Нойргүйдэл
Нойргүйдэл гэдэг нь унтахыг хүссэн боловч удаан унтаж чадахгүй сэрэх, унтаж чадахгүй байх өвчин юм. Нойргүйдлийн үед унтаж амарч чадаагүй хирнээ сэрэх тохиолдол элбэг байна. Нойргүйдэлд үүдэн сэтгэлзүйн тогтворгүй байдалд орох, ажиллах хүсэл төрөхгүй болох, идэвхгүй болж байгаа нь ажиглагддаг.
Насанд хүрсэн хүн 8 цаг унтахад хэвийн гэж үздэг бөгөөд урт хугацааны нойргүйдэлд орсон хүмүүс олон байдаг. Бусад өвчний улмаас энэ өвчин үүссэн байж болно.
Шалтгаан
- Стресс
- Сэтгэл гутралд орох
- Түгшүүртэй байх
- Эмийн гаж нөлөө
- Орчин тойрон өөрчлөгдсөн бол
- Каффейн, никотин, алкоголь хэрэглэдэг байх
- Нас ахих
- Орой унтахаасаа өмнө хэт их идэх зэрэг орно.
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Эмэгтэй хүн бол
- 60 болон түүнээс дээш настай байх
- Сэтгэлзүйн тогтворгүй байдалтай бол
- Стрессд орсон бол
- Цагийн зөрүүтэй газар амьдрах
Шинж тэмдэг
- Шөнө унтаж чадахгүй байх
- Шөнө унтаж байгаад сэрэх
- Хэт эрт сэрэх
- Унтаж амарсан боловч бие амраагүй байх
- Өдөр нь ядрах, нойр хүрэх
- Сэтгэл гутралд орох, түгших
- Толгой өвдөх
- Уймраа болох
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал тулгарах
Зарим нойргүйдэлд орсон хүмүүс бага хугацаагаар унтаж сэрэх, өдөрт 6 болон түүнээс доош цаг унтах, сард 3 болон түүнээс дээш удаа нойргүй хоносон байдаг.
Хүндрэл
- Хичээл сургууль дээрээ идэвхгүй болох
- Машин барих, дугуй унахад осол гаргах магадлалтай
- Сэтгэл санаагаар унах, гутралд автах
- Жин нэмэгдэх, хэт таргалах
- Цусны даралт ихсэх, зүрхний өвчтэй болох, чихрийн шижин өвчтэй болох
- Алкоголь болон тамхи хэрэглэмээр санагдах
Зөвлөгөө
- Дасгал хийх – Өдөр бүр унтахаас 5-6 цагийн өмнө 20-30 минутын турш дасгал хийвэл бат бөх унтдаг.
- Хэрэв байнга хэрэглэдэг эм байгаа бол эмийн найрлагад нойргүйдэлд хүргэх бодис байгаа эсэхийг шалгаарай.
- Өдөр унтахгүй байх – Өдөр их хэмжээгээр унтах нь нoйргүйдэхэд хүргэдэг тул өдрийн 15 цагаас хойш унтахгүй байх, өдөр 30 минутаас дээш хугацаанд унтахгүй байх арга хэмжээ аваарай.
- Каффейн, алкоголь, никотины агууламжтай зүйл хэрэглэхгүй байх
Оношилгоо
- Эмч өдөрт хэдэн цаг унтдаг, долоо хоногийн хэдэн өдөр нойргүйддэг зэрэг асуултыг асуух
- Бусад өвчнөөс үүдэлтэй эсэхийг шалгах – Бамбай булчирхайн шинжилгээ авах г.м
Эмчилгээ
Эмэн болон сэтгэлзүйн эмчилгээ хийх бөгөөд тайван байх, санаа зовоосон бүх зүйлээ бусдад ярих зэрэг арга хэмжээг авдаг. Сэтгэлзүйн эмчилгээгээр эмчтэй ярилцаж сэтгэлээ онгойтол ярих, нойргүйдэл ямар хор нөлөөтэйг ойлгох байдлаар хийгддэг. Харин эмэн эмчилгээ нь нойрны эм уух, тайвшруулах эм уух байдлаар хийгдэнэ.
Нойрны эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Учир нь нойрны эмийн тунг хэтрүүлснээр хэт удаан унтах, нойронд зүрх зогсох зэрэг аюул тулгарч болзошгүй. Тайвшруулах, нойргүйдэлд уудаг эмийг хүүхдийг гар хүрэхгүй газар хадгалаарай.
Унтахаасаа өмнө:
- Махан хоол идэхгүй байх – Оройн 19 цагаас хойш махан хоол идэхгүй байх, унтахаасаа өмнө тараг уух зэрэг нь танд тусална.
- Орон дээрээ ном унших, зурагт үзэх, тоглоом тоглох зэрэг үйлдлүүдийг хийхгүй байж зөвхөн унтахад ашиглаарай.
- Өөрийн орыг тухтай болгох – Өөрт тохирсон хэмжээтэй, зөөлөн ор хэрэглээрэй.
- Унтахыг хэт их хичээхгүй байх