Уруулын хомхой
Уруулын хомхой гэдэг нь уруул дээр болон уруулын эргэн тойронд жижиг цэврүү үүсдэг энгийн герпес вирусээр үүсгэгддэг өвчин юм. Эдгээр цэврүүнүүд нь нэг газар бөөгнөрөх бөгөөд цэврүү хагарахад тав тогтож өвдөж эхэлдэг. Уруулын хомхой нь 2-4 долоо хоногийн дотор сорвигүйгээр эдгэрнэ. Үнсэлцэх, нэг аяганаас юм уух зэрэг байдлаар хүнээс хүнд халдварладаг.
Дэлхийн нийт хүмүүсийн 90 гаруй хувь нь герпес /HSV-1/ вирусийг өөртөө тээж явдаг.
Шалтгаан
Уруулын хомхой нь ихэвчлэн HSV-1 гэх хомхойн вирусээс үүдсэн байх боловч ховор тохиолдол бэлгийн хомхой (HSV-2)-н халдвар авснаар үүсдэг. Эдгээр вирусүүдийн аль аль нь үнсэлцэх, бэлэг эрхтэн амаар хүрэх тохиолдлуудад халдварлана. Дархлал суларсан хүн энэ вирусээр халдварлах магадлал хамгийн өндөр байдаг.
- Сарын тэмдэг ирэх, цэвэрших зэргийн дааврын өөрчлөлт гарахад
- Стрессд ороход
- Ядрахад
- Нар салхинд удаан байх
- Дархлаанд өөрчлөлт ороход
- ХДХВ-ийн халдвар авсан байх
- Экземтэй бол
- Хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэдэг байх
- Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байх
Шинж тэмдэг
Халдвар авсан үеэс шинж тэмдэг илрэх хүртэл хугацаа дунджаар 3-6 хоног байна. Үүнийг цонх үе гэнэ.
- Уруулын хомхой үүсэхэд эхний ээлжинд загатнах мэдрэмж төрдөг. Уруул загатнаж, жижиг хатуу хөндүүр улаан зүйл мэдрэгдэнэ.
- Цэврүү үүсэх – Жижиг шингэнээр дүүрсэн цэврүү үүсэх бөгөөд зарим тохиолдолд хамар болон хацар дээр гарсан байдаг.
- Хагарч тав тогтох – Олон жижиг хомхой нэгдэж хагарах бөгөөд хагарсан хэсгээр тав тогтон өвдөлт мэдрэгдэнэ.
- Буйлан дээр жижиг хэмжээтэй бөмбөлгүүд гарна
- Аман дотор тууралт гарах, ам орчмоор өвдөх.
Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн 2-3 долоо хоног үргэлжлээд арилдаг. Дахин гарсан тохиолдолд анх үүссэн газраа дахин дахин цэврүү гарах магадлалтай
Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Халуурах
- Хоолой өвдөх
- Буйл өвдөх
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Шүлсний булчирхай хавдах
5 болон түүнээс доош насны хүүхдүүдийн аман дотор уруулын хомхой үүсч болох бөгөөд үүнийг бусад амны хөндийн өвчинтэй андуурах тохиолдол байдаг. Уруулын хомхой идээгээр бүрхэгдээгүй, шингэнээр дүүрсэн цэврүү хэлбэртэй байдгийг анхаараарай.
Хэрэв уруулын хомхой 2 долоо хоногт эдгэрэхгүй байх, ойр ойрхон хомхой гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Хүндрэл
Зарим тохиолдолд хомхойн шинж тэмдэг биеийн бусад хэсэгт гардаг.
- Хурууны үзүүр – Хуруугаа хөхдөг бага насны хүүхдүүдийн хуруунд халдварлаж болно.
- Нүд – Вирус нүдэнд халдварлаж нүдийг гэмтээх, хараа муудах, сохрох магадлалтай болгоно.
- Арьсаар халдварлах – Арьсанд тууралт өгч экзем болох
- Бусад эрхтэнд халдварлах – Дархлал суларсан үед нугас болон тархинд халдварлах аюултай.
Урьдчилан сэргийлэх
- Хомхойтой хүнийг үнсэхгүй байх
- Хомхойтой хүнд хүрэхгүй байх
- Бусадтай хувийн эд зүйлсээ сольж хэрэглэхгүй байх
- Гараа тогтмол угааж байх
Эмчилгээ
Уруулын хомхой гарсан бол дараах арга хэмжээг аваарай.
- Хүйтэн жин тавих – Даавуун алчууранд мөс хийж жин тавих эсвэл төмөр халбага хөлдөөгчинд хийж, хүйтнээр нь жин тавих
- Тосон түрхлэг –Вирусийн эсрэг тосон түрхлэг 4 цагийн давтамжтайгаар түрхэж хэрэглэнэ.
- Вирусийн эсрэг эм уух
Уруулын хомхой 2-4 долоо хоногийн хугацаанд эдгэрдэг. Хэрэв удаан хугацаанд хомхой эдгэрэхгүй бол эмчийн заавраар тариа хийлгэнэ.