MRSA халдвар
MRSA халдвар нь methicillin-resistant Staphylococcus aureus гэх англи үгийн товчлол юм. Энэ нь антибиотикт тэсвэртэй Стафилококк ауреус бактерийн халдвар. Энэ бактери нь антибиотикт тэсвэртэй байна. Стафилококк ауреус нь нийт хүн амын 30-50% арьс, хамрын нүх зэрэгт бие махбодын хэвийн ашигтай бактериудай хамт оршин байх ба ямар нэгэн эмгэг үүсгэдэггүй боловч хяналтгүй үржиж эхлэхэд MRSA халдвар үүсгэгдэнэ. Халдвар ихэвчлэн арьсан дээр шарх буглаа үүсгэдэг боловч цөөн тохиолдолд шарх халдварлаж уушги, шээс дамжуулах зам руу тархаж ноцтой халдвар үүсгэдэг.
Шалтгаан
Бактери ихэвчлэн арьснаас арьсанд тархдаг ч зарим бохир алчуур, орны хэрэглэл зэрэг материалаар дамждаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс энэ халдварт хамгийн их өртдөг. Учир нь тэдний эрүүл мэндийн байдлаас үүдсэн мэс заслын шарх, зүсэлт үүсгэн хийгддэг ажилбар болон харьцангуй олон хүн цугларсан орчин зэрэг нь бактери хялбар тархах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Шинж тэмдэг
MRSA халдварыг эмнэлгийн болон ахуйн гэж 2 ангилах бөгөөд халдварын төрлөөс хамаарч шинж тэмдэг өөр байж болно.
Эмнэлгийн MRSA халдварын үед доорх шинжүүд илэрнэ:
- Тууралт
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Жихүүдэс хүрэх
- Халуурах
- Ядрах
- Амьсгал давчдах
- Цээжээр өвдөх
Ахуйн MRSA халдварын үед доорх шинжүүд илэрнэ:
Бага зэргийн өнгөн халдвар үсний булцууны халдвар, буглаа зэргийн шинж тэмдгийн шалтгаан болдог. Хэрэв бактери биеийн дотор гүнд нэвтэрсэн тохиолдолд халдвар авсан хэсэг улайх, хавдах шинж тэмдэг илрэх ба толгойн хувьд цагаан эсвэл шар толгойтой байна. Гаднаасаа батгатай төстэй боловч өвчин ихтэй хөндүүртэй байдаг.
Авч болох арга хэмжээ
MRSA халдварын эмчилгээ халдварын байрлал болон хүндрэлийн зэргээс шалтгаалж янз бүр байж болно. Аль ч тохиолдолд антибиотик эмчилгээ хийх ба үрэвслийн байдлаас хамаарч идээ буглааг гадагшлуулах жижиг зүсэлт буюу ажилбар хийдэг.
MRSA-н халдварын үед үрэвсэлтэй хэсэг газраас арчдас авч бактериологийн шинжилгээ антибиотик мэдрэг чанар тодорхойлсноор эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Ариун цэвэр сайн сахих, ялангуяа гарын ариун цэврийг зөв сахиснаар бактерийн халдварлах эрсдэлийг эрс бууруулна.
Урьдчилан сэргийлэх
- Эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчид хүрэхийн өмнө, хүрсний дараа, ор, хаалга, эмнэлгийн тэргэнцэр зэрэг эмнэлгийн орчны эд зүйлд хүрсний дараа, ямар нэгэн ариун ажилбар хийхийн өмнө, цус зэрэг биеийн шингэнтэй хүрэлцсэний дараа зэрэг шаардлагатай бүх тохиолдолд гараа угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх
- Эмнэлгийн өрөө, орчин, тоног төхөөрөмжийн гадаргууг байнга цэвэрлэж халдваргүйжүүлэх
- MRSA-ийн халдвартай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ийм үйлчлүүлэгчтэй харьцахдаа хавьтлын сэргийлэлтийг дагаж мөрдөх
- Эргэлтээр ирэгсдэд амны хаалт, халат өмсгөж, өрөөнд орох, гарахад гарын ариун цэвэр сахиулах
Олон нийтийн дунд буюу эмнэлгийн бус нөхцөлд:
- Зөвхөн эмчийн заалтаар антибиотикийг хэрэглэх
- Эрүүл ахуйн зөв дадалд суралцах (ханиалгах, найтаах үед ам хамраа алчуур, сальфеткаар дарах. Эдгээр зүйлс байхгүй тохиолдолд гараа нугалж тохойн хэсэг рүүгээ ханиаж найтаах аргыг хэрэглэх)
- Гараа байнга угаах, спиртэн уусмал хэрэглэн гараа халдваргүйжүүлэх
- Арьс салстаа бүрэн бүтэн, цэвэр байлгах
- Алчуур, сам, гоо сайхны будаг хэрэгсэл зэрэг хувийн эд зүйлсээ хуваалцан хэрэглэхгүй байх
- Тамирчид бэлтгэл сургуулилалт, тэмцээний дараа усанд орох, арьсны үрэвсэлтэй эмчид үзүүлж эмчлүүлэх
- Бусдын шарх боолтод хүрэхээс зайлсхийх. Хүрсэн бол гараа сайтар савандаж угаах
- Арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж улайх, халуу оргих, хавдах, өвдөх зэрэг үрэвслийн шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай
- Хэрэв MRSA халдвартай гэдгээ мэдсэн бол эмнэлгээр үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ тусламж үзүүлэгчдэд заавал мэдэгдэх, зөвлөгөө авах шаардлагатай