Зулбалтын дараа та юуг анхаарах хэрэгтэй вэ?
Зулбалт нь жирэмсний үед элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог ба хүн бүрийн хувьд өөр шалтгаан, нөхцөл байдлаас үүдэлтэй байдаг. Хамгийн чухал нь үүний дараах биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь чухал. Иймд бид мэргэжлийн эмч нарын зөвлөмжүүдийг танд нэгтгэн хүргэж байна.
Зулбалтын дараа биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?
Хамгийн ихээр үтрээ гэмтдэг бөгөөд зулбалт явагдсаны дараа агшиж эхэлнэ. Үүний дэр үр тогтож байсан хэсэгт удаан эдгэх том шарх үүсдэг байна. Ийм учраас дараагийн жирэмслэлтэд учрах эрсдэлийг бууруулах зорилготойгоор та өөрт шаардагдах эмчилгээнд зайлшгүй хамрагдах хэрэгтэй юм.
Биеийн ерөнхий эрүүл мэндийг нөхөн сэргээх
Жирэмсний аль хугацаанд зулбалт явагдсанаас хамааран бие эдгэрэх хугацаа хамаарна. Мэргэжлийн эмчийн зөвлөж буйгаар хэрэв зулбалт эхний гурван сарын хугацаанд явагдсан бол дор хаяж нэгээс хоёр долоо хоногийн хугацаанд амрах хэрэгтэй. Учир нь тухгүй мэдрэмж болон цус алдалт нь энэ хугацаанд үргэлжлэх магадлалтай юм. Мөн энэ хугацаанд:
- Ариун цэврийн хэрэглэл хэрэглэх (тампон хэрэглэхээс зайлсхийх)
- Сарын тэмдгийг сайтар ажиглах (цусны гарц ямар нэгэн өөрчлөлттэй байгаа эсэхийг)
- Өвчин намдаах эм хэрэглэх (эмчийн заавраар)
- Цус алдалтыг зогсох хүртэл бэлгийн харилцаанд орох, усанд сэлэхээс зайлсхийх
Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай:
- Цус алдалт ихсэх (цагт 1-2 ширхэг ариун цэврийн хэрэгсэл солих) эсвэл 2 долоо хоногоос илүү хугацаанд үргэлжлэх
- Хүчтэй өвдөлт мэдрэгдэх
- Халуурах
- Халуурах, үтрээнээс эвгүй үнэр гарах зэрэг халдварт өвчний шинж тэмдгүүд илрэх
Хэрэв зулбалт 6-8 дахь долоо хоногийн хугацаанд тохиолдсон бол нэг сар хагасын хугацаанд аль болох хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй байна. Мөн төмөр болон олон төрлийн витаминаар баялаг хүнс хэрэглэх нь биеийн эдгэрэлтэд тустай.
Сэтгэл зүйн эрүүл мэнд ч чухал!
Танд стресс үүсгэж байгаа нөхцөлөөс зайлсхийх. Учир нь дааврын өөрчлөлтөөс үүдэн та сэтгэл гутралд орох, гэмших мэдрэмж авах магадлалтай нөхцөл байдал үүснэ. Дээр дурдсанчлан зулбалт нь жирэмсний үед нийтлэг тохиолдох хүндрэлийн нэг тул та өөрийгөө бүү буруутгаарай. Учир нь уг хүндрэлийн дараа ч дахин жирэмслэх, эрүүл амаржих бүрэн боломжтой юм. Иймд та өөрийн эрүүл мэнддээ анхаарч, тайван байх нь нэн чухал.
Гэрийн ажил хийхээс түр хугацаанд татгалзах
Ямарваа нэгэн хүнд зүйл өргөх (6 кг-аас илүү жинтэй), өдөр тутмын гэрийн ажил хийхээс зайлсхийх нь зөв юм. Учир нь эдгээр үйл ажиллагаа нь гэдэсний булчинд ачаалал өгдөг тул эдгэрэлтийг удаашруулах хандлагатай.
Эмчилгээг тасалдуулж болохгүй
Хяналтын эмчийн зөвлөсөн хоол хүнс, эмийн эмчилгээг тасалдуулж болохгүй. Энэ нь таны эрүүл мэндэд болон дараагийн жирэмслэлтэд учрах эрсдэлийг бууруулахад, дааврын өөрчлөлтийг тэнцвэржүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой. Мөн та хэвлийн ЭХО-д хамрагдахаа бүү мартаарай.
Бэлгийн харьцаанд орохоос татгалзах
Зулбалтын дараа үтрээ маш мэдрэг, эмзэг байдаг. Ийм учраас хамгийн энгийн нөхцөлөөс ч үүдэн халдвар авах эрсдэлтэй байдаг тул дор хаяж 4 долоо хоногийн туршид бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй.
Ваннтай усанд орохоос зайлсхийх
Эхний нэг сарын хугацаанд халуун усанд орохоос зайлсхийхийг зөвлөдөг. Үүний зэрэгцээ саун, бассейнд сэлэхийг ч мөн хориглодог. Энэ нь дээр дурдсантай ижил шалтгаантай бөгөөд мөн химийн найрлага ихтэй саван хэрэглэхээс татгалзаарай.
Дасгал хөдөлгөөнийг түр хязгаарлах
Биеийн ерөнхий эрүүл мэнд нөхөн сэргэх хугацаанд ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв танд зайлшгүй биеийн хөдөлгөөн шаардлагатай байгаа бол амьсгалын дасгал болон хөнгөн йог хийх боломжтой.
Зулбасны дараагаар давтагдах тохиолдол харьцангуй бага
Хэдийгээр зулбалт нь түгээмэл тохиолдох ч давтан тохиолдох нь харьцангуй бага хувийг эзэлдэг. Тодруулбал, 5 эмэгтэй тутмын 1 нь дахин зулбадаг гэсэн судалгаа бий. Хэрэв та 3 ба түүнээс дээш удаагаар зулбасан бол эмчид хандаж нарийн үзлэг, оношилгоонд хамрагдахыг зөвлөе.
Дахин жирэмслэх хугацаа
Дахин жирэмслэхээр төлөвлөж байгаа бол та дор хаяж сарын тэмдгийн нэгээс хоёр мөчлөг хүлээхийг зөвлөж байна. Энэ нь таны болон хүүхдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube