Өсвөр насны хямрал
Шилжилтийн нас буюу 12-оос дээш насны хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйд нь олон янзын өөрчлөлт явагдаж байдаг. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор цочирдох, сэтгэл санаа тогтворгүй болох, аливаа зүйлийг хүлээн авах, дасан зохицох чадварт нь хямрал үүсдэг байна. Үүнийг өсвөр насны хямрал гэх бөгөөд үндсэн хоёр хэсэгт хувааж үздэг.
- Бэлгийн бойжилтын хямрал
- Нийгэм, сэтгэл зүйн хувьд өөрийгөө тодорхойлохын хямрал.
Бэлгийн бойжилтын хямрал: Өсвөр насанд дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагаа маш ихээр эрчимжиж, дааврын зохицуулалт алдагдах, яс болон бэлгийн хөгжил эрчимтэй явагддаг учраас энэ байдал нь тэднийг дасан зохицлын хямралд оруулдаг.
Уг хямралыг даван туулах явцдаа сөрөг, буруу зүйлд татагдах, хүсээгүй үр дагаварт хүргэх эрсдэл ч бий болох талтай. Тухайлбал, эрт бэлгийн харьцаанд орсноор биеийн өсөлт хөгжил дутуу явагдах, БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтэд өртөх тохиолдлууд гардаг.
Тиймээс өсвөр насны хүүхдүүд бие махбодын хөгжил, хүмүүс хоорондын харилцаа хамаарал, бие физиологидоо гарч буй өөрчлөлтүүдийнхээ талаар урьдчилан мэдэж, ирээдүйд гарах сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалах, бэлгийн амьдралтай холбоотой мэдлэг, чадваруудыг эцэг, эхтэйгээ нээлттэй ярилцдаг, мэддэг байх ёстой.
Нийгэм сэтгэлзүйн хямрал: Өсвөр үеийнхний нийгэм, сэтгэл зүйн үндсэн шинж чанар нь өөрийгөө тодорхойлох байдаг. Өөрийгөө сайхан зүс царайтай юу эсвэл царай муутай юу, бэлгийн чиг баримжааны хувьд ямар байна, танин мэдэх, оюун ухааны чадавхаа үнэлэх зэргээр тодорхойлолт гаргадаг.
Өөрийнхөө бодит байдлыг байгаагаар нь мэдэх эсвэл гуйвуулж тодорхойлохыг өөрийгөө тодорхойлохын хямрал гэнэ. Ингэж тодорхойлох нь сэтгэл зүйн хувьд хэрхэн төлөвшиж, хүмүүжсэнтэй шууд холбоотой юм.
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөртөө тулгамдаж буй асуудлуудаа ярих, тэдний хамгийн дотны туслагч нь эцэг эх байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг, сонсдог, тасралтгүй харилцаа холбоотой байх нь чухал. Бие физиологит гарч байгаа өөрчлөлтүүд хүн бүрт л тохиолддог учраас санаа зовох хэрэггүй гэдгийг ойлгох, бусдын дарамт шахалтанд орохгүй, өөрийгөө хамгаалахын тулд зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал.