Уруулын хомхой
Уруулын хомхой гэдэг нь уруул дээр болон уруулын эргэн тойронд жижиг цэврүү үүсдэг вирусийн гаралтай өвчин юм. Эдгээр цэврүүнүүд нь нэг газар бөөгнөрөх бөгөөд цэврүү хагарахад тав тогтож өвдөж эхэлдэг. Уруулын хомхой нь 2-4 долоо хоногийн дотор сорвигүйгээр эдгэрнэ.
Үнсэлцэх, нэг аяганаас юм уух зэрэг байдлаар хүнээс хүнд халдварладаг. Уруулын хомхой нь ихэвчлэн HSV-1 гэх хомхойн вирусээс үүдсэн байх боловч ховор тохиолдол бэлгийн хомхой (HSV-2)-н халдвар авснаар үүсдэг. Эдгээр вирусуудын аль аль нь үнсэлцэх, бэлэг эрхтэн амаар хүрэх тохиолдлуудад халдварлана.
Энэ халдварыг эмчлэх боломжгүй ч вирусийн эсрэг эм хэрэглэж цэврүүг арилгах боломжтой.
Шалтгаан
Уруулын хомхой нь HSV-1 вирусээр, харин бэлгийн хомхой нь HSV-2 вирусээр үүсгэгддэг. Гэсэн ч аль ч вирус нь уруул, бэлэг эрхтэнд цэврүү үүсгэж болно. Шингэнээр дүүрсэн цэврүү гарсан тохиолдолд хомхой халдварлах магадлал хамгийн өндөр байдаг.
Тиймээс аяга таваг, алчуур, сахлын хутгаа бусадтай солилцохгүй байх, хомхойтой хүнтэй үнсэлцэхгүй байх, хомхойтой хүнтэй бэлгийн харьцаанд орохдоо амаа бэлэг эрхтэнд хүргэхгүй байх зэргээр халдвар авахаас сэргийлээрэй.
Нэгэнт халдвар авсан бол дараах тохиолдлуудад хомхой гардаг.
- Сарын тэмдэг ирэх, цэвэрших зэргийн дааврын өөрчлөлт гарахад
- Стрессд ороход
- Ядрахад
- Нар салхинд удаан байх
- Дархлаанд өөрчлөлт ороход
Нөлөөлөх хүчин зүйлс
Дархлал суларсан хүн энэ вирусээр халдварлах магадлал хамгийн өндөр байдаг.
- ХДХВ-ийн халдвар авсан байх.
- Экземтэй бол.
- Хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэдэг байх.
- Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байх.
Шинж тэмдэг
- Уруулын хомхой үүсэхэд эхний ээлжинд загатнах мэдрэмж төрдөг. Олон хүмүүс уруул загатнаж, жижиг хатуу хөндүүр улаан зүйл мэдрэгдэж байгааг анзаардаг байна.
- Цэврүү үүсэх – Жижиг шингэнээр дүүрсэн цэврүү үүсэх бөгөөд зарим тохиолдолд хамар болон хацар дээр гарсан байдаг.
- Хагарч тав тогтох – Олон жижиг хомхой нэгдэж хагарах бөгөөд хагарсан хэсгээр тав тогтон өвдөлт мэдрэгдэнэ.
Уруулын хомхой нь 2-4 долоо хоногийн дотор бүрэн эдгэрдэг бөгөөд дахин гарсан тохиолдолд анх үүссэн газраа дахин дахин цэврүү гардаг. Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Халуурах
- Хоолой өвдөх
- Буйл өвдөх
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Шүлсний булчирхай хавдах
5 болон түүнээс доош насны хүүхдүүдийн аман дотор уруулын хомхой үүсч болох бөгөөд үүнийг бусад амны хөндийн өвчинтэй андуурах тохиолдол байдаг. Уруулын хомхой идээгээр бүрхэгдээгүй, шингэнээр дүүрсэн цэврүү хэлбэртэй байдгийг анхаараарай.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв уруулын хомхой 2 долоо хоногт эдгэрэхгүй бол, ойр ойрхон хомхой гарч байгаа бол, нүдэнд шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаарай.
Хүндрэл
Зарим тохиолдолд хомхойн биеийн бусад хэсэгт халдварладаг.
- Хурууны үзүүр – Хуруугаа хөхдөг бага насны хүүхдүүдийн хуруунд халдварлаж болно.
- Нүд – Вирус нүдэнд халдварлаж нүдийг гэмтээх, хараа муудах, сохрох магадлалтай болгоно.
- Арьсаар халдварлах – Арьсанд тууралт өгч экзем болох
- Бусад эрхтэнд халдварлах – Дархлал суларсан үед нугас болон тархинд халдварлах аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Хомхойтой хүнийг үнсэхгүй байх.
- Хомхойтой хүнд хүрэхгүй байх.
- Бусадтай хувийн эд зүйлсээ сольж хэрэглэхгүй байх.
- Гараа тогтмол угааж байх зэрэг арга хэмжээг аваарай.
Зөвлөгөө
Уруулын хомхой гарсан бол дараах арга хэмжээг аваарай.
- Хүйтэн жин тавих – Даавуун алчууранд мөс хийж жин тавих эсвэл төмөр халбага хөлдөөгчинд 30 минут хийгээд хүйтэн халбагаар уруул дээрээ жин тавьж болно.
- Тосон түрхлэг – Эмчийн зааварчилгаагүйгээр хэрэглэж болох уруулын хомхойны тосон түрхлэг байдаг. Энэ түрхлэгийн 4 цагийн давтамжтайгаар түрхэж хэрэглэнэ.
Оношилгоо
Уруулын хомхойг цэврүүнээс арчдас аван шинжилж болох юм.
Эмчилгээ
Уруулын хомхой 2-4 долоо хоногийн хугацаанд эмчилгээгүйгээр эдгэрэх бөгөөд вирусийн эсрэг тосон түрхлэг, эмүүд нь эдгэрэлтийг хурдасгана. Хэрэв удаан хугацаанд хомхой эдгэрэхгүй бол эмчийн заавраар тариа хийлгэдэг.