байх нь чухал. Иймд та болон таны хайртай хүмүүс ДЭМБ – аас гаргасан дараах зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй:
- Нэг удаагийн зүү тариур хэрэглэх, аливаа эмнэлгийн үйлчилгээ авахдаа танд нэг удаагийн шинэ зүү тариур хэрэглэж буй эсэх дээр хяналт тавих.
- Хэрэглэсэн зүү тариуртай болгоомжтой харьцан, уутанд хийн битүүлж хогийн саванд хаях
- Хандивласан цус хэрэглэх тохиолдолд гепатит B, C вирусийн болон ХДХВ – ын шинжилгээнүүд хийгдсэн эсэх талаарх мэдээллийг эмнэлгээс авах, нягтлах
- Бэлгийн хавьтлын үед цус гарахаас болгоомжлох, сэргийлэх
Хэрэв та гепатит C вирусийн халдвартай бол дараах зөвлөмжүүдийг дагаснаар таны эрүүл мэнд цааш хүндрэх, хайртай хүмүүстээ болон бусдад уг вирус халдварлахаас сэргийлж чадна:
- Гепатит A болон B вирусийн хавсарсан халдвараас сэргийлэх үүднээс вакцинд хамрагдах
- Элэгний архаг өвчлөлийн урьдчилсан оношилгоо, үзлэгт тогтмол хамрагдах
- Цусаа хандивлахгүй байх
-
Гепатит B вирусээс өөрийгөө хамгаалаарай
Уг вирусээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь вакцинд хамрагдах юм. ДЭМБ – аас нярай хүүхдийг төрмөгц 24 цагийн дотор вакцинд хамруулахыг зөвлөдөг байна. Ингэснээр эхээс хүүхдэд халдварлах эрсдэлээс хамгаалдаг.
Дараах тохиолдлуудад гепатит B халдварлах эрсдэл өндөр байдаг тул анхаарах хэрэгтэй:
- Цус сэлбэх шаардлагатай өвчтөнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж буй өвчтөнүүд
- Мансуурах бодис судсаар дамжуулан хэрэглэдэг хүмүүс
- Гепатит B халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох
- Олон бэлгийн хавьтагчтай байх
- Халдвар өндөр тархсан орнуудад аялах
-
Та элгэндээ тустай хоол хүнс хэрэглээрэй
Кофе
|
Кофе нь элгийг дэмжигч хамгийн сайн уух зүйл. Кофе ууснаар элэгний хатуурал, элэгний хорт хавдар, элэгний үрэвсэл зэргээс хамгаалахад тустай. Элэгний архаг өвчтэй хүмүүс кофе ууснаар нас баралтын эрсдэлийг бууруулдаг байна. Учир нь кофе нь элэг өөхлөх, коллагент элгэнд хуримтлагдахаас хамгаалж, үрэвслийг бууруулж, антиоксидант глутатионы төвшинг нэмэгдүүлдэг. Антиоксидант нь хүний биед хортой радикалуудыг саармагжуулдаг. |
Ногоон цай
|
Антиоксидантаар баядаг ногоон цайг тогтмол ууснаар элэгний ферментийн төвшин нэмэгдэж, элгэнд өөх хуримтлагдах сэргийлдэг байна. Өдөрт ядаж 4 аяга ногоон цай уудаг хүмүүсийн дунд элэгний хорт хавдрын эрсдэл хамгийн бага гэсэн судалгаа бий (Эх сурвалж: Green Tea Consumption and the Risk of Liver Cancer: A Meta-Analysis, www.pubmed.gov ). |
Бэрсүүт жүрж | Бэрсүүт жүрж нь антиоксидантаар баялаг хүнсүүдийн нэг Бэрсүүт жүрж нь үрэвслийг бууруулж, элэгний эсүүдийг хамгаалдаг. Элэгний ферментийг нэмэгдүүлдэг тул элэг өөхлөхөөс хамгаалдаг. Мөн элэгний согтууруулах ундааг задлах чадварыг нэмэгдүүлж, сөрөг нөлөөллүүдийг нь саармагжуулахад тустай. |
Нэрс болон цангис | Эдгээр жимс нь антоциан болон антиоксидант агуулдаг тул элгийг хамгаалж, дархлааны эсүүдийг өсгөдөг байна. мөн элгэнд үүссэн гэмтэл, фиброз даамжрахаас сэргийлдэг.
Лабораторийн туршилтаар нэрс жимсний найрлага нь элэгний хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодгийг олж нээсэн байна (Эх сурвалж: Comparison of phytochemical profiles, antioxidant and cellular antioxidant activities of different varieties of blueberry, www.pubmed.gov ).. |
Хорт хавдар гэдэг бол өндөр эмчилгээний зардал, цаашдын амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр хэмжигдэх зүйл биш билээ. Хорт хавдрын цаана алдагдсан боломжийн өртөг, өр шир, нийгмээс тусгаар мэт мэдрэмж, бусдаас хараат болох айдас, сэтгэл зүйн цохилт, ар гэрийн амьдрал гээд олон хүчин зүйл бий. Хэн ч бай надад хорт хавдар тусах эрсдэл байхгүй гэж итгэж болох ч бидний нөлөөлж чадахгүй, таамаглаж чадахгүй олон хүчин зүйлс бий гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Учир нь хорт хавдрыг өдий хүртэл анагаах ухаан бүрэн судалж, тодорхой болгож чадаагүй байгаа. Өөрсдөөс шалтгаалах зүйлс болох зөв хооллолтыг хэвшүүлэх, хорт зуршлаа бууруулах, гепатит B, C вирусийн халдвар дамжуулах эрсдэлтэй алхмуудаас зайлсхийх зэргээр бид элгээ хамгаалах боломжтой.