Хөхний хавдар
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын эхний хоёрт ордог. Ихэвчлэн 45-аас дээш насныханд тохиолддог ч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа. Хөхний хавдрыг эрт оношилбол эмчлэгдэх боломжтой байдаг ба хавдар даамжрах буюу илүү томрох, тархах тусам төгс эмчлэгдэх магадлал буурдаг.
Хөхний хавдар үүсэх эрсдэл 30-аас доош насныханд маш бага гэж үзэх ба нас ахих тусам эрсдэл нэмэгдэнэ. Эмэгтэйн насжилт 10 жилээр нэмэгдэх тутамд хөхний хорт хавдрын эрсдэл хоёр дахин нэмэгддэг гэж үздэг.
Шалтгаан
- Сарын тэмдэг эрт ирсэн
- Орой цэвэршсэн
- Үр хөндөлт
- Хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх
- Химийн гаралтай янз бүрийн хоол хүнс, амьдралын буруу хэв маяг, жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн аргууд нөлөөлдөг.
Шинж тэмдэг
Хөхний хорт хавдрын эрт шатанд шинж тэмдэг барагтаа илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл ихэвчлэн нэг хөхөнд илэрдэг. Энэ тохиолдолд:
- Хөхний гүнд эсвэл дөнгөж арьсан дор өвчингүй бэрсүү үүсэх
- Суганд зангилаа үүсэх
- Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
- Бэрсүүний хэсгийн арьс хонхойх эсвэл арьс жүржийн хальс мэт харагдаж хавдах
- Хөхөн дээр тууралт үүсэх
- Хөхний толгой татагдах
- Хөхний толгойноос цустай ялгадас гарах шинж тэмдэг ажиглагдана.
Эдгээр шинж тэмдэг нь хоргүй хавдрын үед ч мөн илэрч болно. Таны хөхөнд ямар нэг өөрчлөлт илэрвэл цаг алдахгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хөхний хавдрыг эрт эмчлэхгүй цаг алдвал суганы тунгалгийн зангилаанд тархаж улмаар уушги, элэг, яс зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэх аюултай.
Оношилгоо
Та хөхөө сайн мэддэг байх хэрэгтэй . Ингэснээр хэвийн бус өөрчлөлт гарвал даруй мэдэрнэ. Хөхний рентген шинжилгээ нь хавдрын шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог.
Хэрэв таны хөхөнд ямар нэг хэвийн бус зүйл эсвэл бэрсүү үүссэн бол хөхний эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлэгт ихэвчлэн гурвалсан үнэлгээ буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хөхний хэт авиан шинжилгээ эсвэл эдийн шинжилгээ хийнэ. Эдийн шинжилгээ нь нарийн зүгээр хөхөнд байх бэрсүүнээс дээж авч, хавдрын эс байгаа эсэхийг шинжилхийг хэлдэг.
Эмчилгээ
Хавдрын хэмжээ, биеийн бусад хэсэгт тархсан эсэх, эстрогенд мэдрэг эсэхийг тогтоосноор тохиромжтой эмчилгээг сонгоно.
Мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Ихэнхдээ хоёр болон түүнээс дээш эмчилгээг хавсран хийнэ.
Мэс засал нь ерөнхийдөө хөхний хавдрын эмчилгээний эхний шат юм.
Мэс заслын төрлүүдэд дараах хагалгааг хамааруулна.
- Хөхийг авахгүйгээр хийх мэс засал. Энэ нь хавдрыг нэг их том болоогүй байхад хийдэг мэс засал юм. Хөхөнд бий болсон овгор товгор зүйлсийг түүний ойролцоо хүрээлж байгаа хөхний эдүүдийн хамт авдаг (lumpectomy) хагалгаа юм. Хагалгааны дараа хөхөнд үлдсэн байж болох хавдрын эсүүдийг устгах зорилгоор туяа эмчилгээ хийдэг.
- Хавдартай хөхийг авах (Mastectomy). Хавдар томорсон эсвэл хөхний голд хавдар ургасан байвал хөхийг авах шаардлагатай болдог. Хөхийг авсны дараа шинэ хөх үүсгэх, засах мэс заслын эмчилгээ гэж байдаг.
- Холбогдох тунгалгийн зангилаануудаас биопси шинжилгээ авах. Энэ нь тунгалгийн зангилаанаас хавдрын эс орж ирж байгаа эсэхийг үнэлж буй арга юм. Суганд байгаа тунгалгийн зангилаа цэвэр байвал авахгүй, хэрэв үгүй бол нэг болон түүнээс дээш тунгалгийн зангилаануудыг мэс засал хийж авна.
Туяа эмчилгээ гэдэг нь хавдартай эдүүд дээр өндөр давтамжтай цацраг туяаг ашиглан хийх эмчилгээ юм. Энэ нь хавдрын эсийг устгах эсвэл хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог байна. Хөхний хорт хавдрын үед гол төлөв туяа эмчилгээг хийдэг.
Зарим хөхний хавдарт эмэгтэйн эстроген, прогестрон гормон нөлөөлсөн байдаг. Эдгээр гормон нь хавдрын эсийн хуваагдлыг өдөөж байдаг. Эдгээр гормонууд умайнд боловсрох ба эмчилгээ хийснээр эдгээр гормоны түвшинг багасгах эсвэл нөлөөг нь багасгадаг байна.
Химийн эмчилгээгээр хавдрын эсрэг үйлчилгээтэй эмээр хавдрын эсийг устгах эсвэл хуваагдлыг нь багасгадаг. Химийн эмчилгээний үед хавдрын эсрэг эм уух нь химийн эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг. Мөн мэс заслыг хөнгөвчлөх зорилгоор хавдрын агшаах (хатаах) зорилгоор мэс заслын өмнө ууж болно. Химийн эмчилгээ нь хавдрын зэргээс хамаарч хийгдэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Та хөхөө өөрөө шалгаж сурснаас хөхний хорт хавдраас сэргийлж чадна. Эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын 1 өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай.
Хөхийг шалгах арга:
- Толины өмнө зогсоод биеэ суллаад 2 хөхийг ажиглана.
- Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.
Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.