Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Кальцийн дутагдал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Хүндрэл Урьдчилан сэргийлэлт

Кальци нь бие махбодод яс болон шүд бүрэлдэхэд чухал үүрэгтэй бөгөөд зүрх болон бусад булчингууд үүргээ гүйцэтгэхэд шаардагддаг. Кальцийг хоногт шаардлагатай хэмжээгээр хангалттай авч чадахгүй тохиолдолд кальцийн дутагдал үүсэх, яс зөөлрөл, яс сийрэгжил болох эрсдэл ихэсдэг.

Кальцийг хангалттай хэмжээгээр авдаггүй хүүхдүүд насанд хүрэгчид шиг хэмжээнд бүрэн өсөхгүй байх магадлалтай. Кальцийг хоол хүнс, нэмэлт эсвэл витаминаар зөвлөсөн хэмжээгээр өдөр бүр авах хэрэгтэй.

Шалтгаан

Олон хүмүүст нас ахих тусам кальцийн дутагдал үүсэх эрсдэл ихэсдэг. Уг дутагдал нь янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалан үүсэж болно.

  • Урт хугацаанд кальцийг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байх
  • Кальцийн шимэгдэлт бууруулж болзошгүй эмүүд
  • Кальциар баялаг хүнсэнд тэсвэргүй байх
  • Дааврын өөрчлөлт, ялангуяа эмэгтэйчүүдэд
  • Тодорхой генетик хүчин зүйлүүд

Бүх насныханд кальцийн зохистой хэрэглээг хангах нь чухал бөгөөд хүүхэд, өсвөр насныхны хувьд хоногт хэрэглэх кальцийн хэмжээ хоёр хүйсийн хувьд ижил байдаг. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIH) мэдээлснээр кальцийн хоногийн зөвлөх хэмжээ нь:

Насны бүлэг Хоногт авбал зохих хэмжээ
9-18 нас 1300 мг
4-8 нас 1000 мг
1-3 нас 700 мг
7-12 сар 260 мг
0-6 сар 200 мг

АНУ-ын засгийн газрын хоолны дэглэмийн удирдамж  (U.S. government’s dietary guidelinesTrusted Source) дагуух насанд хүрэгчдэд зөвлөх хэмжээ:

Насны бүлэг Хоногт авбал зохих хэмжээ
Эмэгтэй 51-с дээш нас 1200 мг
19-50 нас 1000 мг
Эрэгтэй 71-с дээш нас 1200 мг
19-70 нас 1000 мг

 

Эмэгтэйчүүд эрчүүдээс эрт кальцийн хэрэглээг ихэсгэх хэрэгтэй. Ялангуяа цэвэршилтийн үед яс сийрэгжил, кальци дутагдлын эрсдэл их байх бөгөөд эстроген дааврын дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн яс хурдан сийрэгждэг байна.

Мөн бамбайн дэргэдэх булчирхайн дутагдал (Hypoparathyroidism) нь кальцийн дутагдал үүсгэж болно. Уг эмгэгийн үед цусан дах кальцийн хэмжээг зохицуулагч паратиреод даавар хангалттай хэмжээгээр үүсдэггүй байна.

Бусад шалтгаанд хоол тэжээлийн дутагдал болон хоол шимэгдүүлэлтийн эмгэг багтана.

Нэмэлт шалтгаанууд:

  • Витамин Д бага байх нь кальци шимэгдэхэд хэцүү болгодог.
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Цусан дах магни их эсвэл бага байх
  • Цусан дах фосфор их байх
  • Үжлийн шок
  • Цус ихээр сэлбэх
  • Бөөрний дутагдал
  • Хими эмчилгээний эмүүд
  • Бамбай булчирхайг авах үед бамбайн дэргэдэх булчирхайн эдийг мөн авах

Шинж тэмдэг

Кальцийн дутагдлын эрт үед нь шинж тэмдэг илрэхгүй байж болно. Гэвч дутагдал даамжрах тусам шинж тэмдэг илэрнэ.

Цусан дах кальци багассан үед илрэх хүнд шинж тэмдгүүд:

  • Ухаан балартах эсвэл санах ой алдагдах
  • Булчингийн агшилт
  • Гар, хөл, нүүр мэдээ алдах ба жирвэгэнэх
  • Сэтгэл хямрал
  • Хий юм харах
  • Булчин зангирах
  • Хумс зөөлөн, хэврэг болох
  • Яс амархан хугарах

Кальцийн дутагдал биеийн бүх хэсэгт нөлөөлөх ба хэврэг хумс, үсний ургалт удаашрал болон эмзэг, нимгэн арьсыг бий болгодог.

Кальци нь мэдрэлийн дохио дамжуулагч молекул ялгарах болон булчин агшихад чухал үүрэгтэй. Иймээс эрүүл хүнд кальцийн дутагдлын үед таталт үүсэж болно.

Дээрх санах ой буурах, мэдээ алдах, жирвэгэнэх, хий юм харах болон татах зэрэг мэдрэлийн өөрчлөлтүүд илэрвэл эмчид хандаарай.

