Амны хавдар
Амны хавдар нь ихэвчлэн хэл, доод уруулд үүсэх бөгөөд буйл, амны үүдэн хэсгээр ховор тохиолдоно.
Хөгжиж буй орнуудад шинээр бүртгэгдээд байгаа хавдруудын дунд амны хавдар нь 2 хувийг эзэлж байна. Энэтхэг иргэдийн дунд зажилдаг тамхины хэрэглээ их, тамхины навч зэргийг шууд хэрэглэдэг тул уг өвчний тохиолдол элбэг байна. Дэлхий дахинд эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээсээ дунджаар хоёр дахин илүү амны хавдраар өвчилдөг боловч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дундах өвчлөл мөн нэмэгдсэн. Ерөнхийдөө амны хавдар нь 60-аас дээш насныханд элбэг тохиолдох бөгөөд харин 40-өөс доош насны хүн амд ховор тохиолддог байна. Бусад амны хавдартай харьцуулахад уруулын хавдрын харагдах байдал нь гайгүй боловч цаашдын тавилан илүү муу байх нь бий. Гэхдээ эрт оношилж чадвал тавилан сайн байна.
Шалтгаан
Зарим хүмүүст тодорхой шалтгаангүйгээр амны хавдар үүсэж болдог. Гэсэн хэдий ч амны хавдар үүсэхэд маш олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг. Тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, ялангуяа дээрх хоёр хорт зуршлыг хамтад нь хэрэглэх, зажилдаг тамхины хэрэглээ, хүний папиллома вирус зэрэг нь тогтвортой хэлбэрийн салстын эвэршил үүсэх шалтгаан болдог. Нарны хурц туяанд, олон цагаар ил байх нь уруулын хавдар үүсэхэд нөлөөлөх хандлагатай. Мөн дархлаа дарангуйлагдах, хоол хүнсээр авах тэжээлийн бодис дутмаг байх зэргээс үүддэг.
Шинж тэмдэг
Амны хавдар туссан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ:
- Аман дотор гарсан шархлаа эдгэхгүй удах
- Аман дотор цагаан, улаан тууралт гараад арилахгүй байх
- Байнгын өвдөлттэй байх
- Аман дотор хавдар төст зүйл үүсэх
- Зажлах үед өвдөлт, эмзэглэлтэй байх магадлалтай
Эмчлэгдээгүй орхисон амны хавдар ойр орчмын эрүүл эдэд нэвчиж цаашлаад тунгалгийн зангилаагаар тархан бүх биеэр үсэрхийлэх аюултай.
Оношилгоо
Аман доторх хавдрыг эрт үед нь ихэвчлэн шүдний эмч нар оношилчихдог. Хэрэв эмч тань аман дотор гарсан зүйлийг хавдар гэж сэжиглэвэл эсийн шинжилгээ авч онош тодруулах болно.
Эмчилгээ
Жижиг хэмжээтэй хавдрыг эрт үед нь оношилж чадвал мэс заслаар эсвэл лазерын тусламжтай авах боломжтой. Арван хүний наймд хагалгаа амжилттай болдог ба хавдар авхуулсаны дараа хавдар дахих нь ховор байдаг. Мэс заслын дараагаар туяа эмчилгээ хийгдэх ба энэ нь хавдрын эсийг бүрэн устгах, дахих зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хэрэв хавдар үсэрхийлсэн тохиолдолд туяа эмчилгээтэй хослуулан хийх болно.
Өвчний тавилан
Эрт оношлогдсон, хүрч болохуйц хэсэгт илэрсэн хавдар ихэвчлэн амжилттай эмчлэгддэг. Хүрэх боломж хамгийн сайн тул уруулын хавдрын эмчилгээний үр дүн сайн байдаг. Амны хавдарт өртсөн хүмүүсийн талаас бага хувь нь 5 жил хүртэл амьдарна.