Хооллолтын бэрхшээл
Хооллолтын хэвийн байдал алдагдаж эрүүл мэнд болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхийг “хооллолтын бэрхшээл” гэнэ . Хооллолтын бэрхшээл ихэвчлэн өсвөр насныхан болон 20-30 насныханы дунд түгээмэл байдаг.
Хамгийн нийтлэг тохиолдог нь нэгдүгээрт “анорексиа” буюу хоол идэхээс татгалзах, хоёрдугаарт “булимиа” буюу хэт их хоол идэх эмгэгүүд юм. Энэ хоёр нь ихэнх тохиолдолд биеийн жин, хэлбэртээ хэт их анхаарснаас үүсдэг байна.
Хооллох хэвийн горим алдагдсанаар биед шаардлагатай шим тэжээлийн хэмжээ хэт багасах эсвэл хэт ихсэх ба улмаар зүрх судас, хоол боловсруулах зам, яс, шүд амны өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна хүндэрсэн тохиолдолд сэтгэл гутралд орох,нийгмийн харилцаанд муудах, амиа хорломоор санагдах цаашлаад амиа хорлох тохиолдол ч гарч болно.
Шалтгаан
- Удамшил – Хооллолтын бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй бол өвчлөх магадлал нэмэгдэнэ.
- Сэтгэлзүйн өөрчлөлт – Өөртөө итгэлгүй, сэтгэл гутралд амархан ордог байх
- Нийгмийн харилцаа муу байх – Бусадтай таардаггүй, ангийн хүүхдүүд гэх мэт хамт олны дунд нэр хүнд муутай байх
- Нас хүйсийн онцлог – Өсвөр насныхан, 20-30 насны эмэгтэйчүүд
- Илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байх
Шинж тэмдэг
Их хэмжээгээр иддэг болох, огт хоол иддэггүй болох, өөрийн эрхгүй хоолноос айх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийн бусад гишүүдэд нь дараах байдлаар ажиглагдаж болно.
- Хоол идэхгүйн тулд шалтаг тоочих
- Махан хоол идэхгүй байх
- Гэр бүлийнхэнтэйгээ хооллохгүй байх
- Бусадтай харьцах дургүй болох
- Жин хасах тухай ярих мөртлөө хичээхгүй байх, хэт тарган байх
- Хэт их дасгал хийх
- Хоол идсэний дараа бөөлжих
- Нууцаар идэх
- Хоолноос сэжиглэх
Төрөл
Анорексиа нервоза нь жин нэмэхээс маш ихээр айснаас хоол идэх хүсэлгүй болох, хоол идэхийг хүссэн ч хоолойгоор хоол давахгүй байх өвчин юм.Анорексоор өвчилсөн хүмүүс жин багатай байх бөгөөд жин багатай байхын тулд идсэн хоолоо бөөлжиж гаргах, ховор тохиолдолд өлсөж үхэх хүртэл аюултай.
Булимиа нервоза нь маш их идэх эмгэг бөгөөд эрүүл мэнд амь насанд эрсдэл ихтэй өвчин юм. Өдөр тутамдаа хэвийн хэмжээтэй идэх боловч үе үе булимиа хөдөлж өөрийн идэх хүслийг дарж чадахгүйд хүрдэг.
Их идэх өвчин нь булимиа нервозагаас ялгаатай нь хэвийн үед хэт их идэж өөрийн идэх хүслийг дарж чаддаггүй. Цадсан ч идэх хүсэл нь хэвээрээ мэдрэгддэг. Их идэх өвчнөөс үүдэн биеийн жин нь хэт нэмэгдэж улмаар анорекс, булимиагаар өвчлөх магадлалтай.
Пика өвчний үед саван, даавуу, шороо, хүүхдийн тальк, цаас зэрэг идэх зориулалтгүй зүйлсийг иддэг байна. Эдгээр зүйлсийг ойр ойрхон идсэнээр нарийн гэдэсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэдэг. Пика нь сэтгэлзүйн тогтворгүй байдал, төмрийн дутагдал, аутизм, сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байж болно.
Эргэж гаргах өвчний үед хоол идсэний дараа бөөлжиж гаргах, эсвэл хоолыг зажилсан хирнээ залгиж чаддаггүй. Энэ төрлийн өвчтэй хүмүүс тэжээлийн дутагдалд орж турах магадлалтай ба сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст элбэг тохиолддог.
Хоол идэхээс зайлсхийх өвчний үед хоолыг таргалуулна гэж айхгүй боловч өнгө, үнэр, агууламжаас нь айж идэхийг хүсэхгүй болно. Хоолонд хахаж үхэхээс айх тохиолдол ч мөн энэ эмгэгт өртдөг.
Оношилгоо
Тухайн хүний идэх зуршил болон сэтгэлзүйн байдлыг үнэлсний үндсэн дээр оношийг эмч тогтооно. Ингэхдээ биеийн жин болон шим тэжээлийн дутагдалд орсон эсэхийг шалгаж сэтгэлзүйн асуултууд асуудаг. Хооллолтын бэрхшээлүүдтэй холбоотойгоор биеийн бусад эрхтэн, үйл ажиллагаа гэмтсэн эсэхийг цусны шинжилгээ болон рентген, ходоодны дуран, MRI зэргээр оношлох боломжтой.
Эмчилгээ
Энэ төрлийн өвчнүүдийг эмээр эмчлэх боломжгүй тул сэтгэлзүйн хувьд тогтворжуулах эмчилгээг голлодог. Бие махбодийн хувьд шим тэжээлийн дутагдалд орсон бол нөхөх зорилготой эмчилгээ хийнэ.
Урьдчилан сэргийлэх
- Өсвөр насны хүүхдийнхээ хооллолтыг хянах, тэдэнтэй үргэлж ярилцдаг байх
- Хүүхдийнхээ жинг анхаарах. Ихэнх эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ биеийн жинд төдийлөн ач холбогдол өгдөггүйгээс хүүхэд хэт таргалж улмаар өөртөө итгэлгүй болж цаашлаад сэтгэлзүйн асуудлуудад өртөж эхэлдэг.
- Сэтгэл зүйн хувьд тогтвортой байж өөрийгөө бусдаас тусгаарлахгүй байх
- Хэвийн жинтэй байх, илүүдэл жинг эрүүлээр хаях мэдлэгтэй байх
- Эрүүл хооллолтын талаарх мэдлэгээ тэлэх
- Амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх