Гуурсан хоолой тэлэгдэх өвчин
Амьсгал дамжуулах гол үүрэгтэй цагаан мөгөөрсөн хоолой тэлэгдэж, үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх үед гуурсан хоолой тэлэгдэх өвчин үүсдэг.
Амьсгалын замын архаг өвчин, архаг бронхит, халдвартай ханиад томуу, хатгалгаагаар удаан өвчилж, хүндэрсэн тохиолдолд уушги гэмтэн тэлэгддэг байна.
Шалтгаан
Эмфизем нь уушгины цулцанг гэмтээж амьсгалахад төвөгтэй болгодог, уушгины архаг бөглөрөлтөт өвчний нэг хэлбэр юм. Уушгины цулцан усам үзэмтэй төстэй, олон жижиг нүхтэй байдаг. Харин эмфиземээр өвчилсөн үед эдгээр нүхнүүд урагдан нэг том нүх болно. Энэ нь уушгийг бүтцийн өөрчлөлтөд оруулж амьсгалын замд саад учирдаг байна.
Тамхи татах нь энэ өвчний хамгийн гол шалтгаан болдог. Хэдий олон жил тамхи татна тэр хэмжээгээр өвчлөх магадлал ихэснэ. Дам тамхидалтанд байнга өртөх нь ч мөн нөлөөлдөг.
Ихэвчлэн 40-60 насны хүмүүс эфизем тусах, эсвэл эфиземтэй гэдгээ мэддэг.
Мөн орчин нөхцөл өвчин үүсэхэд нөлөөлдөг. Ажлын байр, амьдардаг газар тань химийн бодис, машины утаа, тоос шороо ихтэй бол эфизем тусах магадлал ихэснэ.
Шинж тэмдэг
Эмфиземтэй гэдгээ мэдэхгүй олон жил явах нь элбэг. Гол шинж тэмдэг нь амьсгаадах бөгөөд яваандаа улам их амьсгааддаг болно. Дасгал хөдөлгөөн хийхэд хэцүү болж тайван байх үед ч амьсгаадах болсноор эмчид ханддаг.
Нас, жин харгалзалгүйгээр дараах шинж тэмдэг ажиглагдвал цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Үүнд:
- Шатаар гарахад амьсгаадах
- Дасгал хөдөлгөөн хийхэд хумсны үзүүр, хурууны үзүүр хөх саарал өнгөтэй болох
- Сэтгэл зүйн хувьд цовоо сэргэлэн байхаа болих
Хүндрэл
- Уушгины гялтан хальсанд хий хурах өвчин тусдаг. Хүнд хэлбэрийн эмфизем туссан хүмүүст тохиолдох бөгөөд амь насанд аюултай байдал үүсч болзошгүй.
- Зүрхний өвчнүүд. Эмфизем тусахад уушги зүрхийг холбодог артерийн судасны ачаалал нэмэгддэг. Ингэснээр зүрх томорч, хэвийн үйл ажиллагаа алдагдах аюултай.
- Уушгинд том хэмжээний хөндий үүсэх. Уушги цэврүүтэж том хөндий үүсэх нь хатгалгаа авах магадлалыг нэмэгдүүлдэг. Хэдий чинээ олон хөндий үүссэн төдий чинээ уушгины агшиж сунах чадвар буурна.
Зөвлөгөө
Өвчнөө даамжруулахгүйн тулд дараах арга хэмжээг аваарай.
- Тамхи татахгүй байх – Өвчний хүндрэхээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь тамхинаас гарах юм. Хэрэв та тамхи татдаггүй боловч эмфизем туссан бол тамхитай орчноос холдох хэрэгтэй.
- Агаараар дамжих бусад хоруу чанартай зүйлсээр амьсгалахгүй байх. Жишээ нь: будаг, машины утаа, элдэв хоолны үнэр, үнэртэй ус, арц хүж зэргээс хол байх хэрэгтэй. Манай орны нөхцөлд хүйтний улиралд маск зүүх шаардлагатай.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх – Хэдий амьсгаадаж байгаа ч дасгал хийхээ зогсоож болохгүй. Учир нь хөдөлгөөн тогтмол хийснээр уушги илүү их агаар авах боломжтой болно.
- Хүйтэн агаараас өөрийгөө хамгаалаарай. Хүйтний улиралд маск, ороолт тогтмол зүүж хэвшээрэй.
- Амьсгалын замын бусад өвчин тусахгүй байхад анхаарах хэрэгтэй. Жил бүр томууны эсрэг вакцин хийлгээрэй. Олон хүнтэй газраар явахгүй байх, ханиадтай хүнээс хол байх, амны хаалт хэрэглэхийг зөвлөж байна.
Оношилгоо
- Рентген зураг эсвэл компьютер томографи хийлгэх. Эмфиземийн үед компьютер томографи хийлгэх нь илүү үр дүнтэй. Учир нь томографиар рентген зургаар гарах бүх дүрсүүдийг харах боломжтой бөгөөд бусад дотор эрхтнүүдийн зургийг хөндлөн зүсэлттэй авч болдог.
- Уушгины үйл ажиллагааны шинжилгээнүүд хийнэ. Уушгинд хэр хэмжээний агаар орж гарч байгааг тогтоодог. Зарим тохиолдолд спирометр хэмээх үлээдэг төхөөрөмжөөр оношилдог.
Хэрэв олон сарын турш амьсгаадах, өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж эхэлбэл эмчид хандах хэрэгтэй.
Эмчилгээ
Гуурсан хоолойн тэлэгдэх өвчний эмчилгээ урт хугацаанд явагддаг. Гол эмчилгээ нь уушгины цулцанг нөхөн сэргээх юм. Мөн цээжний физик эмчилгээ хийдэг.
Нянгийн мэдрэг чанар дээр үндэслэн антибиотик эмчилгээ хийх, хэсэг газрын гуурсан хоолойн тэлэгдэлт, цус алдалтыг мэс заслаар эмчлэх зэрэг арга хэмжээ авна.
Мэргэжлийн эмчид хандан тохирсон эмчилгээ, дэглэм мөрдөх нь эмчилгээний үр дүнд сайн нөлөөтэй.