Нярайн кальци багадалт (Hypocalcemia). Нярайд кальци багадалт төрсний дараахан удалгүй, ихэвчлэн төрсний дараах 2 хоногт тохиолддог. Нярай насанд тохирох хэмжээнээс жижиг байх болон эх чихрийн шижинтэй байх нь эрсдэл болдог. Хожуу илрэх кальци багадалт ихэвчлэн үхрийн сүү эсвэл фосфат ихээр агуулсан нэмэгдэл хэрэглэснээс шалтгаалдаг.

Нярайд илрэх шинж тэмдгүүд:

  • Цочромхой болох
  • Хоол, хөхөндөө муу
  • Татах
  • Амьсгал удаашрах эсвэл амьсгалахгүй болох
  • Зүрхний цохилт олшрох

Оношилгоо

Цусны шинжилгээгээр цусан дах кальцийн түвшин болон кальцийг холбон зөөвөрлөгч уураг болох альбумины түвшинг тодорхойлно.

Насанд хүрэгчдийн цусан дах кальцийн хэвийн түвшин 8.8-10.4 мг/дл орчим байдаг. Кальцийн түвшин 8.8 мг/дл-ээс бага байх нь кальцийн дутагдлын эрсдлийг илэрхийлнэ. Харин хүүхэд болон өсвөр үеийнхний цусан дах кальцийн түвшин насанд хүрэгчдээс өндөр байдаг байна.

Эмчилгээ

Кальцийн дутагдал ихэвчлэн эмчлэхэд хялбар бөгөөд нэмэлтээр кальци уулгадаг. Гэвч эмчийн зөвшөөрөлгүйгээр кальцийн тунг хэтрүүлж их хэмжээгээр ууж болохгүй. Энэ нь бөөрний чулуу үүсэх зэрэг ноцтой нөхцөлд хүргэж болзошгүй юм. Кальцийн нэмэлтийг шингэн, шахмал болон зажилдаг хэлбэрээр хэрэглэх боломжтой.

Зарим тохиолдолд хоолны дэглэм өөрчлөх болон кальцийн нэмэлт хэрэглэх нь эмчилгээнд хангалтгүй байж болно. Энэ тохиолдолд эмч кальцийг тарилга хэлбэрээр хэрэглэхийг зөвлөдөг.

Эмчилгээний үр дүн эхний хэдэн долоо хоногт харагдаж болно. Кальцийн дутагдлын хүнд хэлбэрийн үед 1-3 сарын зайтай хяналт хийдэг.

Хүндрэл

Кальцийн дутагдлаас үүсэх хүндрэлд нүдний гэмтэл, зүрхний цохилт хэвийн бус болох болон яс сийрэгжил багтана.

Яс сийрэгжлээс үүсэх хүндрэл:

  • Хөдөлмөрийн чадвар алдагдах
  • Нугалам болон бусад яс хугарах
  • Алхахад хэцүү болох

Хэрэв эмчлэхгүй бол кальцийн дутагдал нь эцэстээ үхэлд хүргэж болзошгүй юм.

Урьдчилан сэргийлэлт

Өдөр бүр кальци агуулсан хүнс хэрэглэж кальцийн дутагдлаас сэргийлэх боломжтой. Кальци ихтэй хүнс жишээлбэл сүү, сүүн бүтээгдэхүүн нь ханасан өөх тос эсвэл транс тос их агуулсан байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөх тос бага эсвэл өөх тосгүй бүтээгдэхүүн сонгох нь цусан дах холестерол ихсэх болон зүрх судасны өвчний эрсдлийг бууруулна.

Кальциар баялаг эх үүсвэрүүд:

  • Сүүн бүтээгдэхүүн. Сүү, тараг, бяслаг, хөлдөөсөн тараг, зайрмаг
  • Сүүн бус бүтээгдэхүүн. Хар ногоон навчит ногоо, брокколи, дүпү, бүйлс, хясаа, баяжуулсан хоол хүнс (жүржийн шүүс, шар буурцагны сүү, самрын сүү эсвэл цагаан будааны сүү)

Кальцийн хэрэгцээгээ хангах нь чухал боловч хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Насанд хүрэгчдэд хоногт авах кальцийн дээд хэмжээ нь:

  • 19-50 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоногт 2500 мг
  • 51-ээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоногт 2000 мг

Д аминдэм нь кальци цусанд шимэгдэхийг нэмэгдүүлдэг учир кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд Д витаминаар баялаг хүнс хэрэглэж болно. Үүнд хулд, туна загас, баяжуулсан жүржийн шүүс, баяжуулсан сүү, портобелло мөөг, өндөг орно.

Нарны гэрэл бие махбодод Д витамин үүсэхийг өдөөдөг учир тогтмол наранд өртөх нь Д витамины түвшинг нэмэгдүүлэхэд тусална.

Ясны хэвийн хөгжилд кальци, Д аминдэмийн түвшинг хэвийн хэмжээнд байлгахаас гадна амьдралын хэв маягийг өөрчлөх нь нөлөөлнө. Үүнд биеийн жинг тохиромжтой хэмжээнд байлгах, архи болон тамхины хэрэглээг хязгаарлах багтана.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Эстрогений илүүдэл
Scroll to top