Согтууруулах ундаанаас татгалзсанаар танд гарах 10 өөрчлөлт
Дэлхий дахинд согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 17 жилийн хугацаанд 70%-иар нэмэгджээ. Хүний эрүүл мэндэд асуудлууд үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг бол согтууруулах ундаа юм. Хэрэв та зохих хэмжээнээс хэтрүүлэн, тогтмол хэрэглэдэг бол согтууруулах ундаанаас татгалзсаны дараагаар хоёр дахь долоо хоногоос эрүүл мэнд, сэтгэл зүй, санхүүд тань мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ.
Та бөх унтаж амрах болно
Alcoholism: Clinical and Experimental Research (Архидалтын талаарх клиник ба туршилтын судалгаа) сэтгүүлээс хийгдсэн нэгэн судалгаа унтахынхаа өмнө согтууруулах ундаа хэрэглэх нь тархины альфа долгионы үйл ажиллагааг идэвхжүүлдэг болохыг харуулжээ. Тус долгион нь таныг унтаж амарсан ч нойрмоглох, унтаж байх үед сэрүүн байгаа мэт байлгадаг тул нойрны хэвийн байдал алдагддаг байна.
Хэдийгээр согтууруулах ундаа хэрэглэж эхэлснээс хойш эхний үед бат бөх амарч болох ч цаг хугацаа өнгөрөх тусам унтаж амрахад хүндрэлтэй байх болно. Согтууруулах ундаанаас татгалзсанаар нойрны чанарыг сайжруулж, биеэ амраах боломжтой. Үүнийг дагаад таны сэтгэл зүйн байдал, оюуны чадамж сэргэх давуу талтай юм.
Та бага хэмжээгээр идэх болно
АНУ-ын хоол тэжээлийн эмнэл зүйн сэтгүүлээс хийсэн судалгааны үр дүнд согтууруулах ундаа нь хэт их идэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг гэдгийг баталжээ. Учир нь согтууруулах ундаа хүнийг хоол хүнсний үнэрт илүү мэдрэмтгий болгож, идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна.
Судлаачдын тогтоосноор, согтууруулах ундаа хэрэглэсний дараагаар хүн 30%-иар их хоол, хүнс хэрэглэдэг аж.
Та жингээ хасах болно
Дээр дурдсанчлан согтууруулах ундаа нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, хэт их идэхэд хүргэдэг. Үүний зэрэгцээ тэдгээр нь калорын өндөр агууламжтай. Тухайлбал, нэг бокал шар айраг дунджаар 250 Ккал, ликер 300 Ккал, коньяк 239 Ккал, архи 235 Ккал агуулдаг байна.
Иймд та согтууруулах ундаанаас татгалзсанаар биед хуримтлагдсан илүүдэл жингээ хүндрэлгүйгээр хасах боломжтой болох юм. Хэвийн жин нь таны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг бүү мартаарай.
Та эрүүл арьстай болно
Согтууруулах ундаанаас татгалзсаны дараагаар хэдхэн өдрийн дотор л та өөрийн арьсанд гарах өөрчлөлтийг харах болно. Учир нь согтууруулах ундаа нь шээс ихээр хөөж шингэн алдагдаж, арьс өнгө муутай, хуурайшиж хялгасан үрчлээ тодордог байна. Мөн А витамины түвшинг багасгадаг тул коллагены нийлэгжилтийг дарангуйлна. Хэрэв та арьсны асуудалтай бол согтууруулах ундаа байдлыг улам л дордуулах юм.
Таны биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирч эхэлнэ
Согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 72 цагийн дотор биеэс хорт бодисууд идэвхтэйгээр гадагшилж эхэлнэ. Иймд бөөр, хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа тэнцвэрждэг. Мөн 7 хоногийн хугацаанд мэдрэлийн үйл ажиллагаа тогтворждог бөгөөд ядрах, сульдах зэрэг шинж тэмдгүүд арилна.
Эрдэмтэд нэг хундага улаан хуурай дарс нь цусны эргэлтийг сайжруулдаг гэдгийг баталсан. Гэвч энэ нь зөвхөн сайн чанарын дарс гэдгийг мартаж болохгүй. Ихэнх тохиолдолд дарс худалдаж авахдаа найрлагыг нь төдийлөн сонирхоод байдаггүй. Гэвч нийт худалдаанд буй дарсны 99 гаруй хувь нь найрлагадаа хүхрийн давхар исэл агуулдаг байна. Хүхрийн давхар исэл нь В витаминыг дарангуйлж, хүчтэй харшлын урвалыг өдөөдөг тул астматай хүмүүст эрсдэлтэй аж.
Таны хорт хавдраар өвчлөх эрсдэл багасна
Их Британийн хавдар судлалын үндэсний хүрээлэнг мэдээлэлж буйгаар согтууруулах ундааны хэрэглээ нь амны хөндийн, элэг, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Таны шүдний эрүүл байдал нэмэгдэнэ
Дээр дурдсанчлан согтууруулах ундаа хэрэглэсний дараа шингэний дутагдалд ордог. Уг шалтгааны улмаас шүлс ялгаралт багасдаг бөгөөд энэ нь шүдний пааланг гэмтээж шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Таны зүрхний үйл ажиллагаа сайжирна
Согтууруулах ундааны задралаас үүдэж бий болсон хорт бодисууд нь зүрхний хэм алдагдахад хүргэдэг. Үүний зэрэгцээ цусны даралт нэмэгдэх, судасны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй байна.
Таны тархины үйл ажиллагаа тогтворжино
Австралийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг хүмүүст тархины агшилт болон хатангиршил ажиглагдсан байна. Нэг хундага согтууруулах ундаа таны тархины 1000-2000 гаруй эсийг үгүй хийж байдаг аж.
Хэдийгээр согтууруулах ундааг алжаал тайлах зорилгоор хэрэглэдэг ч үнэн хэрэгтээ тархи болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд ихээхэн ачаалал ирдэг байна.
Таны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
Олон тооны судалгааны үр дүнгээр согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг хүмүүсийн эрүүл хүүхэдтэй болох магадлал согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 15 дахин бага, төрсөн хүүхдүүдийн нас баралт 5 дахин их, өвчлөл 3,5 дахин их байжээ. Согтууруулах ундаа урагт хүчтэй нөлөөлдөг тул жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсний хугацаанд согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй юм.
Хэрэв согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг бол таны генетикийн код алдагдах магадлалтай бөгөөд энэ тохиолдолд удамших аюултай аж. Генетикийн код алдагдсан нийт тохиолдлуудын 96% нь согтууруулах ундаа, тамхи, сэтгэцэд нөлөөлөх зүйлсээс үүдэлтэй байдаг.
PS: Энэхүү нийтлэл нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой судалгаан дээр суурилан бичигдсэн болно. Хэрэв таны биед ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube