Умайн ургацаг
Умайн ургацаг гэдэг нь умайн дотор хананд ургасан эд юм. Умайн дотор ханан дахь эсүүд хэт их үржсэнээр, бөөгнөрч ургацаг үүснэ. Ургацаг нь ихэвчлэн хоргүй байх боловч хорт хавдар болох эрсдэлтэй. Үүнээс гадна умайн ургацагаас үүдэн үргүй болох тохиолдол гарах ба ургацагаа авахуулснаар жирэмслэх боломжтой болно.
Умайд үүссэн ургацаг нь 1мм-с гольфийн бөмбөг шиг том хэмжээтэй байж болох бөгөөд умайн ханатай нэг үзүүрээрээ эсвэл угаараа холбоотой байна. Ургацаг нь умайн дотор байрлах боловч умайн хүзүүгээр цухуйж гарч ирэх тохиолдол бий. Мөн умайд олон ургацаг ургасан байж болно.
Шалтгаан
Умайн ургацагт дааврын өөрчлөлт нөлөөлдөг. Эстроген ихээр ялгардаг хэсгүүдэд умайн ургацаг үүсэх тохиолдол элбэг байх ба дараах зүйлс умайд ургацаг үүсэхэд нөлөөлнө гэж үзнэ,
- Цусны даралт өндөр байх
- Нас биед хүрсэн эмэгтэй байх
- Хэт таргалалт, илүүдэл жинтэй байх
- Хөхний хорт хавдартай байх
Шинж тэмдэг
- Сарын тэмдэг хэвийн бус болох ба ойр ойрхон ирэх, хугацаа нь холдох, их хэмжээгээр ирэх гэх мэт өөрчлөлтүүд ажиглагдана
- Сарын тэмдгийн хооронд цус алдаж болно
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
- Цэвэршилтийн дараа үтрээнээс цус гарах
Хүндрэл
Умайн ургацагаас үүдэн үргүй болох магадлалтай, харин ургацагаа авахуулснаар жирэмслэх боломжтой болно.
Оношилгоо
- Хэт авиан шинжилгээ хийж умайд үүсгэвэр буйг тодорхойлж
- Умайг дурандаж ургацагийн байрлал болон хэмжээг тодорхойлж
- Ургацагаас дээж аван хорт хавдар эсэхийг шинжилнэ.
Эмчилгээ
- Жижиг хэмжээтэй ургацаг нь өөрөө эдгэрэх магадлалтай тул эмчилгээ хийлгүйгээр ажиглаж болно
- Дааврын ялгарлыг тогтворжуулах, ургацагийг дотроос нь шимэгдүүлэх байдлаар эмчилгээ хийж болох боловч эмчилгээ зогссоны дараа дахин ургацаг үүсэх магадлал өндөр
- Дурангийн мэс заслаар ургацагийг авч болох бөгөөд дахин ургах магадлал бага гэж үзнэ
- Харин ургацаг хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг болох нь тодорхойлогдвол хавдрын цацрагийн, химийн эмчилгээ хийлгэж эсвэл мэс заслын эмчилгээнд цаг алдахгүй орох шаардлагатай гэж үзнэ