Заг хүйтэн
Заг хүйтэн буюу гонорей нь Neisseria gonococcus-оор үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Заг хүйтэн өвчнөөр аль ч насны хүмүүс өвчлөх боловч залуучуудын дунд түгээмэл байдаг .
Халдвар дамжих зам:
- Үтрээ
- Залгиур
- Шулуун гэдэс
- Нүд /халдвартай гараар нүдэндээ хүрэхэд/
Заг хүйтэн нь дараах замуудаар бэлгийн харилцаанд орсноор халдварладаг. Халдвар нь ихэнхдээ бактери анх нэвтэрч орсон хэсэгтээ хязгаарлагдах боловч биеийн бусад хэсэгт цусаар тархана. Мөн хүүхэд төрөх явцад төрөх замаас халдвар авбал сохрох аюултай.
Шинж тэмдэг
Заг хүйтэн ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос 1-14 хоногийн дараа илэрч болно. Эмчлэхгүй бол халдвар байгаа боловч шинж тэмдэг 2 долоо хоногийн дотор арилдаг.
ЭР | ЭМ |
Шээсний сүв орчим бага зэрэг загатнаж, ирвэгнэнэ | Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана |
Шээхэд хорсоно, өвдөнө | Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна |
Шээсний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна | Хэвлийн доод хэсгээр өвдөх |
Шээсний сувгийн амсар улайж, хавагнана | Умайн хүзүүний салс улайж хавагнана |
Бэлгийн харьцааны үед өвдөнө | |
Шээс ойр ойрхон хүрнэ |
Хүндрэл
Нянгийн эсрэг эмчилгээ цаг алдалгүй хийвэл бүрэн эмчлэгдэх боловч эмчлэхгүй орхивол үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт үүсгэх эрсдэлтэй.
Эрэгтэй хүнд төмсөг , төмсөгний дайврын үрэвсэл, түрүү булчирхай болон давсагыг үрэвслүүлж болно. Ховор тохиолдолд шээсний замд бүтцийн өөрчлөлт болж шээсний суваг битүүрч шээж чадахгүй болно.
Эмэгтэй хүнд аарцгийн хөндийн эмгэгүүд болон умайн гадуурх жирэмслэлт, эмэгтэйн үргүйдэл болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Оношилгоо
Заг хүйтэн халдварыг мэргэшсэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж, асуумж, бодит үзлэгт үндэслэн наалдцын шинжилгээ /мазок/ , шээс бэлгийн замын үүсгэгчийн дэлгэрэнгүй шинжилгээ /PCR/ -үүдийг хийлгэж эцсийн онош батлагдана.
Урьдчилан сэргийлэлт
Заг хүйтэн болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн зөв арга бэлгэвч хэрэглэх юм. Мөн бэлгийн хамтрагчтайгаа нээлттэй байж хамт шинжилгээ хийлгэж сурах хэрэгтэй бөгөөд хэрэв адил төстэй шинж тэмдэг илэрвэл бэлгийн харьцааг тэвчиж яаралтай оношилгоо эмчилгээ хийлгэж, эмчилгээ бүрэн дуустал хамтрагч солих, бэлгийн хавьтал орох зэргийг тэвчих хэрэгтэй.
Эмчилгээ
Зөв эмчилгээг зөвхөн нарийн мэргэжлийн эмч тогтоох боломжтой. Өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Дур мэдэн өөрөө гэртээ эмчлэх нь өвчнийг улам даамжруулах үндэс болно. Удирдамжид заасны дагуу тусгай антибиотик эмчилгээг, дархлаа дэмжих болох физик эмчилгээтэй хавсарч хийнэ.