Бөөс
Бөөс нь далавчгүй, жижиг, цусаар хооллодог шавж юм. Бусадтай хувийн эд зүйлээ солилцох, бөөстэй хүнтэй удаан хугацаагаар наалдан суух зэргээр дамжин халдварладаг.
Төрөл:
- Толгойн бөөс – Хуйхан дээр үржиж, улмаар хүзүү болон чихний хойд хэсэгт тархана.
- Биеийн бөөс – Энэ төрлийн бөөс нь хувцас болон ор дэрний даавуун дээр амьдарч байгаад арьс руу дамжин цусаар хооллоно. Удаан хугацаанд усанд ороогүй, хувцсаа угаагаагүй, ор дэрний даавуугаа угаагаагүй бол эсвэл орон гэргүй, гудамжинд амьдардаг хүмүүст элбэг ажиглагдана.
- Намилзгана буюу умдагны бөөс – Умдагны үс, арьсан дээр амьдардаг.
Шалтгаан
Бөөс хуурстай хүнд хүрснээр бөөстэй болох магадлал хамгийн өндөр байдаг. Хуурс нь бөөсний өндөг бөгөөд ойролцоогоор 7 хоногийн дараа хагарна.
- Бөөстэй хүний биед, толгойд хүрэх
- Удаан хугацаанд хадгалагдсан хувийн эд зүйлс
- Гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүстэй хувийн эд зүйлээ солилцох (Хувцас, сам, алчуур, хөнжил г.м)
- Намилзганатай хүнтэй бэлгийн харьцаанд орсон байх тохиолдлуудад бөөс халдварладаг.
Шинж тэмдэг
- Маш их загатнах
- Үс хөдөлж буй мэт сэтгэгдэл төрөх
- Бие, хуйх, хувцас, умдагны үс зэргүүдэээр бөөс явах. Насанд хүрсэн бөөс нь наран цэцгийн үр шиг хэмжээтэй байна.
- Үсэнд хагтай төстэй цагаан хуурс ажиглагдана. Хагнаас ялгаатай нь үсээ самнахад унахгүй.
- Хуйх, хүзүү, мөрөөр улаан шархлаа үүсэх
Урьдчилан сэргийлэлт
Сургууль, цэцэрлэгээс бөөс дамжиж ирэх нь элбэг байдаг тул дараах арга хэмжээг аваарай.
- Өөрийн хүүхдэд бусад хүүхдийн толгойд хүрэхгүй байхыг анхааруулах
- Хувийн эд зүйлсээ бусадтай солилцохгүй байх
- Хувийн эд зүйлсийг бусдын эд зүйлстэй нэг шүүгээнд хийж байгаа бол уутанд хийх
Зөвлөгөө
Хэрэв бөөстэй болсон бол дараах арга хэмжээг аваарай.
- Бөөсний эсрэг тосон түрхлэг болон шингэн саван хэрэглэх – Үсний шингэн саванг 7-10 хоногийн турш хэрэглэх шаардлага гарна. 2-с доош насны хүүхэд хэрэглэж болохгүй.
- Нойтон үсийг самнах – 2 долоо хоногийн турш үсээ угаасны дараа нойтон байхад нь ойрхон шүдтэй самаар үсээ самнаж бөөсийг үснээс унагана. 2-с доош насны хүүхдийн үсийг энэ байдлаар самнах нь үр дүн сайтай байдаг.
- Үсээ угаасны дараа цагаан цуу буюу уксусаар үсээ зайлах – Цагаан цууг үсэндээ түрхэж 10 минут байлгасны дараа үсээ усаар зайлна.
- Хуурс, бөөс халдварласан хувийн эд зүйлсийг угаах – Халуун усаар (54 болон түүнээс дээш хэмийн усаар) угаана.
- Угааж болохгүй зүйлсийг агааргүй уутанд 2 долоо хоног байлгаж бөөсийг устгах
- Тоос соруулах
- Үсний самаа буцлам халуун усанд хийж, дараа нь алкогольд 1 цагийн турш хийж ариутгаарай.
Оношилгоо
Зориулалтын гэрэл болон томруулдаг шилээр бөөсийг тодорхойлж болдог.
- Толгойн бөөс
Хуурс нь хуйхнаас ойролцоогоор 6.4 мм зайтай үсэнд наалдсан байдаг. Хэрэв үүнээс хол зайтай хуурс илэрвэл бөөс болох чадвараа алдсан байна.
- Биеийн бөөс
Хувцас болон бие дээр хуурс эсвэл бөөс харагдаж илэрдэг.
- Намилзгана
Умдагны үс болон бусад үстэй хэсгүүдээр бөөс харагдаж илэрнэ.
Эмчилгээ
- Толгойн бөөс
Бөөсний эсрэг шингэн саван, тосон түрхлэг, зориулалтын спирттэй биеийн түрхлэг зэргийг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Зааврыг чандлан мөрдөхгүй бол арьсыг үрэвсүүлж, түлэх аюултай байдаг.
- Биеийн бөөс
Энэ тохиолдолд дээрх түрхлэгүүдийг хэрэглэхээс гадна хувцас, хөнжил болон бусад хувийн эд зүйлсээ ариутгах хэрэгтэй.
- Намилзгана
Толгойн бөөстэй ижил арга хэмжээ авдаг.
Ямар ч төрлийн бөөсийг устгах хялбар боловч хуурс нь үргэлж хувцас, алчуур, сам зэрэг бусад зүйл дээр үлдсэн байдаг тул бүрэн арилахгүй байх тохиолдол элбэг байна. Тиймээс бие дээрх бөөсийг устгахаас гадна бусад хувийн эд зүйлсээ гүйцэд ариутгаж, солих шаардлагатай.