“Ковид-19 ба жирэмслэлт” хамгийн түгээмэл асуултын хариултууд
Жирэмсэн эх коронавирусийн халдвар авч, хүндрэх тохиолдол эрс нэмэгдэх болсон. Хэдийгээр Ковид-19-ийн дэгдэлт эхлээд өдгөө 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн ч судлагдаагүй үлдсэн олон зүйлс байсаар байна. Тодруулбал, эхэд болон урагт жирэмсний хугацаанд, цаашдын амьдралд хэрхэн нөлөөлөх болон ямар хүндрэл үүсэж болзошгүй талаар тогтсон нэг хариулт өгөх боломжгүй. Хамгийн сүүлийн үеийн болох “Оксфорд” их сургуулиас дэлхийн 18 улс орны 2100, “BMJ” эрүүл мэндийн тэргүүлэх судалгааны байгууллагын 68 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг хамруулан хийгдсэн судалгаанууд дээр үндэслэн Ковид-19 өвчин жирэмсэн эхэд болон урагт хэрхэн нөлөөлөх талаар хамгийн түгээмэл асуултын хариултыг нэгтгэн танд хүргэж байна.
Жирэмсэн эх халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (Centers for Disease Control and Prevention) хийсэн судалгаанаас үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүдийн 54.5-75%-д халдвар авсны дараа тодорхой шинж тэмдэг илрээгүй байна.
Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэл зүйн хувьд дараах шинж тэмдэг илэрсэн байна:
- Сульдах 54.5%
- Ханиалгах 50,3%
- Толгой өвдөх 42,7%
- Халуурах шинж тэмдэг харьцангуй бага ажиглагдсан 27.6%
- Амьсгаадах 25.9%
Жирэмсний ямар хугацаанд Ковид-19-өөр өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй вэ?
Эмч нарын хэлж буйгаар 28-дах долоо хоногоос хойш буюу жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай аж. Энэ хугацаанд өвчилсөн тохиолдолд амьсгалын дутагдалд орох, уушги болон бусад эрхтэн гэмтэх, халдварын шинж тэмдгүүд хүндрэх эрсдэлтэй байдаг. Учир нь жирэмсний бусад үетэй харьцуулахад сүүлийн гурван сарын хугацааны үед эрсдэл үүсэх магадлал 2-3 дахин нэмэгдэнэ. Энэ хугацаанд ургийн хэмжээ томорч хэвлий хэсэг амьсгалын тогтолцоонд нөлөөлөх, зүрх судасны тогтолцооны эрхтнүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг нь биеийн байдлыг хүндрүүлдэг байна.
Жирэмсний 22-37 долоо хоногийн хугацаатай дутуу төрөх магадлал 12.9-28.6%-иар нэмэгдсэн нь судалгаагаар батлагдсан байна.
Эрсдэлт бүлэгт хэн багтах вэ?
Эрсдэлт бүлэгт 35 ба түүнээс дээш насны эхчүүд, БЖИ (биеийн жингийн индекс) 30 ба түүнээс дээш, суурь өвчтэй (чихрийн шижин, бронхит, зүрх судасны эмгэг г.м.) тохиолдолд эмчийн тусгай хяналтад байж, онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь эдгээр хүчин зүйлс нь өвчний хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд нь нөхөн үржихүйн насанд буй жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй харьцуулахад тодорхой шинж тэмдэггүй өвчлөх магадлал 5 дахин, амь насаа алдах эрсдэл 2 дахин их байгаа аж.
Ковид-19-өөр өвчилсөн тохиолдолд жирэмслэлтийг зогсоох хэрэгтэй юу?
Хэрэв Ковид-19-с өөр халдвар, болон суурь өвчний хүндрэлүүд нь ургийн өсөлт, эхийн эрүүл мэнд, амь насанд заналхийлээгүй тохиолдолд эмч, мэргэжилтнүүд жирэмслэлтийг зогсоохыг зөвлөдөггүй байна. Учир нь одоогийн байдлаар мөн адил Ковид-19 урагт шууд сөрөг нөлөө үзүүлдэг эсэх нь батлагдаагүй байгаа юм.
Гагцхүү эхийн биеийн байдлыг харгалзан үзэж, эмчийн шийдвэрээр төрөлтийг хугацаанаас нь эрт гүйцэтгэх, таслан зогсоох тохиолдол бий.
Ковид-19 вирусийн вакцин нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлдөг үү?
Вакцин нөхөн үржихүйн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин халдвар авч, хүндэрсэн тохиолдолд үүсэх эрүүл мэндийн тодорхой асуудлын үр дагавар нь нөлөөлөх магадлалтай гэдгийг эмч мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй байна.
Ковид-19 эхээс урагт халдварладаг уу?
Цар тахлын эхэн үед эмч, мэргэжилтнүүд энэ тохиолдлыг үгүйсгэж байсан ч сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд эхээс урагт коронавирус халдварлах боломжтой болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч энэ нь магадлал багатай ба тодруулбал, 5-аас бага хувийг эзлэх аж. Халдварын хамгийн их хувь буюу 12% ихэст, усанд 5% байх магадлалтай гэнэ.
Сайн мэдээ нь коронавирус нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд, нярай халдвар авсан тохиолдолд өвчний явц хөнгөн хэлбэрээр явагддаг байна. Коронавирусийн халдвар нь хүүхдэд эрүүл мэндийн хүндрэл учруулахгүй ч, халдварын улмаас эхийн эрүүл мэндэд учирсан хүндрэлүүд нь хүүхдэд шууд бусаар нөлөөлөх магадлалтай юм.
Ковид-19 урагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Коронавирусийн халдвар нь ургийн хөгжилд шууд байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Ургийн эрүүл мэнд эхийн дархлаа болон эрүүл мэндээс шууд хамааралтай. Хэрэв жирэмсэн эмэгтэй халдвар авсан дээр, суурь өвчтэй тохиолдолд жирэмсний хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг байна. Тухайлбал, дутуу төрөлт, өсөлтгүй жирэмслэлт, зулбалт гэх мэтчилэн. Гэвч эдгээр нь халдвар аваагүй үед ч тохиолдох эрсдэлтэй нөхцөл байдал гэдгийг мартаж болохгүй.
БНХАУ-д коронавирусийн халдвар авсан эмэгтэй хугацаанаасаа эрт амаржих тохиолдол багагүй байсан ч, энэ нь шууд байдлаар халдварын улмаас болсон гэдгийг тогтоогоогүй байгаа юм.
Нярай коронавирусийн халдвар авсан тохиолдолд ямар хүндрэл үүсэх эрсдэлтэй вэ?
Хэрэв дөнгөж төрсөн нярай эхээс халдвар авсан тохиолдолд дархлаа нь өвчний явцыг хангалттай дийлж чаддаг. Жирэмсний хугацаанд Ковид-19-өөр өвчилж эдгэсэн тохиолдолд урагт эсрэг биет үүсэх магадлал өндөр байдаг байна. Хэдий нярай хүүхдийн эрүүл мэндэд онцгой хүндрэл учрахгүй ч халдвар тээгч болох тул олон хүнтэй харьцахаас зайлсхийх хэрэгтэй.
Сүүлийн судалгаанаас үзэхэд халдвар авсан эхээс төрсөн нярайн:
- 26-30%-д нь төрсний дараагаар дистресс-синдром буюу амьсгалын дутагдал ажиглагдсан байна
- 25% нь биеийн жин багатай төрсөн байна
- 4%-д нь амьсгал боогдох шинж тэмдэг илэрсэн
- 35-2.2% нь төрөх үе болон төрсний дараагаар амь насаа алдсан байна
Коронавирусийн халдвар авсан бол хөхөөр хооллож болох уу?
Тийм. Коронавирусийн халдвар хөхний сүүгээр дамждаг гэдгийг баталсан судалгаа байдаггүй. Хөхний сүү нь нярайг дан ганц коронавирусийн бус бусад бүх халдвараас хамгаалах нэн шаардлагатай амин дэм, шим тэжээлээр баялаг. Хөхөөр хооллох үед тулгарах эрсдэл бол нярайтай хэт ойрхон байх юм. Энэ нь амьсгалын замаар халдвар дамжих магадлалыг нэмэгдүүлдэг байна. Иймд, мэс заслын амны хаалт хэрэглэж, ариун цэврийг сайтар сахиж, бусад хэрэгслүүдийг ариутгах шаардлагатай гэдгийг бүү мартаарай. Мэс заслын амны хаалт нь халдвараас хамгаалахад өндөр үр дүн үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан гэдгийг сануулъя.
Төрсний дараагаар хүүхэд болон эх халдвар авах магадлал өндөр байдаг уу?
Хэрэв жирэмсэн эмэгтэй суурь өвчингүй, болон бусад халдваргүй тохиолдолд ямарваа нэгэн эмгэгт өртөх магадлал бага байдаг. Төрсний дараа шаардлагатай гамыг барьж, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж, сайн амарч, зөвшөөрөгдөх дасгал хөдөлгөөн хийх нь дархлаа эрс унахаас сэргийлнэ. Гэвч энэ нь таныг халдвар авахгүй гэсэн баталгаа биш гэдгийг ойлгох нь зүйтэй юм.
Жирэмсний болон хөхөөр хооллох хугацаанд вакцинд хамрагдаж болох уу?
Хэдийгээр жирэмсэн болон хөхүүл эхэд вакцины дараагаар үүсэх эрсдэлийн талаар тогтсон нэг хариулт өгөх боломжгүй байгаа ч мөн адил огт болохгүй гэх судалгаа байхгүй юм. Вакцинд хамрагдсанаар эхийн халдвар авах, өвчин хүндрэх эрсдэл багасгана гэж үзэж байна. Одоогоор хэрэглээнд нэвтэрсэн вакцинаас: BioNTech/Pfizer болон Moderna нь тохиромжтой байгаа аж.
Халдвар авч эдэгсрний дараагаар эрүүл мэндэд ямар хүндрэлүүд ажиглагдах вэ?
Судалгаанаас үзэхэд халдвар авч эдгэсэн хүмүүсийн 28 гаруй хувьд нь эрүүл мэндэд тодорхой үр дагаврууд үлдсэн байгааг тогтоожээ. Эдгээрт сульдах, ядрах, үе мөч болон булчингаар өвдөх, амьсгаадах, толгой өвдөх, анхаарал төвлөрөлт болон ажлын чадамж буурах, сандрах болон сэтгэл гутралд орох, нойрны хэвийн байдал алдагдах зэрэг шинж тэмдгүүд багтана. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд Ковид-19-ийн хамгийн аюултай үр дагавар нь цусны бүлэгнэлт үүсэх хандлага ажиглагддаг.
PS: Энэхүү нийтлэл нь Ковид-19 өвчний талаарх сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэн зөвлөмж өгөх зорилготой юм. Иймд, та өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай ажиглаж, ямарваа нэгэн өөрчлөлт сэтгэл санааг тань зовоож байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг сануулъя.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube