Гуурсан хоолой тэлэгдэх өвчин
Эмфизем нь уушгины цулцанг гэмтээж амьсгалахад төвөгтэй болгодог өвчин бөгөөд уушгины архаг бөглөрөлтөт өвчний нэг хэлбэр юм. Тамхи татах нь эмфиземийн хамгийн гол шалтгаан юм.
Уушгины цулцан усам үзэмтэй төстэй байрлалтай, олон жижиг нүхтэй байдаг. Харин эмфиземээр өвчилсөн үед эдгээр олон жижиг нүхнүүд хэврэг болж урагдан нэг том нүх болно. Энэ нь уушгийг бүтцийн өөрчлөлтөд оруулж цусанд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээг алдагдуулдаг.
Ингэж гэмтсэн тохиолдолд уушгины цулцан ажиллахгүйгээс болоод хуучин агаар уушгинаас гадагшилж чадахгүй байх ба шинэ агаар орох зайгүй болдог. Гуурсан хоолойн тэлэгдэх өвчний эмчилгээ урт хугацаанд явагддаг бөгөөд уушгины цулцанг нөхөн сэргээх боломжтой.
Шинж тэмдэг
Олон жилийн турш анзааралгүй эмфиземтэй байсаар ирсэн байх тохиолдол олон байдаг. Гол шинж тэмдэг нь амьсгаадах бөгөөд яваандаа улам ихсэх хандлагатай байдаг. Амархан амьсгааддаг тул дасгал хөдөлгөөнөөс зайлсхийж эхэлнэ. Тайван байх үед ч амьсгаадах болсноо анзаарч байвал эмчид хандаарай.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв олон сарын турш амьсгаадсан, энэ нь өдөр тутмын амьдралд тань нөлөөлөх болсон бол эмчид хандахыг зөвлөе. Нас, жин зэргийг харгалзалгүйгээр дараах зүйлс ажиглагдсан бол цаг бүү алдаарай.
- Шатаар гарахад амьсгаадах
- Дасгал хөдөлгөөн хийхэд хумсны үзүүр, хурууны үзүүр хөх саарал өнгөтэй болох
- Сэтгэл зүйн хувьд цовоо сэргэлэн байхаа болих
Дараах хүчин зүйлс өвчнийг улам даамжруулдаг.
- Тамхи татах –Тамхи татдаг хүмүүс эмфиземд өртөх магадлал хамгийн их бөгөөд хэдий олон жил татсан, төдий хэмжээгээр магадлал өсөх болно.
- Нас – Ихэвчлэн 40-60 насны хүмүүс эмфизем тусах, туссанаа олж мэдэх нь элбэг байдаг.
- Дам тамхидалт – Хэдий та өөрөө тамхи татдаггүй ч орчин нөхцөл тань тамхины утаагаар дүүрэн байдаг бол энэ өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай.
- Орчин – Ажлын байр, амьдардаг газар тань химийн бодис, машины утаа, тоос шороо ихтэй бол өвчин тусах магадлалыг мөн ихэсгэнэ.
Хүндрэлүүд
Уушгины гялтан хальсанд хий хурах өвчин – хүнд хэлбэрийн эмфизем туссан хүмүүст илрэх ба энэ өвчин нь амь насанд аюултай байдал үүсгэнэ. Хэдий элбэг биш боловч маш хүнд өвчин юм.
Зүрхний өвчнүүд –Эмфизем тусахад уушги зүрхийг холбодог артерийн судсанд ачаалал их очдог. Ингэснээр зүрх томорч, хэвийн үйл ажиллагаа алдагдах аюултай.
Уушгинд том хэмжээний хөндий үүсэх – Уушги цэврүүтэж том хөндий үүсэж хатгалгаа авах магадлалыг нэмэгдүүлэх ба хэдий чинээ олон хөндий үүссэн төдий чинээ уушгины агшиж сунах чадвар буурна гэсэн үг юм.
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмчилгээ, дэглэмийг мөрдөх
Хэрэв та эмфиземээр өвчилсөн бол дараах арга хэмжээнүүдийг авч өвчнөө даамжруулахгүй байх, цаашил өвчин хүндрэхээс сэргийлээрэй.
- Тамхи татахгүй байх – Өвчний тархцыг зогсоох хамгийн найдвартай арга бол тамхинаас гарах юм. Хэрэв та тамхи татдаггүй боловч эмфизем туссан бол тамхитай орчноос холдох хэрэгтэй.
- Агаараар дамжих бусад хоруу чанартай зүйлсээр амьсгалахгүй байх – будаг, машины утаа, элдэв хоолны үнэр, үнэртэй ус, арц хүж зэргээс хол байх хэрэгтэй. Манай оронд бол өвөл тогтмол цэвэршүүлэх маск зүүх шаардлагатай.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх – Хэдий амьсгаадаж байгаа ч дасгал хийхээ зогсоож болохгүй. Учир нь хөдөлгөөн тогтмол хийснээр уушги илүү их агаар авах боломжтой болно.
- Хүйтэн агаараас өөрийгөө хамгаалаарай –Хүйтний улиралд маск, ороолт тогтмол зүүж хэвшээрэй.
- Амьсгалын замын өвчин тусахгүй байх – Эмчийн зөвлөгөөгөөр томууны эсрэг вакцин хийлгээрэй. Олон хүнтэй газраар явахгүй байх, ханиадтай хүнээс хол байх зэрэг зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Гэрийн нөхцөлд хэрэглэж болох ургамал болон ногоо
Лимон
1 цайны халбага жимсний шүүсэнд 1 цайны халбага лимоны шүүс хутгаж хоол идэхээс 15 минутын өмнө ууж байвал дархлалын системийг идэвхжүүлэх, мөн тайвшрахадсайн.
Сармис
Өглөө өлөн ходоодон дээрээ 2-3 хумс сармис зажилж болно.
Оношилгоо
Эмфизем өвчнөөр өвчилсөн эсэхийг тань оношлохын тулд эмч дараах шинжилгээнүүдийг авах болно.
Рентген зураг эсвэл компьютер томографи хийлгэх
Цээжний рентген зураг нь амьсгаадаж байгаа шалтгааныг илрүүлдэг. Гэвч эмфиземийн үед компьютер томографи хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь томографиар рентген зургаар гарах бүх дүрсүүдийг харахын дээр бусад дотор эрхтнүүдийн зургийг хөндлөн зүсэлттэй авч болох юм. Хэрэв уушгины хагалгаанд орох шаардлагатай бол эмч компьютер томографын зураг авахуулахыг зөвлөдөг.
Цусны шинжилгээ
Таны уушги цусанд хэр хэмжээний хүчил төрөгч дамжуулж чадаж байгааг шалгахын тулд цусны шинжилгээ өгөхийг санал болгоно.
Уушгины үйл ажиллагааны шинжилгээнүүд
Уушгинд хэр хэмжээний агаар орж гарч байгааг тогтоох аргуудын нэг юм. Зарим тохиолдолд СПИРОМЕТР гэх үлээдэг төхөөрөмжөөр тогтооно.