Үтрээний үрэвсэл
Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед тодорхой хэмжээний бичил биет, бактери байдаг. Харин бактерийн халдвар орох, бичил биетийн хэмжээ хэт нэмэгдэх нь үтрээний хэвийн байдлыг алдагдуулж үтрээний үрэвсэл үүсгэдэг. Үтрээнээс их хэмжээний ялгадас гарах, загатнах, хорсож өвдөх шинж тэмдэг нь үртээнд үрэвсэл явагдаж буйн илрэл юм.
Шалтгаан
Маш олон шалтгааны улмаас үтрээний үрэвсэл явагддаг. Хамгийн түгээмэл тохиолддог нь үтрээний бактерийн хэмжээ ихэссэнээр үрэвсэл үүсдэг байна. Үтрээний үрэвсэл үүсэх түгээмэл шалтгаануудыг дурдвал:
- Цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ өөрчлөгдөх нь үтрээний үрэвсэл үүсгэдэг;
- Трихомониаз, хламид зэрэг бэлгийн замын халдварт өвчний үед;
- Мөөгөнцөр –Үтрээнд байх хөгц нь антибиотик хэрэглэснээс болон бусад шалтгааны улмаас нэмэгдэж үрэвсэл үүсгэнэ;
- Халдварын бус үтрээний үрэвсэл явагдах буюу үтрээ орчимд үнэртэй ус түрхэх, химийн элдэв бодистой саван, угаалгын нунтаг хэрэглэх нь үтрээний орчинг цочроож үрэвсүүлдэг;
- Үтрээг дотогшоо чиглэлтэй угаах, дотуур угаалга хийх зэрэг нь үтрээний орчин өөрчлөгдөж, ашигтай бактериийн хэмжээг бууруулан үрэвсэл үүсдэг;
- Жирэмслэлтийн үе дэх дааврын өөрчлөлттэй холбоотойгоор;
- Антибиотик болон бусад хүчтэй эм хэрэглэх үед;
- Чихрийн шижин;
- Үтрээний ойролцоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх;
Шинж тэмдэг
- Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ ихсэх, өнгө, үнэр өөрчлөгдөх
- Үтрээ загатнах
- Бэлгийн хавьталд ороход өвдөх
- Бие засахад өвдөх, хорсох
- Үтрээнээс үе үе бага хэмжээний цус гарах.
Мөн ямар төрлийн үрэвслээс хамаарч дараах шинж тэмдэг илэрч болно.
- Нянгийн гаралтай – Цагаан саарал өнгийн, эвгүй үнэр бүхий ялгадас гарах, загасны махтай төстэй үнэртэй ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа илүү их хэмжээгээр гарах
- Мөөгөнцөр – Загатнах, цагаан өтгөн бужигнасан зүйл үтрээнээс гарах
- Трихомониаз – Шар ялгадас гарах
Хүндрэл
Үтрээний үрэвсэл нь ихэнх тохиолдолд хүндрэл учруулдаггүй. Харин жирэмсэн эмэгтэйн үтрээ трихомониазын гаралтайгаар үрэвссэн бол дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх магадлалтай.
Мөн трихомониазаар халдварласан эмэгтэй ХДХВ/ДОХ-ын халдвар авах магадлал өндөр байдаг.
Урьдчилан сэргийлэлт
- Хөөстэй усанд ойрхон зайтай орохгүй байх
- Усан санд байнга сэлэхгүй байх. Шаардлагатай тохиолдолд ашигтай бактери уух.
- Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнийг үтрээний ойролцоо түрхэхгүй байх
- Бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж байх
- Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх.
Оношилгоо
- Цусны шинжилгээ – Биед халдвар орсон эсэхийг шинжлэх
- Арчдас авах /Мазок/ – Үтрээ ямар шалтгаанаар үрэвссэн болохыг тодорхойлно.
Эмчилгээ
- Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед эмчийн заавраар метронидазол уух болон тосон түрхлэгийг үтрээнд түрхэнэ. Эмчилгээг 5-7 хоногийн турш хийдэг.
- Эмчийн заавраар мөөгөнцрийн эсрэг эм уух ёстой. Антибиотик эмчилгээний үед мөөгөнцөр нян үржих эрсдэл нэмэгддэг учир заавал мөөгөнцрийн эсрэг эм давхар ууна.
- Трихомониаз болон БЗХӨ-тэй бол зохих эмчилгээг заавраар хийлгэнэ.
- Дааврын өөрчлөлттэй бол даавар тэнцвэржүүлэх тосон түрхлэг түрхэх
- Харшлын гаралтай бол харшил намдаах эм ууж, тосон түрхлэг түрхэнэ.
Эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэж, давтан шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь үтрээний үрэвсэл дахих магадлалтай байдаг.