Дархлаа хомсдол
Дархлаа хомсдол гэдэг нь халдварын эсрэг дархлааны тогтолцоо дутагдалд орохыг илэрхийлдэг нэр томьёо юм. Дархлаа дутагдлын дүнд хэвийн хэмжээнээс илүүтэй халдварт өртөж, эрүүл мэндэд аюул учирна. Эрүүл хүнд ямар ч сөрөг нөлөөгүй халдвар дархлаа хомсдолтой хүний амь насанд аюултай байна. Эдгээрт херпес вирусээр үүсдэг бүсэлхийн яр, салхин цэцэг, дархлааны тогтолцоо хэвийн хүнд хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэх төрөл бүрийн вирусийн халдвар орно.
Дархлаа хомсдол нь төрөхтэй цус үүсэж болох бөгөөд энэ тохиолдолд удамшсан байх магадлалтай. Үүнээс гадна түгээмлээр хүний дархлааны хомсдол амьдралын явцад тохиолдож байвал олдмол гэж ангилна гэнэ.
Дэлхий дахинд олдмол дархлааны хомсдол нь ХДХВ, хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй байдаг.
Шалтгаан
ДОХ/ХДХВ нь цусны цагаан эсийн тодорхой нэг төрлийг устгасны улмаас давшингуй дархлаа хомсдол үүсгэнэ.
Томуу, улаан бурхны халдвар нь халдвартай тэмцэх биеийн чадварыг гэмтээдэг. Эдгээр өвчин нэг талаар халдвартай тэмцэх цусны цагаан эсийн тоог бууруулах үйлдэлтэй. Энэ төрлийн дархлаа дутмагшил нь ихэвчлэн хөнгөн хэлбэртэй байх агаад халдвар эдгэсний дараа дархлааны тогтолцоо хэвийн болно.
Дархлаа дутмагшлын хөнгөн хэлбэр нь зарим нэг урт хугацааны эмгэг буюу чихрийн шижин, ревматоид артритын үед тохиолдож болдог. Эдгээр өвчний үед стрессийн улмаас дархлааны тогтолцоо дарангуйлагдсанаар бусад төрлийн өвчинтэй тэмцэх чадвар буурна.
Хорт хавдрын зарим элбэр нь ялангуяа тунгалгийн тогтолцооны хавдар (Лимфома) нь цусны цагаан эсийн үүсэлтийг багасгах тул дархлааны тогтолцооны эсийг устгаснаар хүнд хэлбэрийн дархлаа дутмагшилд хүргэдэг.
Кортикостеройдыг удаан хугацаанд хэрэглэх нь дархлааны тогтолцоог бууруулж, дархлаа хомсдолтой болох шалтгаан болно. Дархлаа дарангуйлах эмийг эрхтэн шилжүүлж суулгах мэс заслын дараа үл нийцэл үүсэхээс сэргийлэх зорилгоор ууж хэрэглэх нь бие махбодын халдвартай тэмцэх чадамжид нөлөөлж дархлаа хомсдол үүсдэг. Хими эмчилгээ нь ясны чөмгөн дэх цусны ихэнх эсийг устгаснаар олдмол дархлаа хомсдолд орж болно.
Дархлаа хомсдол нь цусны цагаан эс үүсгэдэг дэлүүг мэс заслаар авсны дараа мөн бий болох магадлалтай. Цус задралын цус багадалтын нэг төрөл болох удамшлын сфероцит зэрэг төрөл бүрийн өвчнийг эмчлэх зорилгоор, эсвэл гэмтэлд өртсөн дэлүүг авах үед ажиглагдах боломжтой.
Дархлалын олдмол хомсдолын бусад хэлбэрийн шалтгаан тодорхойгүй байна. Үүний нэг хэлбэр болох иммуноглобулин А (IgA) дутмагшлын үед иммуноглобулин А эсрэг бие хэвийн хэмжээнээс бага бий болно.
Эмчилгээ
Танд халдвар дахиж байвал эмч таныг дархлаа дутмагшилтай байна гэж сэжиглэж болно. Дархлалын олдмол дутмагшлын оношийг батлахын тулд цусны шинжилгээ хийж цагаан эс, эсрэг биеийн түвшинг хэмжих шаардлагатай.
Дархлаа дутмагшил нь эмийн эмчилгээтэй холбоотой бол эмээ зогсоох, тунг нь багасгаж болно. Үндсэн шалтгаан нь эмчлэгдэх буюу эргэх боломжгүй бол эмчилгээ нь халдварын эсрэлийг бууруулах, халдвар авсан тохиолдолд тэдгээр халдвартай тэмцэх зорилготой хийгддэг. Эмч иммуноглобулин судсаар тогтмол сэлбэж, антибиотик вирусийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг зэрэг эмүүдийг бага тунгаар тогтмол өгч, уушгинд хатгаа үүсгэгч пневмококкийн вакцин гэх мэт дархлаажуулалт хийнэ.
Олдмол дархлаа хомсдолыг хянах боломжтой хэдий ч ХДХВ-ын халдварын улмаас үүсэх дархлаа хомсдол нь удах тусмаа даамжирдаг жамтай.