Хоёр туйлт сэтгэцийн эмгэг
Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь сэтгэл санааны байдал туйлын өндрөөс туйлын намын хооронд шилжихийг хэлнэ. Уг өвчний үед сэтгэл хөөрлийн мөчлөгийн хэвийн бус түвшний өндөр идэвх нь (хий хөөрөл) сэтгэл санаа доогуур, хэвийн бус идэвхгүй мөчлөгтэй ээлжилдэг (сэтгэл гутрал). Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тал илүү хувьд эдгээр мөчлөгтэй ээлжилнэ. Хий хөөрлийн болон гутралын мөчлөгүүдийг өдөөгч хүчин зүйлс нь одоогоор тодорхойгүй ч заримдаа энэ үе нь гэр бүл салах, хагацал мэтийн амьдралын үйл явдлаас шалтгаалж үүсэх нь бий. Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь ихэвчлэн 20-иод насны эхэнд эхэлж, удамших магадлал өндөр болох нь тогтоогдсон байдаг.
Шинж тэмдэг
Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн үед хий хөөрөл, сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь ээлжилдэг бөгөөд мөчлөг тус бүр тодорхойгүй хугацаанд үргэлжилдэг. Хий хөөрөл болон сэтгэл гутралын үе хоорондох сэтгэл санаа, зан авир нь ихэвчлэн хэвийн байдаг. Гэхдээ хааяа хөөрлийн мөчлөг шууд гутралын мөчлөгөөр солигдох нь бий. Заримдаа сэтгэл гутрал, хий хөөрлийн аль нэг нь нөгөөгөөсөө хэт давамгайлан үргэлжлэх тул ээлжлэх хэв загварыг илрүүлэх төвөгтэй байдаг. Зарим тохиолдолд хөөрөл, гутралын мөчлөг нэг дор явагдах нь бий.
Хий хөөрлийн үед:
- Хөөрүү, хэт нээлттэй заримдаа цухалдуу болох
- Хэт биеэ тоож, заримдаа баян, ихийг бүтээсэн, бүтээлч, эрх мэдэлтэй мэтээр дэмийрэх
- Эрч хүч ихсэж унтах хэрэгцээ багасах
- Анхаарал сарнимтгай болж, төвлөрөлт муудах
- Нийгмийн хэм хэмжээг алдах
- Хязгаарлалтгүй бэлгийн дур хүсэл
- Тансаг хэрэглээ, баяр ёслолд хэт үрэлгэн загнах магадлалтай
Өвчтөний яриа хэт хурдан болж нэг сэдвээс нөгөө сэдэв рүү үсрэх тул дагаж сонсох төвөгтэй болдог. Заримдаа түрэмгий, хэрцгий болох нь түгээмэл бөгөөд хувийн ариун цэвэр, хоол хүнсийг умартана.
Сэтгэл гутралын үед:
- Сэтгэл санаа ерөнхийдөө дордох
- Идэвх сонирхол, баяр баясгалангаа алдах
- Эрч хүч сулрах
- Өөрийн талаарх үнэлэмж буурах
- Ирээдүйдээ итгэл итгэлээ алдах боломжтой
Хүнд сэтгэл гутралд орсон үедээ өвчтөнд үхэх амьдрах нь хамаагүй болж болно. 10 өвчтөний 1 орчим нь яваандаа амиа хорлох оролдлого хийж болзошгүй.
Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн хүнд тохиолдлуудад хөөрлийн шатны дэмийрэл илэрч, хий юмс үзэгдэж сонсогдон муудах магадлалтай. Хий хөөрөлтэй үедээ өвчтөн өөрийг нь магтсан, сэтгэл гутралын мөчлөгтөө өөрийнх нь алдааг дурдсан хий яриа сонсож болзошгүй. Энэ тохиолдолд өвчтөн шизофрени туссан мэт болдог.
Авч болох арга хэмжээ
Хэт хөөрлийн мөчлөгтөө хүмүүс өөрсдийн өвчний талаар тааварлах чадваргүй байдаг. Ихэнх тохиолдолд тухайн хүний гажиг зан төлөвийг хамаатан садан, найз нөхөд нь анзаарч, мэргэжлийн туслалцаа хайдаг. Хоёр туйлт сэтгэл хөдлөлийн оношилгоог тухайн хүнд тохиолддог бүхий л шинж тэмдэгт үндэслэж гаргах ба эмчилгээ нь тухайн хүн хөөрлийн байдалд байна уу, гутралын байдалд байна уу гэдгээс хамаардаг. Аль ч мөчлөгийн явцад сэтгэл санааны байдал тогтворжуулагч эм ашиглаж өвчний шинж тэмдгийг урт хугацаанд хянана. Зарим хүмүүсийг хэт хөөрлийн эсвэл маш хүнд хэлбэрийн сэтгэл гутралын мөчлөгт нь эмнэлэгт хэвтүүлж, үзлэг эмчилгээнд оруулах шаардлага гарч болзошгүй.
Шинж тэмдгүүдийг хяналтад оруулсны дараа тухайн өвчтөнд байнгын үзлэг хийж сэтгэл санааны өөрчлөлт бий эсэхийг шалгадаг. Сэтгэл заслын эмчилгээний хэлбэрүүд өвчтөнд өөрийн өвчний талаарх ойлголт төлөвшүүлж, өдөөгч хүчин зүйлс байгаа тохиолдолд багасгах чадвар олгодог.