Батгашилт
Хүний бие тэр чигтээ үсний суваг бүхий нүхтэй бөгөөд нүхнүүд нь шар үстэй, доороо тослогийн булчирхайнуудтай байдаг. Ялангуяа нүүр, цээж, нурууны хэсэгт тослогийн булчирхай их байдаг байна. Энэ хэсгүүдэд тослог ихээр ялгарч, арьсны нүхийг бөглөрүүлснээр арьсанд бактери үржих нөхцөл бүрэлддэг байна. Бактериуд нь олон төрлийн ферментүүд ялгаруулж, үрэвсэл үүсгэж, арьсыг үхэжсэн арьсны эсүүдээр дүүргэж бөглөрснөөс батгашилт үүсдэг.
Шалтгаан
Батгашилт өвчин нь зөвхөн өсвөр насны онцлог биш юм. Шилжилтийн насанд батга гарч эхлэх боловч хүн бүрт харилцан адилгүй. Зарим тохиолдолд аяндаа алга болдог. Харин зарим хүмүүсийнх илүү ихээр үрэвсэж хүндэрдэг. Хэр хүндэрснээс шалтгаалан арьсанд соривжилт үүсэх, сэтгэл санаагаар унах гэх мэт олон асуудал дагуулдаг.
Батга үүсэх дөрвөн үндсэн шалтгаан байдаг.
- Хэт тослог арьстай байх,
- Арьсны үхсэн эсүүд бөөгнөрч батга үүсэх
- Үсний хүүдий битүүрэх – тослогийн булчирхай ихээр ялгардаг хэсгүүдэд үсний хүүдий бөглөрч батгашилт бий болдог
- Бактерийн гаралтай – хүний бие тос болон арьсны үхсэн эсүүдийг гуужуулах явцад үсний хүүдийнүүд бөглөрч, үрэвссэнээр бактерийн халдвар авдаг.
Эдгээр шалтгаануудаас гадна дааврын тэнцвэргүй байдал, жирэмслэлт, зарим эм тариа, хүнсний хэрэглээ, стресс, удамшил, тослог орчинд ажиллах нь батгашилт үүсэх шалтгааныг нэмэгдүүлдэг.
Батгашилттай холбоотой зарим буруу ойлголт
- Тослог хоол хүнс хэрэглэх нь батгашилттай холбоогүй. Харин тослог орчинд ажиллаж, амьдрах нь үсний хүүдийг тослогтуулах магадлалтай.
- Бохир арьснаас батгашилт үүсэхээс илүүтэй янз бүрийн зүйлсээр арьсаа угаах нь батгашилтыг улам нэмэгдүүлэх талтай.
- Батга гарсан хэсгийг хатаахын тулд хуурайшуулах элдэв бүтээгдэхүүн хэрэглэх нь эсэргээрээ арьсны эсийн үхжилт явагдаж, үрэвсэх шалтгаан болдог.
Шинж тэмдэг
- Арьсан дээр улаан, хөндүүр зүйл гарах
- Арьсан дээр үзүүртээ цагаан идээтэй улаан зүйл гарах
- Арьсан дотор хөндүүртэй бондгор зүйл мэдрэгдэх
- Цагаан батга (Нүхгүй, битүү, цагаан өнгийн идээтэй байна)
- Хар батга (Нүхтэй, хар өнгийн толгойтой байна. Тослогууд арьсанд шигдэж хар өнгөтэй болдог.)
- Гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалсан үрэвсэл нь арьсан дээр тууралт өгөхөөс гадна, толгой эргэх, амьсгал давчдах, нүд хоолойгоор хавдах, хоолой боогдох ээрэг шинж тэмдгээр илэрдэг.
Гэрийн нөхцөлд арьсаа арчилсан ч батгашилт арилахгүй, улам нэмэгдвэл эмчид хандахыг зөвлөж байна. Батгыг арьсны өвчин болон гоо сайхны бүтээгдэхүүнээс үүдсэн тууралтаас ялгаж оношлох, тохирсон эмчилгээ хийх нь зөв юм.
Урьдчилан сэргийлэлт
- Батга ихээр гардаг хэсгийн арьсыг бүлээн усаар өдөрт 2 удаа угааж байх
- Унтахаасаа өмнө нүүрээ буцалсан бүлээн усаар угааж, чийгшүүлэх /Усны найрлагаас хамаарч, крантны ус гэх мэт хэт хатуулаг усаар угаах нь арьсыг хуурайшуулж байж болзошгүй тул буцалсан усаар угаах нь илүү үр дүнтэй/
- Дасгал хийж, хөлс ихээр ялгарсны дараа усанд орох
- Гарсан батгыг өөрөө шахаж бохир оруулахгүй байх
- Батганы нүхийг будгаар далдалж болохгүй
- Өтгөн хаталтаас сэргийлэх – Өтгөн хатсанаар хүний бие дэх ашиггүй бактерийн тоо өсч, биеэр хорт бодис тархдаг. Энэ нь арьсанд ч мөн нөлөөлдөг учир ислэгээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй.
Нас ахих тусам арьсны өөрийгөө нөхөн сэргээх чадвар алдагддаг. Өсвөр насанд гарсан батга арьсан дээр үл мэдэгдэх жижиг сорви үлдээдэг байхад, насанд хүрэгчдийн батга мэдэгдэхүйц том хэмжээний сорви үлдээх нь бий. Мөн нас ахихын хэрээр нүүрний арьс илүү хуурай болдог учир батгашилт үүсэх эрсдэл улам бүр нэмэгддэг.
Эмчилгээ
Батгашилтыг гэрийн нөхцөлд арилгаж чадахгүй бол улам даамжирч, сорив үүсэхээс сэргийлэн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Батганы эсрэг олон төрлийн тос зах зээлд зарагддаг учир таны арьсны бүтцэд тохирсон тосыг эмч зөвлөх болно. Зөв тос хэрэглэснээр бактерийн халдварыг устгах, үрэвсэл дарах, ялгарах тослогийн хэмжээг багасгах, нөлөө үзүүлдэг. Батгашилтын эмчилгээ олон сар жилээр үргэлжилж болох тул хүлээцтэй хандахыг зөвлөж байна.
Мөн батгашилт ямар хэмжээтэй байхаас шалтгаалж антибиотик уух, түрхлэг хэлбэрээр хэрэглэж болно.
Зарим тохиолдолд хеликобактерийн үрэвслээс үүдэн батгашилт гардаг тул тохирсон эмчилгээ хийж үрэвслийг дарснаар батгашилт арилдаг.
Хэрэв батгашилтын эмэн эмчилгээ нөлөө үзүүлэхгүй бол лазер эмчилгээ хийх, гоо сайхны салонд очиж шахуулах, арьсны зарим тослогийн булчирхайнуудыг ажиллагаагүй болгох тариа тарих зэрэг арга хэмжээ авч болдог.