Бруцеллёз
Бруцеллёз нь бруцеллын төрлийн нянгаар үүсгэгддэг халдварт өвчин. Халдвартай мал, халдвартай малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүнд халддаг ба харьцангуй далд хэлбэрээр явагддаг байна.
Монгол улс мал аж ахуй эрхэлдэг, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг хэдий ч ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага сайтар хангадаггүй, тэдгээртэй холбоотой хяналт сул байдгаас халдвар авах эрсдэл нэмэгддэг байна.
Шалтгаан
Халдвар амьсгалын замаар, нүдний салст бүрхэвчээр, хүнсний бүтээгдэхүүн зэргээр дамжиж ходоод гэдсэнд орох, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсанаас буюу эсгэсэн, шалбарсан шархаар орох боломжтой байдаг.
- Хүнээс хүнд дамжих (Бруцеллёзын халдвар авсан хүнтэй хамт байхад халдвар авах магадлал тун бага, ховор тохиолдолд бэлгийн харилцаанд орох, цусаа өгөх, биеийн эд эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог)
- Бохирдсон орчноос халдварлах (Халдвартай мал амьтдыг хүн амьдардаг газар нутгаар дайруулан гаргах, нянгаар бохирдсон хөрс, хуурай өтөг бууцаар дамжин амьсгалын замын бруцеллёз халдварлах, бохирдсон зүйлсийг арьс, нүдний салст бүрхэвчид хүргэх, бохирдсон худаг, ус, хөрс, халдвартай малын мах, сүү цагаан идээ зэргээс халдварлана)
- Ажил, мэргэжлийн улмаас (Малчид, фермд ажиллагсад, малын эмч нар зэрэг мэргэжлийн хүмүүс мал амьтдад шууд хүрэх, их хэмжээгээр бохирдсон орчинд ажилладаг нь өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хүн, малаас авсан дээжтэй харьцдаг лабораторийн ажилтнууд мөн өвчлөх магадлалтай)
- Хүнсний зүйлээс дамжуулж халдварлах (Халууны боловсруулалт хийгээгүй сүүгээр хийдэг бүтээгдэхүүн болох түүхий сүүний бяслаг зэрэг нь аюултай. Харин исгэж бэлтгэдэг тараг, айраг харьцангуй аюул багатай байна. Орчны pH нь 4-өөс доош болоход бруцеллын нянгууд нэлээд хурдан, харин pH 3.5-аас доош ороход маш хурдан үхэж устана. Махыг халуун боловсруулалт хийж иддэг ч зарим нэг тохиолдол буюу хурганы засааг идэх зэрэг нь эрсдэл үүсгэнэ)
Шинж тэмдэг
Ихэнх тохиолдолд шинж тэмдгүүд халдвар авснаас хойш 2-3 долоо хоногийн дараа цочмогоор илэрдэг. Гэвч зарим үед хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэлх хугацаанд онцгой шинж тэмдэг илэрдэггүй ч доорх шинжүүд үзэгдэх магадлалтай:
- Халуурах
- Хөлрөх
- Сульдаж ядрах
- Хоолны дуршил буурах
- Жингээ алдах
- Толгой, ууц нуруу, үе мөч өвдөх
Өдрийн эхний хагаст өвчтөний биеийн байдал харьцангуй дээр байх боловч оройн цагт бие суларна. Бруцеллёз нь ужиг, архаг явцтай өвчин юм. Элэг, дэлүү болон тунгалгийн зангилаа томрох зэрэг шинжүүд олонтаа дагалддаг боловч өөр бусад ямар ч эрхтэн тогтолцоо гэмтэх шинж илэрч болно. Тухайлбал:
- Яс, үе мөчний илрэл. Бруцеллёз ихэнхдээ яс, үе мөчийг хамрах ба спондилит, захын үений артрит, остеосиелит, бурсит, теносиновит зэрэг хэлбэрээр илэрнэ. Эдгээр нь яс, үений үрэвсэлт эмгэгүүдийн төрөл юм.
- Ходоод, гэдэсний илрэл. Бруцеллёз ихэвчлэн хүнсээр дамжин халдварладаг тул гэдэсний балнадтай андуурагдах шинж тэмдгүүд илэрч болно.
- Элэг, цөсний илрэл. Бруцеллёзын үед элэг гэмтэх бөгөөд элэгний буглаа, архаг холецистит зэрэг эмгэг үүсгэх магадлалтай.
- Амьсгалын замын илрэл. Уушгины тунгалгийн зангилааны үрэвсэл, мөн хатгалгаа үүсгэж болох боловч цэрний шинжилгээнд бруцеллёз илрэх нь маш ховор.
- Шээс, бэлгийн замын илрэл. Төмсөг болон төмсөгний хэтийн үрэвсэл нь эрэгтэй хүн бруцеллёзоор өвчлөхөд шээс, бэлгийн замд нь хамгийн их тохиолддог хүндрэл юм.
- Жирэмсэн, хөхүүл үеийн бруцеллёз. Жирэмсэн үед бруцеллёзоор өвчлөх нь ураг аяндаа зулбах, урагт халдвар дамжих зэрэг эрсдэл үүсдэг. Бруцеллёз нь хөхүүл нярайд сүүгээр нь дамжин халдах тохиолдол маш ховор.
- Мэдрэлийн тогтолцооны илрэл. Төв мэдрэлийн тогтолцоо /ТМТ/-г шууд гэмтээх явдал цөөн хувьд тохиолдох менингит, менингоэнцефалит хэлбэрээр голдуу илэрдэг.
- Арьсны илрэл. Бруцеллёзтой өвчтөнд төрөл бүрийн тууралт, гүвдрүү гэх мэт арьсны олон янзын эмгэг өөрчлөлт гарч болдог.
Оношилгоо
- Асуумжаар өвчилсөн эх уурхайд хавьтал болсон эсэхийг тодруулах
- Халдвар тархсан газар оронд зорчсон эсэхийг тодруулах
Шинж тэмдгээр нь дамжиж оношлоход төвөгтэй бөгөөд лабораторийн шинжилгээгээр буюу бактери болон ийлдэс судлалын шинжилгээнүүдээр оношийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай.
Эмчилгээ
Хүний бруцеллёзын бүх хэлбэрүүдийг эмчлэхэд зайлшгүй чухал шаардлагатай зарчим бол сайн үйлчилгээтэй мэдрэг антибиотикийг эмчийн заавраар хангалттай хугацаанд хэрэглэх явдал юм. Үүнийг зөвхөн мэргэжлийн эмч өвчтөний биеийн байдалд тохируулан ерөнхий эмчилгээтэй хамтруулан хийх хэрэгтэй бөгөөд өвчин хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай. Антибиотик эмчилгээг аль болох эрт эхлэх шаардлагатай. Хүндрэл хараахан үүсээгүй, цочмог бруцеллёзын үед зохих антибиотик эмчилгээг зөв хийж чадваас өвчин бүрэн эдгэрдэг.
Урьдчилан сэргийлэх
- Мал аж ахуйтай өрх гэр тэдгээрийг тогтмол вакцинжуулалтад хамруулах
- Өвчний хор уршгийг багасгахад хувийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмуудыг нэвтрүүлэх
- Хүрээлэн буй орчноо хамгаалах
- Хүнсний эрүүл ахуйг сахих
- Эрсдэлт ажлуудыг гүйцэтгэдэг бүх хүмүүс бүрэн хамгаалалтын хувцас өмсөж хэвших
- Хүүхдийг нялх төл, зулбаад эсвэл төллөөд удаагүй байгаа мал амьтанд ойртуулахгүй байх
- Хүнсний боловсруулалт хийж хэрэглэх