Хөхөнд сүү оруулах хооллолтын 5 арга
Хөхүүл эх хооллолтоороо дамжуулан өөрийн болон хүүхдэд нэн шаардлагатай витамин, эрдэс бодисыг авдаг. Үүний зэрэгцээ хооллолт нь хөхний сүү ороход нөлөөлөх чухал хүчин зүйл болдог гэдгийг мартаж болохгүй.
Дөнгөж төрсөн эмэгтэйчүүдийн хооллолт тэжээллэг, тэнцвэртэй мөн аюулгүй байх нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Төрсний дараах эхний хагас жилээс нэг жилийн хугацаанд эхийн зохисгүй хооллолтоос үүдэн нярайн өтгөн хатах, харшлын урвал үзүүлэх, цаашлаад хордлогод орох эрсдэлтэй юм.
Эхийн зөв хооллолт гэж юу вэ?
Тэжээллэг чанар
Эхийн хоол хүнсээр авч буй витамин, эрдэс бодисууд нь хүүхдийн тархины болон биеийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Иймд, ээж аль болох тэжээллэг чанар өндөртэй хүнс, хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал юм. Жишээлбэл, ээж хооллолтоороо дамжуулан хүүхдийн тархины хөгжлийг дэмжих DHA буюу ханаагүй тосны хүчил (Омега-3 ба Омега-6) тогтмол авах хэрэгтэй. Өөрт болон хүүхдийн ханаагүй тосны хүчлийн хэрэгцээг хангахын тулд долоо хоногт 2-3 удаа загас хэрэглэхийг хичээгээрэй. Тэр дундаа хулд, туна, зэвэг загас нь ханаагүй тосны хүчлээр баялаг байна.
Хоол хүнсний илчлэгийн хэмжээ
Эмэгтэйчүүдийн хувьд хоол хүнсээр дамжуулан авах илчлэгийн хэмжээ 2500 ккал байна. Харин хөхүүл эхийн хувьд уг хэмжээг 500-700 ккал-аар нэмэх хэрэгтэй юм. Энэ нь их хэмжээний хоол хүнс хэрэглэх шаардлагатай гэсэн үг биш юм. Ердөө илчлэгийн хэмжээ өндөртэй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Эмч нарын зөвлөж буйгаар төрсний дараах эхний хагас жилээс нэг жил орчмын дараа та энгийн хооллолтдоо эргэн орох нь тохиромжтой аж.
Хэрэв та цагаан хоолтон бол хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний төмөр, цайр, уураг зэргийг авч байгаа эсэхээ нягтлаарай. Мөн эмчтэй зөвлөлдөж нэмэлтээр В12 витамин хэрэглэхийг зөвлөе.
Хоол хүнсний хуваарилалт
Өдрийн туршид 5-6 удаа хооллох тохиромжтой гэж үздэг. Хуваарилалтын хувьд:
- Өдрийн 3 удаа уураг агуулсан хүнс хэрэглэх. Мах, загас, өндөг, үр гэх мэтчилэн.
- 3 удаа гүн ногоон өнгийн болон шар өнгийн ногоо хэрэглэх
- Хоёр удаа жимс хэрэглэх
- Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх. Талх, гоймон, овьёос
- Хөхөөр хооллоход ам их цангадаг тул цэвэр ус сайн уух
Ингэснээр хэт их идэхээс сэргийлэх, мөн хоол хоорондын дунд өлсөх, ядрах мэдрэмжээс ангижирч, сүүний ялгаралтыг дэмжих юм.
Тэнцвэртэй хооллолт
Энэ нь таны хоол хүнсэнд уураг, өөх тос, нүүрс ус байх шаардлагатай гэсэн үг юм. Хөхүүл эхийн хувьд өдрийн хооллолтоор дунджаар 130-150гр уураг, 100-120гр өөх тос, 600гр нүүрс ус авч байх хэрэгтэй юм.
