Бөөс
Бөөс нь далавчгүй, жижиг биетэй, хүн амьтны биед шимэгчилж амьдардаг, нэг сарын настай амьтан юм. Өдөрт 3 хуурс гаргах бөгөөд хуурс нь 7-9 хоногийн дараа бөөс болдог.
Бөөс нь дотроо гурван төрөлтэй
- Толгойн бөөс – 2-3 мм урттай, гэрлээс дайжиж амьдардаг. Биеийн уртаасаа 100 дахин хол зайд үсрэх чадвартай, олон хүнтэй, чийглэг, дулаан орчинд хурдан үрждэг. Хэнд ч хэзээ ч халдах боломжтой.
- Хувцасны бөөс – Энэ төрлийн бөөс нь хувцас болон ор дэрний даавуун дээр өндөглөж, үрждэг. Бохир орчин нь амьдрах таатай нөхцөл болдог. Удаан хугацаанд усанд ороогүй, хувцсаа угаагаагүй, ор дэрний даавуугаа угаагаагүй байх нь энэ төрлийн бөөсний халдвар дамжихад нөлөөлдөг. Хувцасны бөөс нь гэдэсний хижиг өвчний халдвар тархаах, улмаар хүнийг үхэлд хүргэх хүртэл аюултай.
- Намилзгана буюу умдагны бөөс – Хувцасны бөөстэй харьцуулахад жижигхэн буюу 1.5 мм урттай. Хөлөөрөө умдагны үсний угт бэхлэгдэн арьсанд наалдаж амьдардаг. Мөн суга, сахал зэрэг үсэрхэг газар амьдрах боломжтой. Алчуур, халуун усны газар, зочид буудал, усан сан, хувцас зэргээр дамждаг.
Энэ гурван төрлийн бөөс хэзээ ч хоорондоо холилдож амьдардаггүй. Хүн, амьтны биенээс гараад 24 цагийн дотор үхдэг. Цусаар хооллож амьдардаг учраас хүний биеээс салаад удаан амьдарч чаддаггүй.
Шалтгаан
Бөөстэй хүнтэй удаан хугацаагаар наалдан суух, хамт унтах зэргээр ойрхон байснаар халдвар дамждаг. Мөн удаан ашиглаагүй хадгалагдсан хувийн эд зүйлс, бусад хүмүүстэй хувийн эд зүйл, хувцас, сам, алчуур, хөнжлөө солих үед дамжина. Хүний суугаад боссон сандал дээр суухад ч халдаж болно. Намилзгана буюу умдагны бөөс нь зөвхөн бэлгийн замаар дамжихгүй, дээр хэлсэн газруудаар ч дамжих боломжтой. Халдах зам нь маш олон байдаг.
Шинж тэмдэг
- Маш их загатнах
- Үс хөдөлж буй мэт сэтгэгдэл төрөх
- Бие, хуйх, хувцас, умдагны үс зэргүүдээр бөөс явах. Насанд хүрсэн бөөс нь наран цэцгийн үр шиг хэмжээтэй байна.
- Үсэнд хагтай төстэй цагаан хуурс ажиглагдана. Хагнаас ялгаатай нь үсээ самнахад унахгүй
- Хуйх, хүзүү, мөрөөр улаан шархлаа үүсэх
- Намилзагана буюу умдагны бөөсөнд хатгуулсан газар хөх улаан болж загатнах
Урьдчилан сэргийлэлт
- Хүүхдэдээ бусад хүүхдийн толгойд хүрэхгүй байхыг анхааруулж, тайлбарлаж хэлэх
- Хувийн эд зүйлсээ бусадтай солилцохгүй байх
- Хувийн эд зүйлсийг бусдын эд зүйлстэй нэг шүүгээнд хийж байгаа бол уутанд хийх
- Ор хөнжлийн даавуу, хувцсыг ойр ойрхон угааж, нугалаа хуниастай хэсгийг сайтар индүүдэх
- Шинэ хувцас, хэрэглэл авсан даруйдаа угааж хэрэглэх
- Бөөс нь хүйтэнд амьдрах чадваргүй учир хөнжил гудсаа гадаа тавьж хатаах
Оношилгоо
Зориулалтын гэрэл болон томруулдаг шилээр бөөсийг тодорхойлж харж болох бөгөөд дараах байдлаар бөөс байгаа эсэхийг шалгах боломжтой.
Толгойн бөөс: Хуурс нь хуйхнаас ойролцоогоор 6.4 мм зайтай үсэнд наалдсан байдаг. Юуны өмнө гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан үзлэг хийх хэрэгтэй. Бөөсний шампунь үсэндээ түрхэж 20-30 минут хөдөлгөхгүй хүлээгээд, зориулалтын шүүх самаар самнана.
Хувцасны бөөс: Хувцас болон бие дээр хуурс эсвэл бөөс харагдаж илэрдэг.
Намилзгана: Умдагны үс болон бусад үстэй хэсгүүдээр бөөс харагдаж илэрнэ.
Зөвлөгөө
Хэрэв бөөстэй болсон бол дараах арга хэмжээг аваарай.
- Бөөсний эсрэг тосон түрхлэг болон шингэн саван хэрэглэх. Ингэхдээ бөөсний эсрэг үсний шингэн саванг 7-10 хоногийн турш хэрэглэх шаардлага гарна. 2-с доош насны хүүхэд хэрэглэж болохгүй.
- 2 долоо хоногийн турш үсээ угаасны дараа нойтон байхад нь зориулалтын шигүү шүдтэй самаар үсээ самнаж бөөсийг үснээс унагана.
- Үсээ угаасны дараа цагаан цуу буюу уксусаар үсээ зайлах. Цагаан цууг үсэндээ түрхэж 10 минут байлгасны дараа үсээ усаар зайлна.
- Хуурс, бөөс халдварласан хувийн эд зүйлсийг шинээр солих эсвэл өндөр хэмтэй халуун усанд угааж, индүүдэх
- Угааж болохгүй зүйлсийг агааргүй уутанд 2 долоо хоног байлгаж бөөсийг устгах
- Үсний самаа буцлам халуун усанд хийж, дараа нь алкогольд 1 цагийн турш хийж ариутгаарай.
Эмчилгээ
Толгойн бөөс: Бөөсний эсрэг шингэн саван, тосон түрхлэг, зориулалтын спирттэй биеийн түрхлэг зэргийг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Зааврыг чандлан мөрдөхгүй бол арьсыг үрэвсүүлж, түлэх аюултай байдаг.
Хувцасны бөөс: Энэ тохиолдолд дээрх түрхлэгүүдийг хэрэглэхээс гадна хувцас, хөнжил болон бусад хувийн эд зүйлсээ ариутгах болон шинээр солих шаардлагатай.
Намилзгана: Толгойн бөөстэй ижил арга хэмжээ авдаг. Ямар ч төрлийн бөөсийг устгах хялбар боловч хуурс нь үргэлж хувцас, алчуур, сам зэрэг бусад зүйл дээр үлдсэн байдаг тул бүрэн арилахгүй байх тохиолдол элбэг. Тиймээс бие дээрх бөөсийг устгахаас гадна бусад хувийн эд зүйлсээ гүйцэд ариутгаж, солих шаардлагатай.
Хэнд ч, хэзээ ч, ямар ч замаар бөөс дамжиж болох тул ичиж санаа зоволгүйгээр эмчид хэлж, зааврын дагуу эмчилгээ хийлгээрэй.