Бэлгийн боловсролыг бага наснаас нь
Бэлгийн хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг жил ирэх бүр нэмэгдэж байна. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тасрахгүй байгаа харамсалтай дүр зураг бидний өмнө бий. Нийгэмд энэхүү асуудлыг олон талаас авч хэлэлцдэг. Тухайлбал, хохирогчийг буруутгах, амьдралын хэв маяг, санхүүгийн байдалтай холбож тодорхойлох, өмссөн хувцас, гэмт хэрэгтнийг өөрөө өдөөсөн гэх бодолтой хүмүүс нэлээдгүй байдаг. Гэвч гэмт хэрэг үйлдэх болсон хүний сэдлийг төдийлөн авч хэлэлцээд байдаггүйг та анзаарч байсан уу?
Энэ асуудлыг нарийн авч үзэхэд суурь шалтгаан нь хүмүүст бэлгийн боловсрол огт олгогдоогүй, түүний талаар ямар ч ойлголтгүй болохыг олж харж болно. Хүчирхийлэл, хүсээгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин, үргүйдэл цаашлаад хүний эрхийг зөрчсөн маш олон тооны гэмт хэргүүд нь үүний үр дагавар юм.
Бэлгийн боловсролыг хүмүүс тодорхойлохдоо бэлгийн харилцаа, садар самууныг сурталчлах, дур хүслийг улам бүр өдөөж буруу алхмууд хийхэд хүргэдэг, хэрэгцээгүй мэдээлэл гэж үздэг нь нууц биш. Эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ энэ сэдвээр ярилцахаас аль болох зайлсхийдэг.
“Бэлгийн боловсрол” гэж чухам юу болох, ямар ач холбогдолтой эд юм бэ?
Бэлгийн боловсрол гэдгийг бага наснаас авахуулан хүн бүрийн насны онцлогт тохируулан хүний бие махбодь болон түүний үйл ажиллагаа, нөхөн үржихүй, сэтгэл хөдлөл, хүний эрхийн талаар олгогдох цогц мэдлэг гэж ойлгож болно. Энэхүү мэдлэг нь бэлгийн харьцаанд хариуцлагатай, эерэг хандлагатай болох мөн бэлгийн дарамтыг таньж мэдэх болон бусад эрсдэлийн талаарх мэдлэгийг хөгжүүлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ өөрийн бие махбодыг ойлгох, дур хүслийг таньж мэдэх, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай байж зөв сонголт хийх боломжийг олгоно. Эдгээр үр дүнд хүрэхийн тулд насны онцлогийг харгалзан үзэж тохирох бодит мэдээллийг айлган сүрдүүлэхгүйгээр олгох нь чухал юм. Ингэж чадваас бид эрх тэгш, өөртөө итгэлтэй, айдасгүй, бие биенээ хүндэлдэг нийгмийн хандлагыг бий болгох боломжтой.
Дэлхий дээр жил бүр 15-19 насны 16 сая орчим охид хүүхэд төрүүлж, 15-24 насны залуучуудын гуравны нэг нь л ХДХВ-ийн халдвар дамжих арга зам ба энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар бүрэн ойлголттой байдаг талаар ЮНЕСКО тэмдэглэсэн байдаг. Иймд бэлгийн цогц боловсрол олгох нь хүн амын бэлгийн болон нөхөн үржихүй, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх боловсролын нэг хэсэг гэдгийг ойлгох нь маш чухал юм.
Зөв мэдлэгийг бага наснаас эхлэн олгох нь хамгийн чухал алхам байдаг. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярихаас зайлсхийдэг нийтлэг хандлагууд бий. Жишээ нь:
- Шаардлагатай бол интернетээс мэдээллээ хайгаад олчихно биз.
- Бэлгийн харьцааны талаар юуг нь тайлбарлах юм бэ? Өөрөө л болчихдог зүйл шүү дээ
- Бэлгийн харьцааны талаарх мэдээлэл чинь садар самууныг сурталчилдаг зүйл
- Хэдий чинээ мэдээлэлтэй байна тэр хэмжээгээрээ бэлгийн харьцаанд ордог.
- Энэ бол хэрхэн бэлгийн харьцаанд орохыг л заадаг, хүүхдэд илүү мэдээлэл болно!
- Бэлгийн боловсрол нь охид хөвгүүдийнх гэж тусдаа байдаг
Гэвч ийм хандлага нь хүүхдийг бие махбодь болон түүнд гарах өөрчлөлт, үйл ажиллагаа талаар мэдлэггүй, мэдрэмж, сэтгэл хөдлөл, дур хүслээ хянах чадваргүй, хүний эрхийн талаар ойлголтгүй болох зэрэг томоохон асуудлуудын үндэс болдог. Төрхөөсөө бэлгийн гаж дур хүсэлтэй, хэт их сэрэл мэдрэмжтэй хүн гэж байдаггүй. Эдгээр шинж тэмдэг, зан авир тодорхой нөхцөл байдлын улмаас, магадгүй гэр бүл, хүрээлэн буй орчноос шалтгаалан бий болох магадлал өндөр байдаг. Хэн ч хүүхдээ гэмт хэргийн золиос, сэтгэцийн өөрчлөлттэй, гэмт хэрэгтэн байгаасай гэж хүсэхгүй нь мэдээж. Иймд бид та бүхэнд хүүхэд бүрийн насны онцлогийг харгалзан сэтгэхүйн онцлогт тааруулан олгох мэдээллийг ангилан товч хэлбэрээр хүргэж байна.
4 хүртэлх насанд хүүхдэд олгох мэдлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Биеийн хэсгүүдийн нэршил, зөв нэр томьёоны талаарх мэдлэг
- Бусад хүмүүсийн биеийн ялгааг мэдэх, хүндэтгэх (хүйс, биеийн онцлог гэх мэт)
- Хувийн ариун цэврийн талаарх анхан шатны мэдлэг
- Өөрт төрж буй тааламжтай, тааламжгүй мэдрэмжийн талаар нээлттэй ярих
- Дотуур хувцас өмсөж хэвших
- Тийм, үгүй гэх шийдвэрүүдийг гаргах
- Итгэдэг хүнтэйгээ нээлттэй ярих чадварыг хөгжүүлэх
6 хүртэлх насанд хүүхдэд олгох мэдлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Хувийн ариун цэврийг бие дааж сахих чадваруудыг хөгжүүлэх
- Урам хугарсан зүйл тохиолдоход түүнийг даван туулах чадварыг хөгжүүлэх
- Сэтгэл хөдлөл, хэрэгцээ, хүслийнхээ талаар ярилцах чадварыг хөгжүүлэх
- Харилцаа холбоо тогтоох чадвар хөгжүүлэх
- Үнэт зүйл болон хандлагын ялгааг таньж мэдэх чадварыг хөгжүүлэх
- Асуулт асуух боломжийг олгох
- Итгэдэг хүнтэйгээ нээлттэй ярих чадвар
9 хүртэлх насанд хүүхдэд олгох мэдлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Нэр томьёог зөв ашиглах
- Хүмүүсийн хувийн нууцыг хадгалах хэрэгцээ шаардлагыг мэдэх
- Харилцаанд харилцан буулт хийх, ойлголцох, зөвшилцөлд хүрэх чадварыг хөгжүүлэх
- Хил хязгаар тогтоох чадвар
- Өөрийн хэрэгцээний талаар ярилцах
12 хүртэлх насанд хүүхдэд олгох мэдлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Бие махбодийн өөрчлөлтийн талаарх мэдлэг, түүнийг таньж мэдэх, зөв илэрхийлэх чадвар
- Нөхөн үржихүйн үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтүүдийн талаарх мэдлэг
- Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг
- Бэлгийн харилцаа гэдэг хариуцлага гэдгийг ухамсарлах чадварыг хөгжүүлэх
- Хүсээгүй бэлгийн харьцаанаас татгалзах чадвар
- Сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бусдын хил хязгаарыг таньж мэдэх, түүнийг хүндэтгэх чадвар
- Бусдын нөлөөнд автах эрсдэлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх боломжуудын талаарх мэдлэг(хүрээлэл, хэвлэл мэдээлэл, орчин, соёл, шашин шүтлэг гэх мэт)
15 хүртэлх насанд хүүхдэд олгох мэдлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Бусдын шүүмж, үнэлгээ нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид хэрхэн нөлөөлөх боломжтойг ойлгох, хэрхэн хүлээж авах зэрэг шийдвэрийг гаргах чадвар
- Жирэмсний шинж тэмдгийн таньж мэдэх
- Бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг, эрсдэлийн талаарх мэдлэг, тэдгээрийг таньж мэдэх чадвар
- Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх болон хэрхэн ашиглах талаарх мэдлэгтэй байх
- Харилцаа үүсгэж буй хүнтэйгээ хэлэлцэх, тохиролцох ур чадварыг хөгжүүлэх
- Шударга бус хандлага, тэгш бус байдлыг таньж мэдэх, түүнд анхаарлаа хандуулж сурах
- Өөрийн болон бусдыг бэлгийн эрх ашгийн талаар мэдлэгтэй байх, тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх чадвар
- Гэр бүл болон нийгмийн хэвийн бус харилцааг таньж мэдэх, түүнтэй холбоотой шийдвэр болон сонголтыг хийх мэдлэгтэй байх
15 ба түүнээс дээш насанд хүүхдэд олгох мэдлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Дурлах, тодорхойгүй байдал үүсэх, урам хугарах, атаархах, хардах, урвах, итгэл найдвар алдах гэх мэт сэтгэл хөдлөлийн хүнд нөхцөл байдлыг таньж мэдэх, хүлээн зөвшөөрч үүн дээр ажиллах чадваруудыг хөгжүүлэх
- Өөрийн болон бусдын сэтгэл зүйн байдлын талаар ярилцах, ойлгох чадварыг хөгжүүлэх
- Хамтрагчтайгаа харилцаагаа тодорхой байлгах, бэлгийн харилцаанд орох сонголт болон татгалзах шийдвэрийн шалтгааныг тодорхойлох, нээлттэй ярилцах чадвар
- Бэлгийн дарамтыг таних, түүнийг эсэргүүцэх, өөрийгөө хамгаалах арга замуудын талаар мэдлэгтэй байх
- Хүний эрхийн талаар ойлголттой байх, хэрхэн зөрчигдөж байгааг таньж мэдэх чадвар
Хүн бол нийгмийн амьтан. Өсөж том болохын хэрээр олон төрлийн хүмүүстэй танилцаж, харьцаж үүнийг дагаж шинэ мэдрэмж, үйл явдлуудтай нүүр тулдаг. Үргэлж энэ бүгдийг хяналтдаа байлгана гэдэг боломжгүй зүйл. Цаг тутамд асуудалд орсон хүн бүрт туслах боломж бүүр ч хомс. Тиймээс бидний эрүүл, аюулгүй нийгмийн төлөө оруулж чадах хувь нэмэр бол хүүхдийг багаас нь насанд нь тохирсон цогц мэдлэгээр хангаж, мэдрэмжийг таних чадварыг хөгжүүлж, сонголт хийх боломж хэзээд байдаг гэдгийг ойлгуулж, хүний эрхийг дээдлэх чадварт сургах явдал юм. Хичээвэл бидний хэн ч хийж чадах зүйл учраас дор бүрнээ хариуцлагатай хандах хэрэгтэй болов уу.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямарваа нэгэн асуудал тулгарч шийдэл олох арга зам хайж байгаа бол мэргэжилтэнд хандаж шаардлагатай тусламж авахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube