Дутуу төрөлт
Жирэмсний тээлтийн 22-37 долоо хоногийн хооронд умайн базлалт жигдэрч, умайн хүзүү нимгэрч нээгдэн төрөлтийн үйл ажиллагаа эхэлж, жирэмсний тээлтийн хугацааг гүйцээлгүй хүүхэд төрөхийг дутуу төрөлт гэж нэрлэдэг. Хэвийн тохиолдолд жирэмслэлт нь 40 долоо хоног үргэлжилдэг. Жил бүр 15 сая нярай буюу 10 нярай тутмын нэг нь жирэмсний тээлтийн 37 долоо хоногоос өмнө хугацаанд мэндэлдэг байна.
Дутуу төрөлтийн 70 хувь нь төрөх үйл ажиллагаа аяндаа эхэлсэн болон тээлтийн хугацаанаас өмнө ураг орчмын шингэн урьтаж гарснаас, 30 хувь нь эх, ургийн өвчин, эмгэгээс шалтгаалж төрөлтийг шийдсэнээс дутуу төрж байна.
Нярай жирэмсний тээлтийн хугацаа гүйцэхээс өмнө (жирэмсний 37 долоо хоногоос өмнө) жин багатай төрөх нь нярай эндэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Шалтгаан
Ургийн шингэн хугацаанаасаа өмнө гарах болон умайн хүзүүний дутмагшлын улмаас хугацаа нь болоогүй байхад умайн хүзүү нээгдэх нь дутуу төрөлтийн үндсэн шалтгаан юм. Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа хоёр ба түүнээс дээш ихэр жирэмслэлт ихэнх хувийг эзэлж байна. Дутуу төрөлтөнд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
- Өмнө нь дутуу төрж байсан
- Үр суулгуулсан
- Умай, умайн хүзүү болон ихэстэй холбоотой ямар нэгэн асуудалтай бол
- Тамхи татдаг, алкоголь хэрэглэдэг байх
- Шим тэжээлийн дутагдалд орсон бол
- Жирэмсний үед хангалттай жин нэмэхгүй байх
- БЗХӨ болон бусад халдварт өвчтэй бол
- Цусны даралт ихсэх болон чихрийн шижин өвчтэй байх
- Илүүдэл жинтэй эсвэл тураалд орсон байх
- Олон удаа үр хөндөлт хийлгэж байсан эсвэл дутуу төрж байсан байх
- Гадны шалтгаант гэмтэл авсан байх
Шинж тэмдэг
Жирэмсний хоёр болон гурав дахь триместрийн хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрвэл хяналтын эмчдээ хандаарай. Үүнд:
- Үтрээний шүүрэл нэмэгдэх
- Шүүрлийн байдал өөрчлөгдөх буюу илүү усархаг, салиархаг шинжтэй болох эсвэл цусны хольцтой болох
- Үтрээнээс цус гарвал
- Хэвлийгээр удаан хугацаанд хатуурах эсвэл цагийн дотор дөрөв болон түүнээс олон базлавал
- Доош тулж өвдвөл
- Ууц нуруу чилж өвдвөл
Дутуу төрөлтийн эдгээр шинжүүд илрэх болон ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарвал эмнэлэгт хэвтэж зохих арга хэмжээ авах шаардлагатай.
Дутуу төрсөн хүүхдэд дараах шинж тэмдэг ажиглагдана.
- Жижиг биетэй, том толгойтой
- Туранхай
- Бие бүхэлдээ үсээр хучигдсан
- Биеийн дулаан багатай
- Өөрөөрөө амьсгалах чадваргүй тул аппарат залгах шаардлагатай
- Хөхөө хөхөж, залгих чадвар муутай байх
Дутуу төрсөн хүүхдүүд амархан цусны халдвар авах, амьсгалын замын ямар нэгэн өвчтэй болох магадлал өндөр байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх
- Жирэмсний үед шаардлагатай шим тэжээл агуулсан хүнс хэрэглэх
- Кальцийн бэлдмэл хэрэглэх
- Химийн бодисонд хордохгүй байх
- Архи, тамхи хэрэглэхгүй
- БЗХӨ болон бусад халдварын шинжилгээ өгөх, халдвартай бол эрт үед нь эмчлүүлэх
Оношилгоо
Жирэмсэн эмэгтэйчүүдэд дутуу төрөлт тохиолдох эрсдэл, дутуу төрөлтийн шинж тэмдэг байгаа эсэхийг дараах шинжилгээнүүдээр илрүүлдэг.
- Умайн хүзүүний уртыг хэмжих – Жирэмсний дунд үеэс умайн хүзүү богиносож эхэлбэл дутуу төрөлт явагдах дохио юм.
- Ургийн фибронектины шинжилгээ – Базлалт эхэлсэн болон дутуу төрөлтийн шинж тэмдгүүд илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдэд хийнэ.
Дутуу төрсөн хүүхдийг олон шинжилгээнд хамруулж бүрэн бүрэлдэж амжаагүй эрхтэн байгаа эсэхийг шалгана. Үүнд:
- Зүрхний бичлэг хийх
- Шээс, баасыг ажиглах
- Цусны шинжилгээ
- Зүрхний эхо
- Хэт авиа
- Нүдний үзлэг хийх
Эмчилгээ
Дутуу төрөлтийн үед төрөлтийн явц, ургийн байдал, жирэмсний хугацаа, эхийн биеийн байдал, умайн хүзүүний байдал зэргийг харгалзан үзэж төрөлтийг эхлүүлэх эсэхийг шийднэ. Хүүхдийн биеийн байдал болон эхийн байдал харьцангуй тогтвортой бол умайн базлалт суллах, дааврын дутмагшилтай бол жирэмсний даавар нөхөх, умайн хүзүүний дутмагшилтай бол умайн хүзүүнд бэхэлгээ тавих зэрэг эмчилгээг хийж болно.
Нэгэнт дутуу төрсөн хүүхдийг инкубаторт байлган биеийн хэмийг тогтворжуулна.
- Хүүхдийн зүрхний хэм, цусны даралтыг үргэлж хянаж байх
- Гуурсаар хооллох
- Дуслаар шингэн нөхөх
- Билирубины туяанд хүүхдийг байлгаж элэгний үйл ажиллагааг дэмжих
- Цус сэлгэх
- Халдвар авсан бол антибиотик хэрэглэх
- Уушгинд шингэн хийж уушгийг бүрэн бүрэлдэхэд туслах
- Зүрхний хэмийг тогтворжуулж амьсгалыг хэвийн болгох арга хэмжээ авах