Уушгины архаг бөглөрөлт өвчин
Архаг бронхит нь гуурсан хоолой үрэвсэж, өтгөн идээрхэг зүйл ихээр ялгаруулдаг амьсгалын замын өвчин юм. Ихээр ханиалгаж амьсгалахад бэрх болох бөгөөд өвчин үүсэх гол шалтгаан нь ихэвчлэн тамхи байдаг. Агаарын бохирдолтой орчинд удаан байх, тоос тортог ихтэй газар удаан амьдарч ажиллах зэргээс үүдсэн байх боломжтой.
Хурц хэлбэрийн бронхитоос ялгаатай нь архаг бронхит нь урт хугацаанд бүрэн эдгэрэхгүй ханиалгаж, зовиуртай байсаар байна. Тиймээс архаг бронхитын үед гуурсан хоолойн үрэвслийг дарж идээрхэг зүйлийг арилгах эмчилгээ хийгддэг.
Шалтгаан
Архаг бронхит нь жилийн аль ч улиралд тусах магадлалтай ч ихэвчлэн ханиад томуу ихтэй хүйтний улиралд эхэлдэг.
- Тамхи татах
- Дам тамхидалт
- Утаа ихтэй, тоос шороо ихтэй газар ажиллаж амьдрах
- Ханиадны А болон Б вирусээр халдварласан байх
- Хатгалгаагаар өвчлөөд удаагүй байх
- Дархлаа суларсан байх
Шинж тэмдэг
- Ханиалга, хуурай ханиалга, цэртэй ханиалга зэргийн аль аль нь ажиглагдаж болно. Цэртэй ханиалгах нь хатгалгаа болж байгаагийн эхний шинж тэмдэг байж болно.
- 3 сараас 2 жилийн хугацаанд ханиалгаж байгаа бол архаг хэлбэрийн бронхит болсон байх магадлалтай
- Ханиалгах үед цээж хөндүүрлэж, гэдэсний булчинг өвтгөх.
- Ханиалга дарагдахгүй байсаар ухаан алдаж унах
- Астмын гаралтай бронхит туссан бол амьсгал давхцана.
Хэзээ эмчид хандах вэ?
- Байнга амьсгал давхцах
- Удаан хугацаанд ханиалга дарагдахгүй байх
- Ханиалгах үед цээж хорсох
- Унтаж амрах үед ихээр ханиалгах
- Халуурах
- Цустай, ногоон цэртэй ханиалгах үед эмчид хандана уу.
Оношилгоо
Удаан хугацаанд ханиалгаж байгаа, тамхи татдаг, 3 сарын турш ханиалгах, жил дарааллан ингэж хүндээр ханиалгаж байгаа бол архаг бронхит болсон байх магадлалтай.
- Цусны шинжилгээ хийлгэх шаардлагагүй
- Хатгалгаа болсон байх магадлалтай гэж үзвэл цээжний рентген зураг авахуулна.
- Хурууны үзүүрт төхөөрөмж хавчин цусанд хангалттай хүчилтөрөгч байгаа эсэхийг шалгана.
Урьдчилан сэргийлэлт
- Тамхинаас гарах
- Дам тамхидалтанд өртөхгүй байх.
- Агаар дуслын замын халдвар авахгүй байхын тулд сэрэмжлэх
- Агаарын бохирдол, машины утаанаас хол байх
- Элдэв будаг, спирт, химийн бодисны үнэр авахгүй байх
- Гараа тогтмол угаах зэрэг нь архаг бронхитоор өвчлөх магадлалыг багасгана.
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн эмчилгээ болон дэглэм мөрдөх!
- Шингэн зүйл их хэмжээгээр уух (өдөрт 10 аяга шингэн зүйл уух)
- Агаар чийгшүүлэгч гэртээ хэрэглэх нь ханиалгыг намдаана
- Ханиалга намдаах эм хэрэглэж болно.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Сармис
Антибиотиктой төстэй, вирус устгах чадвартай тул бронхитонд сармис сайн үйлчилгээтэй байдаг.
3 хумс сармис хальслан жижиглэж хэрчинэ.
1 аяга халуун сүүнд буцалгаж унтахаасаа өмнө ууна
Давстай ус
Давстай усаар хоолойгоо зайлах нь бронхитонд маш сайн байдаг.
1 аяга бүлээн усанд 1 цайны халбага давч уусгаж хутгаад хоолойгоо зайлна.
1 аяга усанд 1 цайны халбага давснаас их эсвэл бага хэмжээний давс хийж болохгүй. Учир нь их хэмжээний давс хоолой түлэх аюултай, хэт бага хэмжээтэй бол үйлчлэхгүй байх магадлалтай.
Давстай усаар хоолойгоо зайлснаар үрэвслийг дарах боломжтойгоос гадна хоолойд байгаа цэрийг гадагшлуулах боломжтой.
Зөгийн бал
Бронхитын үед зөгийн балаар ханиалга дарах боломжтой. Өвчин намдааж, үрэвсэл дарах, дархлааг дэмжих үйлчилгээтэй байдаг.
1 аяга цайнд 1 цайны халбага зөгийн бал хийж ууна.
Мөн бүлээн лемонтой усанд 1 цайны халбага зөгийн бал уусгаж ууна.
Сонгино
Цэр ховхлох, дахин нэмж цэр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй ургамал юм.
Өглөө бүр юм идээгүй байхдаа 1 цайны халбага жижиглэсэн сонгино иднэ.
Ванны давс хэрэглэх
Хурц хэлбэрийн бронхиттой бол ванны давстай усанд орж хэвтэх нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ. Долоо хоногт 2 удаа давстай усанд орохыг зөвлөе.