Хоол, хүнсний аюулгүй байдал
Төрсний дараах хэсэг хугацаанд харшлын урвал төрүүлэх хүнснээс татгалзах шаардлагатай болно. Эдгээрт самар, хар шоколад, зөгийн бал, зарим тохиолдолд сүү хүртэл багтдаг байна. Дөнгөж төрсөн нярай маш мэдрэг байх бөгөөд эхийн хэрэглэж буй харшлын урвал өдөөгч ямар нэгэн хүнс эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах магадлалтай.
Хөхүүл эх ямар хүнснээс татгалзах шаардлагатай вэ?
- Хадгалах хугацааг уртасгасан, өнгө оруулагчтай, савлаж, лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах нь зүйтэй. Тухайлбал, майонез, төрөл бүрийн соус, мөхөөлдөс гэх мэтчилэн хүнсний бүтээгдэхүүнүүд багтана.
- Зарим төрлийн жимс, жимсгэнэ. Тухайлбал, гадил, киви, цитрус жимс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс, хад гэх мэтчилэн. Эдгээр жимс, жимсгэнийг хэрэглэхдээ маш болгоомжтой байж, нэг дор их хэмжээгээр идэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь харшлын урвал өдөөх магадлалтай юм.
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн. Наймаалж, сам хорхой, хавчны мах, түрс зэрэг нь хэдийгээр эрүүл мэндэд тустай ч эхийн сүүгээр дамжин хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул төрсний дараах эхний хугацаанд татгалзахыг зөвлөдөг.
- Дээр дурдсанчлан шоколад, зөгийн бал, самар зэргээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хүчтэй харшлын урвал өдөөх эрсдэлтэй.
- Какао болон кофе. Эдгээрийг цай, хатаасан жимсний шүүс зэргээр орлуулахыг хичээгээрэй.
Нярай хүүхдэд харшилж байгаа хүнсийг хэрхэн мэдэх вэ?
Хөхүүл ээжийн хувьд хоол хүнсээ төрөлжүүлэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Эмч нар гурван өдөрт нэг шинэ хүнсний бүтээгдэхүүн туршиж үзэхэд гэмгүй гэж зөвлөдөг. Хэрвээ шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараагаар хүүхдэд тань дараах шинжүүд илэрч байвал энэ нь харшлын шинж тэмдэг байх магадлалтай.
- Хооллохоос татгалзах
- Салиа бүтэцтэй ногоон өнгийн өтгөн гарах
- Арьсан дээр юм туурах
- Гэдэс дүүрэх
Мөн танд хоолны тэмдэглэл хөтлөх хэвшилтэй болохыг зөвлөе. Өдөрт хэрэглэсэн хүнс, түүний дараагаар хүүхдийн тань биеийн байдал ямар байгааг ажиглаж тухай бүрд нь тэмдэглэхийг хичээгээрэй. Ингэснээр та хүүхдэд харшлын урвал өдөөж буй хүнснээс зайлсхийх боломжтой болох юм.
Төрсний дараагаар хөхүүл ээж юугаар хооллох тохиромжтой байдаг вэ?
- Үхрийн мах нь шим тэжээлээр баялаг тул төрсний дараах эхний хугацаанд хамгийн тохиромжтойд тооцогддог. Гол төлөв чанаж, котлет хэлбэрээр бэлтгэж хэрэглэвэл зохимжтой.
- Ногооны шөл
- Жигнэсэн цэцэгт байцаа, төмс, ногоон хулуу (энгийн байцааг эхний хугацаанд хэрэглэхийг зөвлөдөггүй)
- Жигнэсэн алим, лийр (жимсийг болгож, жигнэж идэх нь зохимжтой гэж үздэг)
- Тослог багатай тараг, болон бусад сүүн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр хэрэглэх
- Бүхэл үрийн гурилаар бэлтгэсэн бүтээгдэхүүн
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Дээр дурдагдсан нийтлэг хүнс нь танд тохирохгүй, хэрэглэсний дараагаар ямар нэгэн зовуурь илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube