Умайн ургацаг
Умайн ургацаг гэдэг нь умайн дотор хананд ургасан эд юм. Умайн дотор ханан дах эсүүд хэт их үржсэнээр, бөөгнөрч ургацаг үүснэ. Ургацаг нь ихэвчлэн хоргүй байх боловч хорт хавдар болох эрсдэлтэй.
Умайд үүссэн ургацаг нь 1мм-с гольфийн бөмбөг шиг хэмжээтэй ч байж болох бөгөөд умайн ханатай нэг үзүүрээрээ эсвэл угаараа холбоотой байна. Мөн умайд олон ургацаг ургасан байж болно. Ургацаг нь умайн дотор байрлах боловч умайн хүзүүгээр цухуйж гарч ирэх тохиолдол байдаг.
Шалтгаан
Умайн ургацагт дааврын өөрчлөлт нөлөөлдөг. Эстроген ихээр ялгардаг хэсгүүдэд умайн ургацаг үүсдэг байна.
- Цусны даралт өндөр байх
- Нас биед хүрсэн эмэгтэй байх
- Хэт таргалалт, илүүдэл жинтэй байх
- Хөхний хорт хавдартай байх
Шинж тэмдэг
- Сарын тэмдэг хэвийн бус болох – ойр ойрхон ирэх, хугацаа нь холдох, их хэмжээгээр ирэх г.м
- Сарын тэмдгийн хооронд цус алдах
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
- Цэвэршилтийн дараа үтрээнээс цус гарах
- Үргүйдэх г.м
Огт шинж тэмдэг илрэхгүй байж ч болно.
Хүндрэл
Умайн ургацагаас үүдэн үргүй болох магадлалтай, харин ургацагаа авахуулснаар жирэмслэх боломжтой болно.
Оношилгоо
- Хэт авиа – Умайд үүсгэвэр буйг тодорхойлно
- Умайг дурандах – Ургацагийн байрлал болон хэмжээг тодорхойлно.
- Ургацагаас дээж авах – Хорт хавдар эсэхийг шинжилнэ.
Умайн ургацагийг оношилсны дараа эмч нар авахуулахыг санал болгодог.
Эмчилгээ
- Ажиглах – Жижиг хэмжээтэй ургацаг нь өөрөө эдгэрэх магадлалтай тул эмчилгээ
- хийлгүйгээр ажиглаж болох юм.
- Эмэн эмчилгээ – Дааврын ялгарлыг тогтворжуулах, ургацагийг дотроос нь шимэгдүүлэх байдлаар эмчилгээ хийж болох боловч эмчилгээ зогссоны дараа дахин ургацаг үүсэх магадлал өндөр байдаг.
- Мэс заслын арга – Дурангийн хагалгаагаар үүссэн ургацагийг авах бөгөөд дахин ургах магадлал бага байдаг.
- Харин ургацаг хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг болох нь тодорхойлогдвол хавдрын цацрагийн, химийн эмчилгээ хийлгэж эсвэл хагалгаанд орж болно.