Ивэрхий
Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн эсвэл өөх нь хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Ихэвчлэн урагдал гэж нэрлэх ба хэвлийн булчин суларсан хэсэгт тохиолддог. Хүнд юм өргөх, байнга ханиалгах, бие засах, дүлэх зэрэг хэвлийн булчин их хэмжээгээр сунаж, хэвлийн даралт ихсэх үед тохиолдох аж. Энэ үед хүйсэнд овгор зүйл товойж гарч ирэх нь өөх, гэдэсний хэсгийг агуулсан байна. Хэвлийн ивэрхий нь биеийн хүчний ажил хийдэг эрэгтэйчүүдэд голчлон илрэх бөгөөд хэвтэх үед алга болдог.
Уг өвчин нь нэлээд түгээмэл бөгөөд манай дэлхийн хүн амын 2-4% нь өвчилдөг. Байрлалаасаа хамаарч цавины, гуяны гэх мэтчилэн янз бүр байдаг. Гэвч заримдаа гэдэсний хэсэг овойсон хэсэгтээ гацаж мушгирч цусан хангамж тасалдана. Үүнийг хавчигдсан ивэрхий гэж нэрлэдэг. Энэ нь өвдөх, дотор муухайрах, бөөлжих гэх мэт зовуурь үүсгэх тул яаралтай тусламж авах хэрэгтэй.
Шалтгаан
- Хэвлийн хананы бүтцэд оролцдог эдийн согог
- Хэвлийн хананы гэмтэл
- Илүүдэл жин ба хэт туранхай байдал
- Биеийн хүчний эрчимтэй ачаалал
- Жирэмслэлт
- Хүнд юм өргөх
- Архаг ханиалгалт
- Өтгөн хатах болон шээх үеийн байнгын дүлэлт
Хэлбэрүүд
Биеийн аль хэсэгт үүсэхээс хамааран эрэгтэйчүүдэд илүү, эмэгтэйчүүдэд арай цөөн тохиолдоно.
Цавины ивэрхий. Гэдэсний хэсэг цавины суваг руу унжихад энэ төрлийн ивэрхий үүсдэг. Цавь нь хэвлийн булчингийн хамгийн сул хэсэг юм. Цавины ойр орчим овойсон зүйл харагдана. Уг хэлбэр нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолдох ба заримдаа эмэгтэйчүүдэд тохиолдож болно.
Гуяны ивэрхий. Энэ төрлийн ивэрхий хэвлийн доод хөндийгөөс дунд чөмөг хүртэлх гуяны вен болон артерийн судасны дагуух хэсэгт үүсдэг. Илүүдэл жинтэй олон удаа амаржсан эмэгтэйчүүдэд энэ төрлийн эмгэг үүсэх эрсдэл ихтэй байдаг нь тэдний хэвлийн булчин суларсан байдагтай холбоотой.
Хүйсний ивэрхий. Хүүхдүүд төрөлхийн хүйсний ивэрхийтэй төрж болдог ба энэ нь хүйсний цаана байх хэвлийн булчингийн дутагдлын улмаас үүсдэг. Хүйсний орчим үүссэн ивэрхий нь илүүдэл жинтэй эмэгтэйчүүд эсвэл олон удаа амаржсан эмэгтэйчүүдэд тохиолдоно.
Бусад төрлийн. Аюулхайн ивэрхий нь өвчүү болон хүйсний голд үүсдэг. Эрэгтэйчүүдэд 3 дахин их тохиолддог. Зүслэгийн ивэрхий нь хэвлийн мэс заслын дараа сорвижилтын ойр талд суларсан үед тохиолддог. Илүүдэл жинтэй байх, нэг зүслэгээр олон мэс засал хийлгэх нь эрсдэлт хүчин зүйл юм.
Шинж тэмдэг
Шинж тэмдэг голдуу хэдэн долоо хоногоос хэдэн сарын дараа илэрдэг ч зарим тохиолдолд гэнэт илрэх нь бий. Энэ үед:
- Хэвлий, цавины орчим овойх, хавдах, энэ нь хэвтэх үед алга болох ба ханиалгах эсвэл дүлэх үед гарч ирэх
- Хэвлий ба цавины ивэрхийн үед өвдөх мэдрэмж төрөх боломжтой
Хавчигдсан ивэрхий гэнэт эхлэх ба дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Байнга өвдөх, аажмаар өвдөлт нэмэгдэх
- Дотор муухайрах, бөөлжих
- Ивэрхийн орчим улайх, хавдах
- Хэвлий рүү буцаж орохгүй байх
- Цавь, гуяа зэрэг хэлбэрийн ивэрхий орчмоор хурдан тархсан өвдөлт үүсэх
Хавчигдсан ивэрхий илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаарддаг тул гэдэс үхжихээс өмнө мэс засал хийх хэрэгтэй.
Авч болох арга хэмжээ
Эмч хэвлий, цавины үзлэг хийснээр ивэрхийг шинжилнэ. Ивэрхийлж байсан бол эмчлэх шаардлагатай, эмчлээгүй тохиолдолд хавчигдах яюултай. Хавчигдсан ивэрхийг мэс заслаар авах шаардлагатай. Ивэрхийн хэмжээ, таны нас, биеийн ерөнхий байдлаас хамаарч мэс ажилбарын төрөл нь харилцан адилгүй. Зарим мэс заслыг хэсгийн мэдээ алдуулалт дор хийгддэг ч бүтэн мэдээ алдуулалтын дор явагддаг мэс засал бас бий. Хүүхдийн хүйсний ивэрхийг эмчлэхгүй орхиж болох ба тэдгээр нь 3-4 настайд аяндаа арилдаг. Мэс засал эмчилгээ ихэвчлэн үр дүнтэй байна. Гэсэн хэдий ч биеийн аль нэг хэсэгт дахин илэрч болдог.